Ц.МАРГАД-ЭРДЭНЭ: ЯДРУУ ЯВЖ ҮЗСЭН БОЛОХООР ХООЛГҮЙ, МӨНГӨГҮЙН ЗОВЛОНГ САЙН МЭДНЭ

Нийгэм, Эдийн засаг

Бүх нийтээр мод тарих сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Цэргүүд Баянзүрх хайрханд мод тарьж байгааг сурвалжлахаар очих үед “Гоонь эрчүүдийн хуушуур” гэх хаягтай саарал машин зогсож харагдлаа. Тус газрын тухай олон сайхан зүйл сонсож байсан учир машины эзэнтэй уулзахаар очив. Ногоон асрын дэргэд зогсож байсан бордуу царайтай махлаг залуу бол“Аавууд муу хоол иддэггүй” гэх уриатай “Гоонь эрчүүдийн хуушуур”-ын үүсгэн байгуулагч Ц.Маргад-Эрдэнэ. Түүнээс энд ирсэн учрыг асуувал:

-Цэргүүд мод тарьж байгааг дуулаад тэдэнд 1000 хуушуур бэлэглэхээр ирсэн гэв. Ийм л тусламтгай, тууштай түүнээс тааралдсан даруйдаа олзуурхан хэсэг зуур яриа өрнүүлж, амжсан билээ.

Гэрийн боорцог хайрч, амьжиргаа тааруу өрхүүдэд үнэгүй тарааж мөн цагдаагийн алба хаагчдад халуун бууз, цай тараасан талаараа ч хуучлав.

Тэд эцсийн буудалд зогсох автобусны жолооч нарыг сэтгэлээ шингээж бэлдсэн бууз, цайгаараа дайлах хичнээн сайхан гэдгийг сэтгэл гийтэл ярив. Жолооч нар халуун тогоо, хүнсний ногоогоо авчраад эцсийн зогсоол дээрээ хоол хийх, эсвэл хүйтэн хоолоо усаар даруулж идээд, хөл хорионы хоосон өдрүүдийг өнгөрүүлж байжээ. Мэдээж цаг давчуу, материал хомс тул тэр бүр амттай хоол хийгээд тухтай идэж чадахгүй. Харин залуус халуун бууз, цай өгснөөр тэд нэг өдөр ч болов сэтгэл дүүрэн, амттай хоолыг тайван идүүлэх тэр зорьсон хэрэг. Зөвхөн автобусны жолооч гэлтгүй, хажуугаар зөрөх ядруу иргэд болон ТҮК-ийн хамт олныг халуун цай хоолоороо дайлахыг хичээдэг нь “Гоонь эрчүүдийн хуушуур””ын хамт олон, найрсаг хөдөлмөрч залуусын болон Ц.Маргад-Эрдэнийн сайн санаа, сайхан сэтгэлийг тодоос тод харуулна.

Ташрамд сонирхуулахад, тэрбээр “Гоонь эрчүүдийн баавартай бууз, хуушуур” группийнхээ 16 000 гаруй гишүүдтэй хамтран сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Тус аяныхаа хүрээнд тэд 500 кг гурилаар 30 000 ширхэг гэрийн боорцог хайрч, хөл хорионы өдрүүдэд гал алдаж, хоолгүй болсон иргэдэд, түлээ, бэлэн мөнгөний хамт тараажээ.

-Өглөө үүрээр ТҮК-ийн ажилчдад хоол тараах бодолтой байгаа тэд бол жинхэнэ баялаг бүтээгчид юм шүү-

Ингээд Ц.Маргад-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа сонирхуулъя.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд танай хамт олон амьдралын боломж тааруу иргэд, хүүхдүүдэд боорцог тараах шиг боллоо. Хэчнээн айлд боорцог, хүнс тараасан бэ?

-Би эхний хоёр өдөр айлуудад боорцог, бэлэн мөнгө, нүүрс тараасан. Дараагийн өдөр нь 250 өрх болон Шархад, Цагаан давааны хогийн цэг, Эрдэнэтолгой орчмын хүмүүст 30мянган ширхэг буюу 500 уут боорцог тараасан. Үүнийг “Гоонь эрчүүдийн баавартай бууз, хуушуур” группийнхээ 16 мянган гишүүний тусламжтай хийсэн юм.

-Бэлэн мөнгө тараасан гэж ярилаа. Тухайн группийн гишүүдээс хэд орчим төгрөг цугларсан бэ?

-Хүн бүр 1000 төгрөгийн аян явуулсан юм. Хүний сэтгэлд ч, өөрсдөд ч халгүй, санхүүгийн дарамтгүй аян болсон. 500 мянган төгрөг цугларсан. Энэ аян цаашид ч мөн үргэлжилнэ. Тиймээс амьдралын боломж тааруу айл өрхүүдэд бэлэн мөнгө тараасан. Өнөөдрийн тухайд автобусны жолооч нарт хоол тарааж дуусаад орж ирлээ.

