Х.ЭНХЖИН: КАНАД УЛСЫН НЭГ ЖИЖИГ ХОТ РУУ ТАВАН ЦАГИЙН НИСЛЭГИЙГ ГАНЦААРАА ҮЙЛДЭЖ БАЙСАН

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын агаарын тээвэрт нисгэгчийн эрхээ авсан, өнөө цагийн ганц эмэгтэй нисгэгч Х.Энхжинтэй ярилцлаа.

Монголын агаарын тээврийн салбарт 1934 оноос эмэгтэй нисгэгчид ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 12 эмэгтэй нисгэгч агаарын хөлгийг жолоодож байсан бол Х.Энхжин 2019 онд анхны бие даасан нислэгээ үйлдэж 26 жилийн дараа 13 дахь эмэгтэй нисгэгч болсон юм.

 

-Нисгэгчийн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Би багаасаа л нисгэгч болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Тийм ч учраас хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд нисгэгч мэргэжлийг сонгосон. Үүнд гэр бүлийнхэн маань бас нөлөөлсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл, эмч хүний хүүхэд эмч болдог шиг миний өвөө нисэхийн удирдагч хүн байсан, мөн ээж минь нисэхийн салбарт ажилладаг учраас агаарын тээврийн салбарт илүү их дурласан.

-Хамгийн анхны бие даасан нислэгээ хаашаа хийсэн бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсан вэ?

-Бие даасан анхны нислэгээ одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 16-нд Өмнөговь аймаг Оюутолгой руу хийж байсан. Тухайн үеийн мэдрэмжийн хувьд Оюутолгой руу өмнө нисэж байсан учраас чиглэл танил байсан. Харин анхны бие даасан нислэг гэсэн утгаараа надад маш их хариуцлага нэмэгдэж байна гэж бодсон. Бие даасан нислэгээ үйлдээд дууссаны дараа нисгэгч боллоо гэсэн утгыг илэрхийлж байсан учир онгоцноосоо буух үед маш сайхан санагдаж байсан.

-Нисгэгч мэргэжил бол олон хүний амь насыг хариуцсан маш хүнд мэргэжил. Энэ утгаараа олон шалгуур, шат дамжлагыг даван гарч байж нисгэгч болдог. Таны хувьд нисгэгчийн эрхээ авах хүртэл хугацаанд ямар ямар шалгуур, хүндрэл бэрхшээлийг даван гарсан вэ?

-Нисгэгч болох үе шат нь хүн хүнээс шалтгаалаад янз бүр байдаг. Хаана, ямар сургуульд сурахаас шалтгаалаад  цаг хугацааны хувьд өөр өөр. Миний хувьд Канад улсад дөрвөн жил боловсрол эзэмшсэн. Энэ хүртэлх хугацаанд туулсан хүндрэл бэрхшээлийн хувьд нисэхийн анхны сургалт болоод эхний нислэгүүдийг хийхэд учраа олохгүй хүнд байсан. Гэхдээ тэр бүх хүндрэл, бэрхшээлүүд тулгарна гэдгийг анхнаасаа мэдэж байсан учраас сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэж тэдгээрийг даваад гарсан.

-Канад улсад нисгэгчээр суралцаж төгссөн гэлээ. Хэдэн орны хэдэн хүүхэд дундаас төгсөж чадсан вэ?

-Миний сурч байсан сургуульд олон орны хүүхдүүд тийм ч их байдаггүй ихэнх нь канад оюутнууд байдаг байсан. Анх 100 гаруй хүүхдүүдтэй хамт элсэн орсон ч 30 нь л сургуулиа төгсөж чадсан. Хүүхдүүд ер нь нисэхийн үе гэхээс илүү академик үе буюу математик, хими, физик үзэж байх үедээ маш их хасагддаг.

-Аль ч салбарт жендерийн асуудал яригддаг ялангуяа нисгэгчийн хувьд энэ нь илүү их харагддаг?

