Х.ӨЛЗИЙБАЯР: РЕДАКЦ, ХАМТ ОЛОН БҮРЭЭС СУРАЛЦСААР Л ЯВНА

Улс төр

Манай Өөжгий түмэнд хүртээлтэй нэгэн.  Ялангуяа, хэвлэлийн салбарт.  Сонин, сэтгүүл, телевизийн аль ч редакцаар яваад ороход  ерөнхий редактор эсвэл хариуцлагатай нарийн бичгийн дарга нар нь  ширээнийхээ араас үсрэн босч ирээд л   “Өөжгий ах аа  сайхан зусч байна уу.  Ямар ажлаар яваа юм бэ. Таныг ирснийг далимдуулаад редакцын шуурхайг  нэг хийгээд авдаг юм уу. Шинээр төгсч ирсэн нөхдүүдэд  үг хэлүүлмээр байна. Өглөөний шуурхай ч халуухан болдог байж билээ.Мөн ч авч өгдөг байж билээ. Миний  редакцын гал тогоог  сахиж яваагийн цаана та байдаг юм шүү дээ.  Дүүгийнхээ хийсэн нэвтрүүлэг, материалыг үзсэн уу. Та байсан бол ч шүүсийг минь шахах байсан байх даа” гэхчлэн  олзуурхангүй ярих редакторуудтай захаас аван таарах. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт 31 жил зүтгэхдээ  шинэковуудтай тулахдаа халширч үзээгүй нэгэн. Тэр хэрээр бусдын хайр хүндлэлийг хүлээх. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн  Хасбазарын Өлзийбаяр маань өнгөрсөн баасан гаригт төрийн дээд шагнал “Монгол Улсын Соёлын гавьяат цолоор энгэрээ мялаасан юм.     Орон нутгийн сонин,  МҮОНТВ,  өдөр тутмын сонины гал тогоог сахисан  шиг сахиж ирсэн түүнтэй баярынх нь өдөр уулзаж, ярилцсанаа   хүргэе. Уншигч танд   сонин байх нь дамжиггүй.  

-Төрийн  дээд шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Бусдыг шагнуулахад өөрөө хүртсэн мэт өмнөөс нь баярлаж явдаг таны сэтгэлийн үгийг сонсох сайхан байна?.

 -       Үнэхээр сайхан асуулт байна.  Төрийн шагнал хүртэх тэр мөчийг юутай ч зүйрлэмгүй юм байна.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсны дараа  “Монголын мэдээ” сонины сэтгүүл Хасбазарын Өлзийбаяр хэмээн албан байгууллагаар минь овоглож ирээд л дуудахад төрж өссөн нутаг ус, ижий аав, хамт олон нүднээ зурсхийсэн. Төр хөдөлмөр, зүтгэлийг минь олж харсан байна. Үүнээс илүү хүндлэл гэж хаана байх билээ. Яах вэ, шагнал минийх ч гэлээ  Монголын сэтгүүлзүй тэр дундаа миний ажиллаж ирсэн үе үеийн  редакц,  хамт олны хөдөлмөр бүтээлийн үр шим юм шүү дээ.   Тэртээх аугаа эх орны дайны ялалттай зэрэгцэн мэндэлсэн  “Ялалт” сонин, үндэсний телевизийн ММ агентлаг, “Ардчилал”, “Монголын мэдээ” сониноо яг  мөчид онцгойлон хүндэтгэх байна. Энэ  л хамт олны дунд бужигнаж, тэднээсээ сурч,  ахмад сэтгүүлчийн хувьд эргээд тэднийгээ сургаж,  сэтгүүлчийн дөр сууж явснаа  цаг ямагт санаж явах учиртай юм. Мөн намайг төрүүлж өсгөн амьдралын ухаанд сурган миний төлөө бүхнээ зориулж яваа ижийдээ, ханьдаа баярлаж сууна, ах нь.

-Таны үндсэн мэргэжил  монгол хэлний багш юм билээ.  Цаасан хэвлэлд монгол хэлний багш сэтгүүлч рүү хөрвөхөд  хичээл зүтгэл  хэрэгтэй гэж сонсч байсан. Харин телевиз бол цоо шинэ салбар. Гэтэл та  энэ салбарт хүлээн зөвшөөрөгдсөн редактор болтлоо өсч дэвжсэн нэгэн.

