Хотын төвийн албан байгууллага, үйлчилгээний газрууд 00-ын хаалгаа нээе

Улс төр

Улаанбаатар хотын хүн ам 1.7 саяд хүрсэн мэдээлэл бий. Үүн дээр орон нутгаас түр хугацаагаар  ирж буй хүмүүсийг нэмбэл хоёр сая өлхөн хүрэх нь. Ийм учраас Улаанбаатар хотод шийдвэрлэх ёстой түм буман асуудал бий. Тухайлбал, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл гээд шийдлээ хүлээсэн асуудлын урт жагсаалт хөвөрч байгаа билээ. Тэгвэл энд зөвхөн хөрсний бохирдол, 00 хэрэгцээний асуудлыг цухас хөндөх гэсэн юм. Улаанбаатар хотын гэр хороолол, хотын төвд ч шивтэр ханхалж хамар цоргих нь энүүхэнд.

Хотын төвд явж буй иргэдэд бие засах газар олдохгүй хавчигнаж явах нь харамсалтай. Албан байгууллага, цайны газарт ороод ОО-ийг хэрэглэе мөнгө төлөе гээд ч ёстой “нөү шүү дээ” гэсэн хариу сонсоно. Хотын төвд “Сити туалет” гэж нийтийн бие засах газар нээлтээ хийгээд олон жил өнгөрсөн ч өнөөг хүртэл ажиллаагүй. 00 асуудал ийнхүү хүндрэлтэй учраас булан тохио бараадаж байгаад амжуулдаг нь монголчуудын зан. Өөр яалтай ч билээ дээ. Хэдий болтол тэсч барьж чадах билээ. Өнөөдөр хашаа, харуул хамгаалалттай тулдаа л Засгийн газрын ордны булан тохиод морь харчхалгүй л байх шиг. Харин түүнийг тойрсон Соёлын төв өргөө, Дуурийн театр гээд хотын төвийн барилгуудын булан тохойноос шивтэр үнэртэх нь зуны халуун өдрийн нэг чимэг гэлтэй. Манайх шиг хотын төвийн барилгуудын булан тохионоос нь шивтэр үнэртээд байж байдаг улс хэд байдаг бол доо. Уг нь хотын төвийн албан байгууллагууд, үйлчилгээний газрууд  00 нээлттэй болгоод өгвөл хотын төвөөс шивтэр үнэртэхгүй болох боломжтой юм.

Орхон аймгийн туршлага ч бас үүнийг нотолно. Тус аймгийн Засаг даргын тамгийн газрын дарга Д.Соёлчхүү “Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, үйлчилгээний газрууд 00  нээлттэй байлгах, иргэд үйлчлүүлэх боломжтой болгох”  үүрэг өгчээ. Ингэснээр хотын төвийн барилга байшин, мод зүлгэ рүү иргэд морь харахгүй, шивтэр үнэртэхгүй болсон байна. Тэгэхээр Улаанбаатар хот ч гэсэн ийм шийдэлд хүрвэл хотын төвөөс шивтэр ханхлахгүй аятайхан цэвэр орчинтой болох боломжтой юм. Ойрын хэдэн жилдээ гэр хорооллын 300 гаруй мянган модон жорлонгоо цэгцэлж чадахгүй ч гэсэн хотын төвд 00 хайсан иргэд булан тохой бараадахгүй болчихвол мөн нэг дэвшил.

Халуун нартай өдөр хотын төвөөр явахад шивтэрийн үнэр хамар цоргиод төвөгтэй. Жаахан салхи дэгдвэл тоос шороотой холилдоод амьсгал давчдуулна. Ийм  агаараар амьсгалж байгаа хүмүүс яаж ч эрүүл байх билээ. Цар тахлаас гадна амьсгалын замын халдварт өвчин нэмэгдсэн гол шалтгааны нэг нь ердөө агаарын чанартай шууд холбоотой хэмээн эмч нар хэлж байгаа. Ийм учраас энэ зун хотын төвөө шивтэргүй болгоё. Хотын удирдлагууд, эвэртэн туурайтангууд минь хотын төвийн өндөр өндөр барилгууд, албан байгууллагууд, үйлчилгээний газрууд 00 нээж иргэдэд цэвэрхэн бие засахыг сануулаад оруулдаг болгоё.