-Монгол Улсад гэлтгүй дэлхийн бусад орнуудад ч эмэгтэй нисгэгч цөөхөн байдаг. Гэхдээ сүүлийн үед эмэгтэй нисгэгчдийн тоо ихсэж байгаад маш их баяртай байдаг. Эрэгтэй, эмэгтэй хамаагүй хийж байгаа зүйл нь ялгаагүй адилхан учраас хэн ч энэ мэргэжлээр сураад нисгэгч болох боломжтой. Хамгийн чухал нь ажил, амьдрал гээд бүх зүйлийг зохицуулж, тэвчээртэй байх хэрэгтэй.

-Та оюутан байхдаа 280 цагийн нислэг үйлдсэн гэж байсан. Харин бие даасан нисгэгч болоод хэдэн цагийн нислэг үйлдсэн байгаа вэ?

-Нисгэгч хүний хэр их туршлагатайг нь цагаар нь хардаг. Анх төгсөж ирж байхдаа 280 цагийн нислэгтэй ирж байсан бол одоо 1500 гаруй цагийн нислэгийг хийсэн байна. Хамгийн урт буюу олон цагийн нислэгийг оюутан байхдаа Канад улсын нэг жижиг хот руу таван цагийн нислэгийг ганцаараа үйлдэж байсан. Цаашдаа олон, олон нислэг намайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Таныг нислэг үйлдэж байх үед цаг агаар огцом муудах зэрэг эрсдэлтэй үе тулгарч байсан уу?

-Бие даасан нислэгийн үед заримдаа агаар муудах үе гардаг. Олон хүний амь нас хариуцаж явж байгаа учраас цаг агаарын байдлыг сайн судалж байгаад ихэвчлэн нислэгээ хийдэг. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас агаар муудах үе гарна. Ялангуяа хаврын улиралд салхи ихтэй байдаг учир эрсдэлд тулгуурлаж байнга бэлтгэл сургуулилт хийдэг. Ерөнхийдөө нисгэгч хүн ямар нэгэн эрсдэлээс сэргийлэх, түүнд бэлэн байх үүднээс зургаан сар тутамд сургалт хийгдэж шалгуулдаг. Тийм учраас бид нислэг хийх үед тэдгээрт бэлэн гэж үздэг.

-Газардах, хөөрөх хоёрын аль илүү чухал байдаг вэ?

-Нислэгийн хөөрөх болон буулт хоёр аль аль нь чухал анхаарал шаардсан нислэгийн үе шатууд. Гэхдээ газардах нь илүү мэдрэмж, ур чадвар шаарддаг гэж би боддог. Бууж байх үед онгоцны дугуйгаа газарт хүрч буйг мэдрэх ёстой болдог.

-Эмэгтэй нисгэгч байхын хэцүү нь юу вэ?

-2017 онд сургуулиа төгсөж ирээд 2019 онд нисгэгчийн эрхээ авсан. Тус хоёр жилийн хугацаанд “Хүннү эйр” компанид сургалтын хэлтэст ажиллаж байсан. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай адилхан мэргэжил эзэмшээд, адилхан цагийн хуваарьтай ажиллаж байгаа ч эмэгтэй нисгэгч байхын хэцүү нь гэртээ ороод ээжийнхээ үүргийг гүйцэтгэнэ, ажил дээрээ нисгэгчийн үүргээ гүйцэтгэж амьдралаа зохицуулж явах нь хааяа хэцүү санагддаг. Тэгэхдээ болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй учраас бүх зүйлийг амжуулахыг хичээдэг.

-Таны ойрын болон хэтийн зорилго юу вэ?

-Хүн залуу насандаа байнга шинийг илэрхийлж, шинэ зүйлийг сурч, зогсохгүй байх ёстой гэж боддог. Тийм учраас миний хувьд цаашдаа мэргэжлээ дээшлүүлээд суралцах хүсэлтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 08. Мягмар. №077 (5482)

#МонголБахархал