-Улсын багшийн дээд сургуулийн 1982 онд төгссөн нэгэн. Энэ сургуулийн  бүтээгдэхүүн. Монгол хэлний багшаар ажилласан тэр л үеэс  нутгийнхаа “Ялалт” сонины идэвхтэн бичигчээр ажиллаж эхэлсэн. Цаанаасаа өгөгдөлтэй нэгэн гэж хэлдэг дээ. Тийм  юм шиг байгаа юм.  Бүр оны шагнал  авч байлаа. Тэгээд л залуучуудын байгууллагаар дамжаад 1990 оноос хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж, шинэхэн  байлдагч бол байлаа. Монгол хэлний багш, сэтгүүлч  хоёр чинь үндэс  суурь нь нэг байдаг, их   ойр мэргэжил шүү дээ.

-Хөдөө, орон нутагт сонин, радио, телевизийн нэгдсэн редакц байгуулсан  анхны хүн нь та. Одоогоор бол медиа групп?

-Би 31 дэх  жилдээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.   Ардчиллын салхи  дөнгөж сэвэлзэн ид бужигнаж байхад аймгийн “Ялалт” сонины  сурвалжлагч болж улмаар гурван сарын дараа хариуцлагатай нарийн бичгийн дарга,  зургаан сарын дараа эрхлэгчээр нь томилогдож байлаа.  Сонины дөртэй болмогц  үүндээ урамшин 1991 онд сониныхоо дэргэд радиогийн студи,  дахин  нэг алхаад телевизийн студи байгуулсан.  Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дорноговь аймагт  хөдөө, орон нутагт байгуулагдсан  хамгийн анхны нэгдсэн редакц  хэмээн шуугиж байв.   Мөнгөний ханш хэдэн зуу дахин унасан тул  техник тоног төхөөрөмж олох, худалдан авах, хүмүүсээ цалинжуулах гээд ёстой л худлаа хэлэх хулгай хийхээс бусдыг  хийсэн шүү.  Хэвлэл радиогийн нэгдсэн төв гэдэг байгууллагаа долоон жил авч яваад Үндэсний телевиз хэмээх их айлын босгыг алхах аз тохиосон юм.

-ММ агентлагт бас удсан шүү.  Хэдэн жил ажилласан бэ...

-Орон нутгийн сонины  эрхлэгчээр ажилласнаас өөрөөр туршлага гэх юмгүй намайг МҮОНТВ гэх их айл намайг найман жил тэжээсэн шүү.  

-Телевизийнхэн өөрийг чинь “гаргагч Өөжгий” гэцгээх юм билээ....

-Гаргагч гэдэг чинь сониноор бол дугаарын удирдагч.   Ингэж л яриад сурчихсан болохоос яг албан тушаал нь ахлах редактор шүү дээ.   Тухайн өдрийн мэдээ, “Цагийн хүрд” хөтөлбөрийг хариуцна. Хүмүүсээ ажилд хуваарилна, хэнээр  өдрийн гол сурвалжлага хийлгэх вэ гээд л. Тэр үед  унаа машин, камер, тоног төхөөрөмж өнөөдрийнх шиг нэг, нэг юм бариад гарах хэмжээний биш шүү дээ.  Заримдаа сэтгүүлч, сурвалжлагч нар нь камераа дундаа хэрэглэн  хамтдаа явж ээлжлэн мэдээ сурвалжлагаа  бэлтгэнэ. Гэтэл цаг үеийн мэдээ мэдээллүүд хөвөрнө. Ахлах редакторын хувьд одоо тийшээ яв, тэнд ийм үйл явдал болж байна гээд л ажил хуваарилна. Тасралтгүй найман жил их айлын гал тогоог манасан даа. Жинхэнэ сэтгүүлзүйн мундагцуудтай мөр зэрэгцэн ажиллаж, тэднээс их зүйл сурсан. Бас  дөнгөж сургууль төгссөн залуучуудаас   сурсан зүйл их.   Энэ  бүхэн  сэтгүүлзүйн, тэгээд телевизийн сургууль ном үзээгүй  надад жинхэнэ сургууль, дадлага болсон хэрэг.  

- Яаж яваад өдөр тутмын сонины хүн болов. Эсвэл бүх салбарт нь ажиллаж гэмээнэ жинхнээсээ хэвлэлийн хүн болно гэсэн таны шийдвэр үү?

