БЛИНКЕН: ОХУ-ЫН ЗҮГЭЭС ТҮРЭМГИЙЛСЭН ТОХИОЛДОЛД ХАРИУ БАРИНА

Дэлхийн мэдээ

Москва хэрэв “түрэмгий юм уу, бодлогогүй” алхам хийсэн тохиолдолд Вашингтон хариу арга авах болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен  өнгөрсөн ням гарагт Axios хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг тус хэвлэл Twitter хуудсандаа нийтэлсэн байна. 

“Бид Оростой аль болох тогтвортой, хэвийн харилцахыг санал болгож байна. Бид энэ талаар маш тодорхой тайлбарласан. Гэхдээ бидэнтэй юмуу, бидний холбоотон түншүүдтэй Орос түрэмгий юм уу, бодлогогүй харилцвал бид хариу арга хэмжээ авах болно” гэж Блинкен онцлоод саяхан АНУ-ын компаниуд руу кибер халдлага хийсэнд Оросын хакеруудыг сэжиглэж байгаагаа дурджээ. 

Шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ сарын 16-нд Швейцарьт болох яриа хэлэлцээр Москва, Вашингтоны харилцаа хэвийн болох шанг татна гэж байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2022 оны санхүүгийн жилд “ОХУ болон БНХАУ-ын өсөн нэмэгдэж байгаа аюул”-ын эсрэг Европт тусламж болгох 665 сая ам.долларыг Конгрессоос хүссэн нь тавдугаар сарын 28-нд тодорхой болсон юм. Энэ хөрөнгийг Москва, Бээжингийн зүгээс үзүүлэх түрэмгийлэлд хариу болгоход туслах юм байна.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 08. Мягмар. №077 (5482)

#Дэлхий