-Та бүхний эхлүүлсэн сайн үйлсийн аян маргааш ч гэсэн үргэлжилнэ гэж сонссон?

-Тийм ээ. Мөн дахиад “1000 хүүхэд 1000 төгрөг” гэх аяныг эхлүүлж, группийн­хээ тусламжтай хүүхдүүдэд бэлэг тараах санаатай байна.

-Сайн үйлсийн аяны зэрэгцээ зарим иргэдээс сөрөг хандлага ирсэн гэсэн. Үүнд хэр эмзэглэсэн бэ?

-“Гоонь эрчүүдийн хуушуур” гээд хүмүүст хоол, мөнгө тараахаар намайг хүмүүст танигдаж, од болох гэлээ гэх хүмүүс байсан. Мөн сайн үйлсийн аянаа чимээгүй хий. Өөрийгөө сурталчлахаа боль гэсэн хүмүүс олон байсан л даа. Би гэхдээ түүнийг ойлгоогүй. Юу ч гэсэн үг юм. Тэдгээр хүмүүс өөрсдөө энэ үйлсэд оролцоогүй учраас тэгж байгаа болов уу. Цар тахалтай хүнд хэцүү цаг үед иргэдээ сайн сайханд уриалж байгаа үйлдэл юм шүү дээ. Сүүлийн долоо хоног бараг 1000 орчим хүнд хоол өглөө. Баяндаа, мөнгө нь ихэдсэндээ бид энэ аяныг эхлүүлээгүй. Яг энэ хүнд цаг үед ядарч яваа, хүмүүст бага ч болов тус дэм болж, нэг өдөр ч болов ходоод нь цатгалан байг гэсэндээ эхлүүлсэн аян. Тиймээс хүмүүсийг эерэг байгаасай л гэж хүсэх байна. Манайхыг хүмүүс сайн мэднэ. Би өөрийн бизнесийг сурталчлах гэсэндээ ийм аян хийгээгүй юм шүү.

-Богино биш хугацаанд үргэлжилсэн цар тахлын хөл хориог хэрхэн даван туулав?

-Манайд 10 гаруй ажилтан бий. Миний хувьд чадахаараа л чармайж байна. Энэ 10 гаруй ажилтны цаана 30 гаруй хүүхэд бий. Багадаа хоёр, ихдээ таван хүүхэдтэй ажилчидтай. Тиймээс тэднийг өлсгөхгүй, хоол, галыг нь таслахгүй юм сан гэсэндээ авьяасаараа л урд хойно, наана цаана болгож явна.

-Дахиад хөл хорио дахиад тогтоовол хэрхэх вэ?

-Ёстой л хамаг авьяасаа гаргах байх даа. Ямартай ч ажилчдаа, тэдний гэр бүлийг хоолтой байлгахын төлөө тэмцэх болно. Би хэдийгээр сайхан газар үүсгэсэн ч, ажилчдынхаа хувьд өрх гэрийн тэргүүн, аав нь гэсэн үг шүү дээ. Бүгд л миний гарыг харах болно. Тиймээс хэрэв хөл хорио сунгагдвал байдгаараа л чармайх болно.

-“Гоонь эрчүүдийн хуушуур” гээд л байдаг. Үнэхээр гоонь эрчүүд ажиллуулдаг юм уу?

-Гоонь эр гэдэг нь би өөрөө юм. Миний хувьд ганц бие аав. Гэрлээгүй, хууль ёсоор ганц бие. Тиймээс өөрийнхөө жишээн дээр л хөгжилтэй болгож, нэрээ өгсөн. Манай нийслэлд маш олон хуушуурын газар байдаг. Бөөрөнхий, халиартай, хачиртай, наадмын хуушуур гээд бүр алцгар хуушуур ч гэж байх жишээтэй. Тиймээс тэдгээрээс ялгарах, нөгөөтээгүүр үүсгэсэн хүн нь өөрөө гоонь эр учир ингэж нэрлэсэн. Надаас гадна надтай хамт ажилладаг манай үеэл ах болон хүргэн маань бас гоонь юм. Бид гурав л анх энэ бизнесээ эхлүүлээд машинаараа хүргэлтээр хуушуураа зарж эхэлсэн. Тиймээс энэ нэрийг өгсөн.

-Үүсгэн байгуулагдаад хэр удчихав. Энэ хугацаанд хэчнээн салбартай болсон бэ?

-Одоо яг гурван салбар бий. Нэг нь 16 дугаар хорооллын Батлан хамгаалахын их сургуулийн замын урд, мөн Долоон буудлын эцэст, нөгөө нь Яргайт явах замд байдаг. Нээгээд нэг жил л болж байна даа.

-Та бүхний цаашдын зорилго, зорилт юу вэ?