-Мянганы замын тухай нэг сурвалжлагаас болсон юм аа. Уг нь  Засгийн бодлогыг дэмжин,  сурталчлах үүргээ л биелүүлсэн юм. Гэтэл яриа өгсөн замын  инженер  бэрхшээл тоочихгүй юу. Тэр нь эрх баригчдад таалагдсангүй. Үүнээс болж  засгийн бодлогыг шүүмжилсэн хэрэгт унаж,  улс төр мэдээллийн агентлагт байж таарахгүй этгээд хэмээгээд намайг  өөр редакцад шилжүүлсэн хэрэг.    Тэнд нь ч  нэг их   идээшсэнгүй. Тэгээд өдөр тутмын “Монголын мэдээ”  гэдэг сонины босгыг алхсан.  Яах вэ,  өмнө нь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины орон нутаг дахь сурвалжлагчийн ажлыг хавсран хийж байсан маань надад хэрэг болсон. Өдөр тутмын сонины  гал тогоо  их өөр. Дахиад л суралцах шаардлагатай болсон. 

- “Ардчилал” сонины  шанг  таталцсан цөөн хүний нэг нь та?

-Яах вэ.  Аз тохиосон хэрэг.  Анхны дугаарыг нь өлгийдөж авсан хүмүүсийн нэг нь би. Ц.Цолмон эрхлэгч,  Б.Батбилэг  хоёр маань хөл дээр босгох гэж их ч хичээсэн дээ. Дөнгөж их сургууль төгссөн, зарим нь дипломоо ч аваагүй залуусыг сонины сэтгүүлчийн дөртэй болгох гэж их ч ноцолдсон.  Эхний хэдэн дугаар  шөнийн 03 цаг хүргэж бууж байлаа шүү дээ.  Өдөр тутмын сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг чинь гал тогоогоо  хариуцдаг албан тушаал.  Нэг үгээр бол найрал хөгжмийн удирдаач. Аль хөгжмийг чанга дуугаргах, ая дан, өнгө хоршлыг нь зөв тааруулах..Түүнийгээ сурвалжлагч,  сэтгүүлчдээр  хэрхэн яаж хийлгэх, донжийг нь тааруулах гээд бүхнийг хариуцна.

-Тэнд очоод тийм өрөө тасалгаанд суух  тэр гэдэг хүнээс ийм, ийм юм асуу гээд л чиглүүлдэгсэн?

-Өмнө хэлсэн шиг сонины дугаарын ерөнхий чиг гарчихсан бол тэр бүхнийг  өнөө хэдэн сэтгүүлчиддээ   захиална шүү дээ. Тухайн үед сурвалжлагчид маань залуу, албан байгууллага, ажил хариуцсан хүмүүсээ мэдэхгүй. Тиймээс  тэр бүхнийг яг таг хэлж өгөхөөс л аргагүй. Ер нь хариуцлагатай нарийн бичгийн дарга, дугаарын эрхлэгчдийн хүлээх  үүрэг нь энэ  л дээ. Хөөрхийс гэж,  жаахан хатуу зэмлэдэг, өндөр  дуугарч байсан байх аа.  Тэгээд ч хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд нэр нь хүртэл хариуцлагатай байхыг шаарддаг албан тушаал л даа.

Ер нь өдөр тутмын сонины редакц чинь  амьдрал буцалж байдаг газар шүү дээ. Хүн маш их зүйл сурдаг....”сэтгүүлч хүн бүхнийг мэддэг..” гэдэг чинь эндээс үүдэлтэй...

-Үнэхээр бүхнийг мэддэг гэж үү?

-Дэлхийн том, том хэвлэлүүдийн  редакц нь олон хүнтэй. Нэг сурвалжлагч нэг л салбар хариуцдаг, тэгээд түүгээрээ бүр мэргэшээд мэргэжлийн хүн шиг болчихсон байдаг.  Манай улс хүн цөөнтэй, реакцууд тэр хэрээр цомхон.  Нөхцөл ийм тул  Монголын сэтгүүлчид юм юм л хариуцна, юм юмны тухай бичнэ. Ямар ч мэргэжлийн хүнтэй уулзсан тухайн  салбарынх нь талаар  яриад байдаг. Үүнийг л сэтгүүлч хүн бүхнийг мэддэг байх ёстой  юм байна  гээд ойлгоод байгаа хэрэг.Үнэндээ  нарийвчлаад ярих гэвэл юугаа мэдэх вэ дээ, ямар  мэргэжлийн хүн биш. Түүнийг нь сэтгүүлч хүн юу ч мэддэггүй гэдэг. Үүнээс л “Сэтгүүлч хүн бүхнийг мэддэг, бас юу ч мэддэггүй” гэсэн үг гарсан болов уу.  

