М.ОТГОНБАЯР: ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДҮҮД АМЬТАН ТЭЖЭЭЖ, ЭНЭРЭХ ХАЙРЛАХ ХҮМҮҮЖИЛ ОЛЖ АВЧ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Д.Нэргүй

Амьд амьтны ааш зан, аяс хөдөлгөөн, идэш хоолыг тохируулж, тэдэнтэй хамт баясч, өвдсөн үед нь мөн адил тавгүйтэж байдаг өвөрмөц  ажлыг эрхэлдэг “Аквариум ертөнц”  амьтны дэлгүүрийн худалдагч М.Отгонбаяр 10 гаруй жил амьтан тэжээж байгаа арга  туршлагаасаа бидэнтэй хуваалцлаа. Тус дэлгүүрийн ажилсаг бүсгүйчүүд  өглөө ирээд л амьтад маань эрүүл энх хонож уу, ямар өөрчлөлт орсон байна  вэ гээд өглөөний хоолны өмнө бүгдийг ажигладаг.  Хөөрхөн бяцхан амьтад ч эздээ таниад хоолоо нэхэн энд тэндгүй дүүлэн нисч цоройж бужигнах  нь цаанаа л  гоёхон. Тэд  загас туулай, усан гахай, орог зусаг, тоть шувуу, яст мэлхий, муур, нохой зэрэг  гэрийн тэжээвэр бүх  амьтдыг өсгөн үржүүлдэг.  Улмаар  аквариумын гоёл, амьтдын хоол тэжээл,  дагалдах хэрэгсэл, хувцас, арчилгааны бүтээгдэхүүн  гээд бүх төрлийн амьтдын иж бүрдэл энд цогцолжээ. Энэ утгаараа  хүүхэд , өсвөр үеийнхэн амьтан  тэжээснээр хүн, байгаль, дэлхий, хүрээлэн байгаа орчны юмс үзэгдлийг мэдрэх, ойлгох, ургамал амьтныг хайрлан хамгаалах эрхэм үйлсийг энэ дэлгүүрийн үйл ажиллагаа тодхон харуулж байна.

 

-Эрхлэн тоглохоос эхлээд амьтан бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэжээхэд хүндрэлтэй, эсвэл ааш аяг нь олдохгүй ямар амьтад байдаг бол?

-Хайрлаад халамжлаад байхаар ямар ч амьтан аяндаа  л хүүхэд шиг  дасдаг. Харин дэлгүүрээс зарагдсан эхний үед тухайн айлдаа очоод жаахан бишүүрхэж байгаад сүүлдээ эрхлүүлээд байхаар мөн л  ээнэгшээд ирдэг юм билээ.

-Амьтдын амьдрах орчин бол хоол тэжээл. Өдөрт хэдэн удаа  хооллодог вэ?

-Бүх амьтад зориулалтын хоолтой. Тухайлбал, өвсөн тэжээлтэн туулай,  усан гахай гээд л...Өдөрт хоёр удаа, өглөө оройдоо хооллоно. Эхнээсээ хооллосоор байтал оройн хоолтойгоо залгадаг, арчилгаа ажиллагаа маш ихтэй.

-Бие нь тавгүйтэж зовиурлаж байгаа нь хэрхэн яаж илэрдэг бол ?

-Хамгийн түрүүнд хоолондоо дургүй болно. Мөн нэг газраа хөдөлгөөнгүй биеэ хураагаад хэвтчихдэг гээд янз бүрээр илэрдэг. Өвдсөн бол зориулалтын эмийг нь өгнө. Харин  эдгэрэхгүй байвал жишээ нь  нохой хордлогонд орсон бол  зайлшгүй мал эмнэлэгт үзүүлж эмчлүүлэхээс өөр аргагүй.

-Хил гааль хаалттай энэ үед бараагаа  хэрхэн хаанаас татан авч ажлаа тасралтгүй явуулж байна вэ?

-Бараагаа хятадаас захиалж авчруулж байна.Гэхдээ хил хааснаас хойш амьтад оруулж ирээгүй. Тэгэхээр  монголд үржүүлж болох бүх амьтдыг  эндээ үржүүлж, бас хүмүүсээс худалдан авч  байгаа. Ёстой л ховрын бараа болчихоод байна шүү дээ. /Инээв/. Аль болох хорогдуулахгүйг хичээж  байна. Харин хөл хорионы үед эцэг эхчүүд хүүхдээ  аль болох компьютер, гар утас, зурагтнаас хол байлгахын тулд  амьтан  их сонирхож авч өгч байгаа. Энэ нь хүүхдүүд  амьтадтайгаа  эрхлэн тоглож, эрхлүүлж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх хүмүүжил танин мэдэхүйн маш том ач тустай. Нөгөө талаар бид өөрсдөө яваад дуртай бараагаа сонгоод авч чадахгүй байгаа  учраас  барааны хомсдолд орж байна. Гэсэн ч  цар тахлын үед  манай дэлгүүр хэвийн ажиллаж байгаа. Цалингаа ч хугацаандаа  тавьдаг. Энэ талаар  манай удирдлага маш хариуцлагатай, мэдрэмжтэй ажилладаг.

-Хүмүүс ямар амьтныг  хамгийн их сонирхдог юм?

-Туулай усан гахай, орог зусаг, гөлөг, муур гээд барьж тоглодог амьтдыг их авдаг. Зарим нь загас гээд өөрсдийнхөө сонирхолоор л  болдог юм. Загас тэжээх нь хүнээс байнгын анхаарал халамж, хариуцлагатай нарийн нягт нямбай байдлыг илүү их  шаарддаг.

-Хамгийн урт насалдаг амьтад гэвэл?

-Яст мэлхийг зөв тэжээгээд байвал 30-40 жил насалдаг. Харин  орог  зусаг бол гурваас дөрвөн жил л амьдардаг.

-Ямар амьтдад үржил сайтай  вэ?

-Орог зусаг  хамгийн их үр төлөө өгдөг.  Нэг зулзагалаад  20-21  хоногийн дараа дахиад төрнө. Нэг удаадаа долоогоос найман зулзага гаргадаг. Туулай мөн нэг, хоёр сар болоод  дахиад зулзгалах жишээтэй. Ингэж өөрөө бойжуулаад үр төлөө өгч байдаг ашигтай амьтад. Ер нь хүмүүс нэг амьтан авсан газартайгаа эргэх холбоотой, хоол хүнс, бүх хэрэгслээ аваад сурчихдаг.  Эндээс бидний дунд итгэлцэл үүсээд утсаар зөвлөгөө авах үед нь  амьтдынхаа үүлдэр, гарал угсаа, онцлог, идэш хоол зэргийг нэг бүрчлэн тайл­барлаж өгөхөд хүмүүс  ихэд урамшиж, илүү олон амьтан тэжээх  сонирхолтой болдог.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 08. Мягмар. №077 (5482)

#ХүмүүсАжАмьдрал