Д.МАНДАХНАРАН: PFIZER ВАКЦИН ХҮҮХДҮҮДЭД 100 ХУВИЙН ҮР ДҮНТЭЙ БАЙГАА

Нийгэм, Эдийн засаг

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран хүүхдийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "АНУ, Израил зэрэг улс том хүнд хийхэд үр дүнтэй байсан вакциныг хүүхдүүдэд хийхээр судалгаа шинжилгээ явуулж байгаа. АНУ Pfizer вакцинаар 12-16 насны хүүхдийг вакцинжуулахаар мэдээлэл гаргаад явж байгаа. Ковид нь дархлаажуулаагүй хүмүүсийн дунд өндөр тархаж байгаа. Pfizer вакцины хувьд насанд хүрэгсдэд 95 хувийн үр дүнтэй, хүүхдүүдэд 100 хувийн үр дүнтэй гэж судалгаагаар тогтоогдсон" гэв.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс өгсөн мэдээллээр Pfizer вакцины хүүхдүүдэд үзүүлэх хариу урвал нь том хүнийхтэй адил байжээ. Вакцины хариу урвал 7 хоногийн дотор арилна.

Pfizer вакциныг 12-16 насны хүүхдүүдэд хийхэд 100 хувийн үр дүнтэй байгаа аж. Хүүхдүүдээ халдвараас хамгаалж, хичээл сургуулийг нь эхлэхэд айх айдасгүй явуулахын тулд вакцинжуулах тал дээр манай улс мөн Pfizer вакциныг захиалж, судалж байгаа юм.