Ер нь сэтгүүлч хүн маш их уншиж байх ёстой. Одоо  интернет, холбоо харилцаа сайжирчихлаа. Сурвалжлагад явахын өмнө, явж ирээд төрөл бүрийн мэдээлэл цуглуулаад олж авснаа баяжуулах боломж дүүрэн болсон үе. Ийм боломж  бүрдчихсэн үед сурвалжлагч хүн “уринш гэж ямар ногоо байдаг юм” гэх юм уу, Ерөнхий сайдаас “та нэр албан тушаалаа хэлнэ үү” гэж арай болохгүй биз дээ.

-Таны нийтлэлийг уншихаар гадаад, дотоод мэдээлэл хольж  сүлээд, жишээ татаад  Монголоор бол сайхан хийцтэй сүүтэй цай уусан шиг  мэдрэмжийг  төрүүлэх нь бий?

-Үгүй яах вэ. Бид чинь бүхэлдээ нэг л дэлхийн эд эс. Даяаршиж байгаа энэ ертөнцөд   улс орон, ард түмний  жаргал, зовлон нэг л юм. Тэгэхээр манайд болж байгаа үйл явдал, бэрхшээл зовлон, сайн сайхныг чинь бусад улс орон, ард түмэн туулаад ирсэн байдаг юм байна. Тэгэхээр энэ бүхнийг тэндээс нь хайж олоод төдийд тэнд тэгж байсан гэх мэтээр шигтгээ хийгээд өгвөл уншигчдад сонирхолтой байх болов уу л гэж санадаг. Нөгөө талаар уншигчид маань энэ бүхнээс мэдээлэл олж авч, тэр нь сургамж болно шүү дээ. Сонгуулийн булхай луйвар гэхэд л сонгодог жишээнүүд байна. Либерид 1927 онд болсон сонгуулиар нийт сонгогчид нь 15 мянга байсан хэрнээ  ялагч нь 234 мянган санал авч “сонгуулийн хамгийн шилдэг булхай луйвар” хэмээн алдарт дээд амжилтын  Гиннесийн номд орсон байх жишээний. Ийм “амжилт”-ыг Белорусс, манайх, гээд аль ч улс өнөө болтол арай давтаагүй л байна.

-Сэтгүүл зүйн өнөөгийн өнгө төрхийн талаарх  таны бодол....

-Би нэг их үнэлэлт дүгнэлт өгдөг судлаач юм уу, дарга даамал биш л дээ. Нэг  талаас нь харвал манайд чөлөөт хэвлэл ямар нэг хэмжээгээр төлөвшиж, хөлөө олчхож.  Телевизүүд, сонинууд өөр өөрийн гэсэн өнцөгтэй бичиж нийтэлж чадаж байна. Зөрчлийн тухай хууль энэ тэр гээд шахаад байхгүй л бол.

Нөгөө талаас  маш сонирхолтой цаг үед ирчихлээ.

Ухаандаа телевиз бол маш нарийн урлаг шаарддаг   мэдээллийн хэрэгсэл. Маш олон хүний хамтын бүтээл байж сая үзэгчид хүрдэг зүйл. Өөрийн гэсэн ёсзүй, үзүүлэх арга хэлбэр, донж хэв маягтай. Сонин мөн ялгаагүй хэдэн гар дамжиж байж нэг мэдээлэл, өгүүлэл уншигчдын гар дээр бэлэн бүтээгдэхүүн болж очдог. Тэр нь сурвалжлага, найруулал, мэдээ мэдээлэл, өгүүлэл гээд өөрийн гэсэн төрөл жанртай.

 Гэтэл өнөөдөр хэн дуртай хүн олон нийтийн сүлжээгээр лайв хийдэг, хэн бичиг үсэгтэй нь сүлжээнд хэн нэгнийг муулсан, магтсан материал оруулдаг боллоо. Үзэгч, уншигчид маань үнэн худлыг нь мэдэхгүй бүр төөрөлдөж орхилоо шүү дээ. Хэрэглэгчид  олон нийтийн сүлжээтэй одоо л танилцаж байна, сонин дээрээ соохолзоно гэгч болж байгаа биз. Аажимдаа мэргэжлийн сэтгүүлзүй, баталгаатай эх сурвалж, аль сонин  хэвлэл, аль сайт жинхэнэ үнэн зөв мэдээлэл дамжуулдаг вэ гэдгийг ялгаж салгадаг болно л доо.

-Алив үйл явдлыг сайтууд тэр дор нь, телевизүүд орой нь,  сонинууд маргааш нь мэдээлдэг. Уншигч үзэгчид олон нийтийн сүлжээнээс, дээрх хэвлэлүүдээс аль хэдийнээ олоод мэдчихсэн байхад сонин маргааш нь “мэдээлдэг”. Үүнээс болоод мэдээллийн хэвлэмэл хэрэгслийн тухай яриа байдаг?

-Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл хэрэггүй гэдэг үү.Өөрөө анзаарч байгаа л байх. Өдөр тутмын сонинуудын нэг, хоёр дугаар нүүр үйл явдлын мэдээнүүд голлодог нэгэн үе байсан даа. Хаана хэзээ, хэн гээд өнөө л таван асуултын хариу. Одоо өдөр тутмын сонинуудыг аваад хар даа. Ийм мэдээ бараг байхгүй  болсон байгаа биз дээ. Тэгэхээр мэдээллийн хэвлэмэл хэрэгсэл чинь уншигч, үзэгчдийн олон нийтийн сүлжээнээс, телевизээс, сайтаас олж авсан тэр товч мэдээллийн учир начир, эх сурвалж энэ тэрийг нь ёстой нөгөө учрыг нь олоод, хужрыг нь тунгаагаад дэлгэрүүлээд хэлээд өгч байгаа юм. Иймдээ ч  сонин бүр өөр өөрийн үнэнч уншигчтай, итгэлтэй түнштэй. Уншигч “ Монголын мэдээгээ захиална аа” гэж байгаа чинь энд үнэн юм бичдэг, ямар учиртайг нь бүүр нэг голоор нь эх үүсвэрээс нь олоод бичдэг юм гэж итгэж байгаа нь тэр. Мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл олширч, үнэн худал нь мэдэгдэхгүй, зарим үед улс төржөөд үйл явдлыг өөр өөрийнхөөрөө ярьж бичдэг үед сонин чинь хэрэгтэй биз дээ. Сайт бий болоод хэдий жил болж байна, олон нийтийн сүлжээ, телевизүүд бий болоод хэдий удав. Сонинууд гарсаар л байгаа биз дээ..

-Тантай бараг 15 жил хамт ажиллалаа. Аль нэг аймаг, сумын тухай яриа гарахад та “Аан нээрээ тийм..”гээд ярьж байдаг. Олон аймаг сумаар явсан уу?

-Эх орныхоо 21 аймагт бол бүгдэд  нь очиж ээ. Сумдаас бол базаагаагүй ээ, 170 шахам сумаар явсан  байх. Зарим аймгийн бүх сумаар явсан бол заримынх нь талаар, заримд нь нэг ч суманд нь очиж үзээгүй байх жишээний. Зарим суманд хонуут өнжүүтээр очиж байсан бол заримаар нь дайраад өнгөрч байж. Энэ бүхэн чинь энэ л ажил мэргэжил, хэвлэл мэдээллийн байгууллагын минь ач буян шүү дээ. Сумын нэр нь гол биш, энэ далимд чинь эх орныхоо сайхан байгальтай танилцана. Мэнэнгийн уудам талаас  Алтай таван богд, Байтаг богд, Сэлэнгэ мөрний сав, Өмнийн цэнхэр говь, Алтай нурууны шувтарга гээд л. Заримд нь  дүн өвлөөр цасан нөмрөгтэй байхад  нөгөөд нь  цул ногоон хивс дэлгэчихсэн байхад нь , Сэлэнгийн Хүдэрт гэхэд л алтан намраар модод нь өнгө өнгөөр алагласан цагаар, говийн зарим сумдад ид шороо шуурч байдаг хаврын цагаар очиж байж дээ.

-Шороо шуурдаг говь гэхээс өөрөө Дорноговь аймгийн Хатанбулаг сумынх. Эргэлийн зоо, Сулин хээрийн тал.....

-Ай юу хэлэх вэ.....Эртний үлэг гүрвэлүүдийн өлгий болсон Эргэлийн зоо гэдэг тэр их хайрханы өвөрт төрсөн хүн. Нэг өртөө буюу 30 гаруй км үргэлжлэн тогтсон, онгоцоор явахад дэлгэж дэвссэн гудас шиг харагддаг  тэр их хайрханыг  Алтайн нурууны төгсгөл ч гэдэг. Дээр нь гарахад  алсын бараатай сайхан шүү.Хаа очиж тэр их дэвсэг талбартаа ус худаггүй болохоор айл мал нэг их шаваад байдаггүй, онгон. Хүмүүс хүндэтгэл үзүүлж л оройд нь гардаг. Тэнд төрж,  зэргэлдээ Хөвсгөл сумын сургуульд сурч байсан. Манай нутагт бол шороо ч ёстой шуурна шүү дээ. Одоо улам цөлжөөд байгаа юм уу, бүр сүртэй угалз хүртэл болдог болж.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 14. Даваа. №079 (5484)

#ЯрилцахТанхим