СОНГУУЛЬ ТОЙРСОН ХАРДЛАГА

Улс төр

Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн  санал авах өдөр. Тэгвэл сонгуультай холбоотой элдэв асуудал цахим орчинд хөвөрч байна.

Цахим ертөнцөд өнөөдөр чих амар өнжих нь гэсэн бичвэр нэлээд явах боллоо. Учир нь сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж санал хураах өдрөөс 24 цагийн өмнө зогссонтой холбоотой. Гэхдээ  сонгууль ч яахав бодлогоороо болно. Гурван нэр дэвшигчээс хэн нэгэн нь   Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь гарцаагүй.

Харин сонгуулийн сурталчилгаа эхэлсэн тавдугаар сарын 24-ны өдрөөс хойш “Ковид-19” цар тахлын халдвар эрс нэмэгдсэн нь иргэдийг айдаст автуулж байна. Тодруулбал, тухайн үед өдөрт 7000 орчим хүнээс шинжилгээ авахад 500 гаруй хүнээс халдвар илэрч байсан. Харин сонгуулийн сурталчилгаа эрчээ авч эхэлсэн эхний долоо хоногт  7000 орчим хүнээс шинжилгээ авахад 1000 даваад явчихсан. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийж олон хүн нэг дор цуглуулсантай холбоотой гэдгийг иргэд цахим хурдастаа бичиж байгаа. Өөрөөр хэлбэл цар тахлын хоёр дахь давлагааг сонгуулийн сурталчилгааны уулзалт эхлүүлсэн хэмээж буй юм.   Монголд бас вирусийн мутацлагдсан хэлбэр шинээр илэрсэн гэдэг яриа ч чих дэлсэх болсон. Ийм учраас сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 10-наас эхлэн 28 хоног буюу  наадам хүртэл хатуу хөл хорио тогтоож магадгүй гэсэн хардлага, үг,  өгүүлбэр цахим орчинд тархах боллоо. Гэхдээ дахиад хөл хорио тогтоовол нөхөн олговор олгох ёстой гэж хүмүүс үзэж байна. Бүр хүн бүрт 500 мянган төгрөг өгнө гэсэн  зүйл ч яригдаад эхлэв. Тэгэхээр  нөхөн олговор олгохгүйгээр хатуу хөл хорио тогтооно гэвэл иргэд эрх баригчдад “май шүү” гэж хэлэх нь тодорхой харагдаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд “Цагаан сонголт” өгье гэсэн уриалга цахим ертөнцөд давлагаалав. Зарим нь бүр нүүр зургаа ийм хүрээгээр  “чимгэлсэн” харагдана.  

Мөн “сонгуульд санал өгөхгүй” гэсэн асуудал ч гарч л байна. Эдгээр нь Төрийн тэргүүнээ сонгох, төр барих эрхээсээ сайн дураараа татгалзсан явдал гэж хэлж болно. Хамгийн гол нь сонгууль бүрээр гардаг хошуу унжуулсан үг, яриа ийм зүйлээс шалтгаалдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл сонгуульд санал өгөөгүй, цагаан сонголт хийсэн хүмүүсийн нэр дээр санал тоологдсон гэдэг маргаан гардаг тал бий. Ийм давлагаа  нь хамгийн муу сул нэр дэвшигчид олз болж хамгийн бага хувиар сонгогдох боломж бүрддэг асуудал гардаг. Энэ бүгд нь нэг сонгогчийн эрх ямар өндөр хариуцлагатай байдгийг харуулж буй юм. Сонгуульд санал өгөхгүй бол хэн нэгний олз болох магадлал тун өндөр  гэдгийг илтгэж байна.   

Мөн манай хаяг дээр өөр хүмүүс нэмж бүртгэсэн байна  гэдэг асуудал ч гардаг. Энэ бүгд нь зөвхөн сонгогч, биднээс шалтгаалах зүйл. Манай хаяг дээр илүү, дутуу хүн бүртгэсэн эсэхийг хянаж, шалгах үүрэг бидэнд бий. Хэрэв ийм асуудал байвал Сонгууль, иргэний бүртгэл, цагдаа гээд зохих байгууллагуудад нь хандаж засч залруулах учиртай юм. УБЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг http://election.burtgel.gov.mn/ байршуулсан байна. Энэ хаягаар ороод үзэхэд  илүүдэхгүй  юм.

Энэ удаагийн сонгуульд санал өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Мөн санал тоолох төхөөрөмжид уншигдсан хуудас бүрийг гараар тоолох хуулийн зохицуулалт тусгасан. Иймд  сонгуулийн 2087 хэсгийн хороонд  100 хувь хяналтын тооллого хийнэ гэсэн үг аж. Тэгэхээр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хоёр сая 167 мянга 942 сонгогч бүр саналаа өгөх нь зөв гарц болох юм. Эцэст нь хэлэхэд саналаа луйвардуулахгүйн  тулд  “цагаан сонголт”, “сонгууль өгөхгүй байя” гэсэн давлагаанд автахгүй  байх нь чухал болоод байна. Чухам яг үүнийг л анаж сонгуульд ялах боломж гэдгийг хардаг улс төрчид олон бий. Иймд сонголтгүй сонгууль гэж байдаггүй. Харин сонголтыг нь элдэвээр будлиантуулж өөрт ашигтай нөхцөл бүрдүүлдэг тогтолцоо манайд тогтсон гэхэд хилсдэхгүй. Учир нь сонгууль бүрээр л сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлж аль болох санал өгүүлэхгүй байх, санал худалдаж авах оролдлого гаргасан, санал тоолох төхөөрөмжөд алсаас нөлөөлсөн гэдэг маргаан тасардаггүй. Энэ нь төрийн аливаа сонгуульд ямар нэг муу арга ашигладаг, түүнийхээ тусламжаар ялалт байгуулдаг гэсэн ойлголтыг иргэдэд бат суулгаж ирсэн. Тэгэхээр ямар ч үед сонгох, сонгогдох эрхээ хамгаалах нь ард түмний үүрэг билээ.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 08. Мягмар. №077 (5482)

#Дугаарын60мөр