ЗАХИАЛСАН ӨРСӨЛДӨГЧТЭЙ, МЭТГЭЛЦЭЭНГҮЙ СОНГУУЛИЙН МАРГААШ

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хэдхэн хоногийн өмнө  болж өнгөрлөө.  Тодруулбал, энэ сарын 09-нд. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхмээс МАН-ын дарга У.Хүрэлсүх 820 мянган хүний санал авч ялалт байгуулсныг СЁХ зарласан.  Энэ удаагийн сонгуульд санал өгөх нэрсийн жагсаалтад хоёр сая иргэн бүртгэгдэж, тэдний  1.2 сая нь санал өгсөн гэж байгаа. Ингээд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 25-нд 11:40 цагт тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орох товийг УИХ батлаад байна. Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон онцлогтой болж өнгөрлөө. Тухайлбал, Ерөнхийлөгчийн найм дахь  удаагийн сонгуулиар сонгогдож буй зургаа дахь Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай ажиллана. Зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн хүрээнд сонгууль боллоо.

Иргэд Ерөнхийлөгчийн сонгууль амттай “гал гарсан” өрсөлдөөнтэй болж чадсангүй хэмээн цахим хуудастаа нийтлэж байна. Тэгэхээр  иргэд Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ гэж ойлгож болох юм. Сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед болж өнгөрсөн нь сонгуулийн өрнөл, үйл явдалд нөлөөлсөн гэж үзэх тал ч бий. Учир нь Ерөнхийлөгчид  “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа цар тахлын халдвар авч эмнэлэгт хэвтсэн явдал гарсан. Иймд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нар зургадугаар сарын 7-нд халз мэтгэлцээн хийж чадсангүй. Энэ халз мэтгэлцээн цуцлагдахад иргэд нэлээд бухимдав. Дөрвөн жил хүлээсэн халз мэтгэлцээн болсонгүй. Ийм сонгууль гэж юу байсан юм бэ. Халз мэтгэлцээн хийдэггүй Ерөнхийлөгчийн сонгууль утаггүй юм гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж, зарим нь нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, бодлого ярьж мэтгэлцсэн бол илүү байх байлаа хэмээн бухимдсан удаатай. Ийнхүү халз мэтгэлцээн өрнөөгүй нь энэ сонгуулийн бас нэг онцлог байж мэднэ.  

Үүнээс гадна МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ямар өрсөлдөгчгүй сонгуульд эртнээс бэлтгээд орж ирлээ гэсэн үзэл бодол ч цахим орчинд нэлээд тарсан. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нам дотрох М.Энхболдыг фракцыг эхлээд “нугасалсан”, дараа нь өрсөлдөгч намаа намнах ажиллагаа зохион байгуулсан гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  Монголын улс төрийн томоохон хүчин АН-ыг хагалан бутаргаж юу ч биш болгоод зогсохгүй  хамгийн сул өрсөлдөгчийг өөртөө  захиалсан. С.Эрдэнэ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшвэл У.Хүрэлсүх олонхийн санал авах нь тодорхой гэдэг яриа ч сонгуулийн өмнө хуурай өвсөнд тавьсан түймэр шиг тархсан  билээ. Мөн  “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатыг ард түмэн танихгүй. Олны танил  улс төрч биш учраас У.Хүрэлсүхэд бас л  зөөлхөн боорцог  байсан нь мэдээж.  Монголчууд олны үг ортой гэдэг. Яг л ард түмний, иргэдийн дүгнэж цэгнэж байснаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүй сонгуульд өрсөлдөж ялалт байгуулав. Тэгэхээр эртнээс найруулсан тоглолт яг зохиолын дагуу өрнөж гол дүрийн эзэн мөрөөдлөө биелүүлжээ гэхэд хилсдэхгүй нь.

 Сонгогчдын өгсөн саналыг  харсан ч яг ийм дүр зураг тодорч буй юм. Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ зургаан  хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэг онцлог нь “Цагаан сонголт” байлаа. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Цагаан сонголт”-од ялагдлаа гэж цахимаар бас шуугиад авсан. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн С.Эрдэнэ, “Цагаан сонголт” хоёрын дунд боллоо гэх хүмүүс ч цахим орчинд нэлээд гарсан. Тэгвэл  саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 937  хүн өгсөн нь нийт саналын 5.92 хувийг эзэлж байгаа юм. Иймд АН-аас нэр дэвшигч, “Цагаан сонголт” хоёрын хувийг хархад үнэхээр л хоорондоо өрсөлдөж дээ гэж харагдахаар байгаа юм.

Сонгуулийн сурталчилгаа ч ажин түжин, орон нутгийн хэдэн уулзалтаар хязгаарлагдаад өнгөрсөн. Энэ нь цар тахлын нөхцөл байдалтай ч холбоотой гэдэг нь тодорхой. Гэвч арай л нам жим сонгууль болоод байна. Монголчууд Ерөнхийлөгчөө сонгох билүү, яах билээ гэсэн үзэл бодол ч цахим орчинд чамгүй явсан. Өмнөх сонгуулиудыг харвал сурталчилгааны сонин, сэтгүүл өдөр бүр айлуудаар ирсэн, нэр дэвшигчдийн хөрөгтэй самбар гудамж талбайгаар ярайсан арай л “аархуу” сонгууль болдог байж билээ. Бас болоогүй бие биендээ цусны шинжилгээ хийж эрлийз, хурилызаар дуудалцаад л. Мөн элдэв янзын нууц бичлэг задраад, халз мэтгэлцээний үеэр хөлөө арчаад үзэлцдэг байж. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэгсэнгүй. Үүний учир нь У.Хүрэлсүх өрсөлдөгчдөө захиалчихсан, ялах нь тодорхой байсан учраас ажин түжин сонгууль боллоо гэсэн дүгнэлтийг иргэд хийгээд байна.  

