НААДМАА МӨН Ч ИХ ХҮЛЭЭЖ БАЙНА ДАА...

Улс төр

Монгол хүн хэзээ ч бие биенээсээ энэ жил наадам болох уу гэж асууж байсангүй. Газар дэлхий өнгө сүлээд ирэхээр эр, эмгүй л наадмын бэлтгэл хийж эхэлдэгсэн. Гаанс нэрсэн хөх өвгөд сум, аймаг, улсын түрүү морины таамаг ярьж хэний уяаны морьд өнгөтэй, сайхан байгаа талаар хуучилдаг бол нутаг нутгийн бөхчүүд эр бяр, элдэвтэй уран сайхан барилдааны талаар домог хууч дэлгэж байдагсан. Харин өнөөдөр “Энэ жил наадам болох уу” гэсэн үг чиний үзүүр шүргэлээ. Болох байлгүй дээ. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж уламжлалт баярууд хоёр жил шахам зогссон гэж хэлж болно. Энэ жилийн хувьд Улс хувьсгалын 100 жилийн ой, болон олон тэгш ойтой олонтой. Нөгөөтэйгүүр сонгуулиа хийж чадаад байгаа төр засаг баяр наадмаа зохион байгуулчих байлгүй дээ.Өнгөрсөн жил оёсон наадмын шинэхэн дээл нугалаасаа задлаагүй өдий хүрсэн хүн ч байгаа байх. Корона вирус гэж ярьсаар Энэ жилийн хувьд битүү уяатай байгаа болохоор хурдан моринд таамаг гаргахад уяачдад нэлээд хэцүү байгаа аж. Учир нь хэний ч хурдан буян төр түмнийхээ их баяр наадамд торгон жолоо өргүүлэх магадлалтай аж.

Харин бөхийн хувьд хоёр жил шахам бэлтгэл сургуулилалт дутмаг байгаа болохоор энэ жил залуу иртэй бөхчүүд таамагт нэлээн дээгүүр бичигдэж байгаа сураг байна. Хойтон жилийн наадам хол байна даа хол байна гэж ярьдаг. Тэгвэл  жил өнжсөн наадам болохоор хүн бүхэнд хүлээлт үүсгээд байгаа энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр болох нь мэдээж. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийтийг хамарсан эсвэл хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэсэн шуурга цахим ертөнцөөр тархсан ч хүн бүхэн баяр наадмаа хүлээж байгаа.

Зарим нь хүссэн ч эс хүссэн ч наадмаа хийнэ гэх. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдээс илүүтэйгээр аялал, зугаалга нэмэгдэх хандлага их байгаа. Хүй долоон худгийн торгон ногоон дэнж дээр Равсал панз шиг хөндлөн гулд давхиж, хөл хөөртэй найр хийхгүй ч монгол хүн бүхэн наадамдаа хайртай, дуртай. Бөх нь найраатай, морьд нь луйвартай гэж шүүмжлэл дагуулдаг ч ядаж л бөөрөнхий хуушуур идэж байж “наадам”-даа цаддаг ард түмэн гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох уяачид хурдан морио барилах сураг байна. Энэ билэг дэмбэрэлт сайн өд­рийн цаг нар бүхнийг уяачид бэлэгшээж суугаа. Харин бөхчүүд энэ сарын 10-наас эхэлж гал галаараа нэгдэж бэлтгэлдээ гарах гэнэ.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн “Жавхлантийн Хүчтэн” бөхийн холбооны бөхчүүд бэлтгэлдээ гарах бэлтгэлээ аль эрт хангажээ. Энэ бүхнээс харах юм бол хонон өнжин хүлээдэг баяр наадам хаяанд ирлээ. Хүн бүхэн амны мааска хаячхаад ам дүүрэн наадмын сонин сайхан хөөрөлдөх цаг удахгүй бололтой. Үнэндээ Монгол түмэн анх удаа наадмыг ийм удаан хүлээж үзээгүй. Өнгөрсөн наадам хүлээсэн өдрүүд хүн бүхэнд мөн ч олон зүйлийг ойлгууллаа даа.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 10. Пүрэв. №078 (5483)

#Дугаарын60мөр