-Олон хүнд туслахыг л хүсэж байна даа. Баян, мөнгөтэйдөө ийм зүйл хийгээд яваа юм биш. Би өөрөө ядруу явж үзсэн. Тиймээс хүмүүсийн хоолгүй, мөнгөгүйн зовлонг сайн мэднэ. Хүмүүс энэ зовлонг бага мэдрээсэй, нэг ч болов хүн хоолтой, дулаан байшинд байгаасай л гэж хүсэж байна.

-Та ямар мэргэжилтэй вэ. Тогооч мэргэжилтэй байгаад хуушуур хийгээгүй байх гэж бодогдлоо?

-Би дрифтийн тамирчин хүн 20 гаруй жил автомашинтай ноцолдож явлаа. Мөн БНСУ-д хоёр жил орчим ажиллаж ирээд гурван жил болж байна. Солонгосоос анх ирчихээд юу хийхээ мэдэхгүй байсан. Ингээд хуушуур хийх санааг ээж маань анх гаргасан юм. Санаандгүй л “Гоонь эрчүүдийн хуушуур” гэж нэрлээд хуушуураа хийж, түгээгээд эхлэхэд хүмүүс их сайхан хүлээж авсан. Бид өөрсдөө ч гэсэн ямарваа зүйлийг сэтгэлээрээ хийдэг. Манай уриа ч гэсэн “Аавууд хэзээ ч муу хоол идэхгүй” гэдэг. Тиймээс аавуудыг дэмжээд зориод ирсэн хүмүүсийг бид эцэг хүний сэтгэлээр хандаж, хоолоор дайлдаг.

-Та бүхнийг зориод ирсэн үйлчлүүлэгч “байгаа мөнгөндөө тааруулаад хуушуур авъя” гэх тохиолдол гарч байсан уу?

-Орж ирдэг шүү. Бие давхар ээжүүд их орж ирдэг. Бүр “Ахаа танай хуушуурыг зүүдлээд ирлээ” гэдэг юм. Тэгэхээр нь би “За ахын дүү зүүдлээд ирсэн юм бол ахынхаа хуушуураас цадталаа ид. Мөнгө авахгүй. Харин мэнд амаржаад ирээрэй” гэдэг. Тэр дүүдээ төрсний нь дараа гэрт нь хуушуур хүргэж өгнө гэж хэлээд амжаагүй л явна.

-Урьд нь та бүхэн сайн үйлсийн аян хийж байв уу. Группээ нээгээд хэр хугацаа өнгөрсөн бэ?

-Групп үүсээд арай л жил болоогүй. Сайн үйлсийн аяныг манай гэр бүл 2009 оноос хойш хийж байгаа. 2009 онд Сүхбаатар аймагт зуд болоход анх өөрийн түлшээр портер автомашин дээрээ түлээ нүүрс, малын тэжээл, гурил будаа чадахаараа аваад тухайн аймагт зорьж очоод зуданд нэрвэгдсэн айлуудад тарааж байсан. Ингээд 2009 оноос хойш л эхлүүлсэн сайн үйлсийн аянаа тасралтгүй зохион байгуулж байна даа. Нээрээ 2003 онд манай ойролцоох айлын гэр шатахад бид иж бүрэн тавилгатай дөрвөн ханатай гэр авч өгч байсан.

-Та бүхэн хүүхдүүдэд зориулан ямар аян өрнүүлэх вэ?

-Түрүүнд хэлсэнчлэн “1000 хүүхэд 1000 төгрөг” аяныг өрнүүлнэ. Заавал хийнэ гэж бодож байгаа. Мөн дулаарахаар хүүхдийн асрамжийн газруудад хуушуур хийж өгнө. Өнгөрсөн жил мөн хуушуур аваачиж өгсөн юм. Тиймээс энэ жил алгасахгүй гэж бодож байна.

-Танайх гурван салбартай. Гурван өөр амьдралын өнгө, төвшин харагддаг байх. Мөн сайн үйлсийн аянаа хийгээд явахад хотын аль хэсэгт хүнд амьдралтай айлууд олон байна вэ?

-Долоон буудал бол хэцүү. Дамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Дарь-эх гээд газруудтай залгаа байдаг. Тиймээс амьдралын төвшин доогуур, хүнд амьдралтай хүмүүстэй олон таарна. Мөн Шархад орчим хэцүү. Би нэгдүгээр хороолол орчмыг мэдэхгүй. Тэнд салбараа нээх санаа бий. Тухайн газартаа ч мөн сайн үйлсийн аянаа өрнүүлээд л явна.

-Тогтсон, томоохон ресторан, үйлчилгээний газартай болохыг зорьдог уу?

-Жижиг салбарууд бус нэгдсэн төв салбар, үйлчилгээний газартай болох нь миний мөрөөдөл. Ямар ч байсан би мөрөөдлийнхөө нэг хэсэг болгож энэ хандивын аяныг хийсээр л байх болно.

 #МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 04. Баасан. №075 (5480)

#ХүмүүсАжАмьдрал