У.Хүрэлсүхийн улс төрийн замналыг  сонирхоё. Тэрбээр цэргийн сургууль төгсөөд 1989-1990 онд  Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор томилогджээ. Үүний дараа 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар очсон байна. Энэ үеэс л МАХН буюу өнөөгийн МАН-д зүтгэж ирсэн нэгэн. Түүнийг МАХН-ын “Улаан хамгаалагч” гэдэг. Тэрбээр МАХН-ын залуучуудын байгууллага Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч2000-2005 онд ажилласан. Энэ үед УИХ-ын залуухан гишүүн байлаа. Тэгээд “МАХН-аа хамгаална. Манай намыг хэн ч доромжлох ёсгүй” хэмээн толгойгоо цагаан алчуураар боож  намынхаа залуусыг дагуулаад Сүхбаатарын талбайд жагасч явсан нэгэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр ид чанга “хатуу самар” байх үед түүний төлөө У.Хүрэлсүх зүтгэж явсан ч “та төр бариад байна уу. таны эхнэр төр бариад байна уу” хэмээн УИХ-ын чуулган дээр асууж явсан нэгэн. Үүнийхээ хариуг ч чамгүй хүртэж “аавын халга татах”-даа тулсан удаатай. Н.Энхбаярыгаа туурга тусгаарлаж МАХН гэсэн намаа аваад явахад нь гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол яах аргагүй У.Хүрэлсүх. Тэрбээр тухайн үед МАХН буюу өнөөгийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг. Гэсэн хэдий ч өнөөдөр Н.Энхбаяртайгаа нийлж Ерөнхийлөгчийн сонгуульд түүний намаас буюу МАХН-аас нэр дэвших байсан С.Ганбаатарыг болиулж чадсан билээ. Энэ нь түүний Ерөнхийлөгч болох замаа зассан, хүчтэй өрсөлдөгчөө зайлуулж чадсан  бас нэгэн уран нүүдэл нь юм. Үүнээс өмнө 2014 онд МАН төрийн эрх барих үед Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа л намын дарга, Ерөнхий сайд болох хүслээ гүйцээх бараг хувьсгал шахуу юм ярьж байж гүйцээсэн. Өөрөөр хэлбэл УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд Ерөнхий сайд, улмаар Ерөнхийлөгч болох замаа богино хугацаанд засч чадсан. УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцыг дарж өөрөө Ерөнхий сайд болох амаргүй давааг богино хугацаанд хийж чадсан нэгэн. Тодруулбал, М.Энхболдтой Монгол Улс, МАН муухай харагдаад байна гэсэн аян эхлүүлж, УИХ-ын чуулганы хуралдааныг 40 гаруй хоног бойкотлон саатуулж байж 2017 онд санасандаа хүрч Ерөнхий сайд болсныг ард түмэн мартаагүй нь лавтай. Тухайн үед манай нам ЖДҮ-дэнэ, 60 тэрбумдана энэ бүх муухай зүйл УИХ-ын дарга М.Энхболдтой холбоотой хэмээн хэлж ярьж байсан билээ. Нэг ёсондоо албан тушаалаа ашиглаж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мөнгө авах, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж сонгуульдсан гэдэг хэргийн эзнийг зарлаж хариуцлага хүлээлгэх хөдөлгөөн өрнүүлсэн нь тэр юм. Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зэрэг залуу гишүүд нь У.Хүрэлсүхийн өнөөгийн замыг засч өгөхөд гарч бие оролцсон гэж хэлж болох юм. Ерөнхийлөгч болохын тулд шинэ он гарсны дараа нөмгөн эмэгтэйд тохиолдсон асуудлаар шалтаглаж Ерөнхий сайдын суудлаа нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэд өгчхөөд алга болсон. Гэвч өнөөдөр Ерөнхийлөгч болоод гараад ирлээ.

Ямартай ч сонгууль болдгоороо болж МАН 12 жилийн дараа Ерөнхийлөгчтэй боллоо. Харин ирэх зургаан жил У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. Олон улсын харилцааны судлаач,  доктор Д.Баярхүү “Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын харилцаанд шинэ эргэлт авч ирсэн. Хоёр хөршийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан. Харин дараагийн Ерөнхийлөгч үүнийг үргэлжлүүлж чадах болов уу. Уг нь төрийн залгамж чанар гэж айхтар зүйл бий дээ” хэмээсэн байгаа юм. Эндээс харвал У.Хүрэлсүхэд гадаад бодлогын ололт амжилтыг бататгах үүрэг ногдож буй бололтой. Мөн өдрөөс өдөрт, хатуу хөл хорионы улмаас ажил, орлогогүй болсон иргэд шинэ Ерөнхийлөгчөөс олон зүйл хүсч хүлээж байгаа. Ерөнхийлөгч ч гэлтгүй МАН ирэх жилүүдэд яаж ажиллахыг иргэд амьсгаа даран харах болно. Энэ намд төрийн бүх эрх мэдэл очлоо. Ирэх 2024 онд ямар дүн тавиулахаа тэд л мэднэ. Адаглаад муу муухай бүхнээ аргалаад чихчихдэг АН нь өнөөдөр амьтай голтой үлдэж хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй байгаа. Тэгэхээр МАН-д төрийн бүх эрх мэдэл авсан амжилт өнөөдөртөө байна. Цаашдаа  ирэх дөрвөн жилд улс төрийн тавцангаас арчигдах уу, амжилтаа бататгаад үлдэх үү гэдэг нь өөрсдийнх хэрэгжүүлэх бодлого, үүргээ ухаарсан хэрсүү үйлдлүүд л харуулах болж дээ.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 14. Даваа. №079 (5484)

#ҮзэлБодол