ОХУ НЭГ ТУНГИЙН "СПУТНИК ЛАЙТ" ВАКЦИНЫГ БҮРТГЭН АВЧЭЭ

Бусад

ОХУ пүрэв гаригт Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан нэг тун тарилга бүхий “COVID-19”-ийн эсрэг “Sputnik Light” вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо.

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр “Sputnik Light” вакцин нь “SARS-CoV-2” вирусийн эсрэг 79.4 хувийн үр дүнтэй бөгөөд нэг тун нь 10 ам.доллараас доош үнээр худалдаалагдах аж. АНЭУ, Гана болон ОХУ-д явагдсан “Sputnik Light” вакцины эмнэлзүйн гуравдугаар үе шатны судалгаанд 7000 гаруй сайн дурын оролцогчид хамрагдсан байна. Вакцин хөгжүүлэгчид судалгааны завсрын үр дүнг энэ сарын сүүлээр танилцуулах аж. Харин эмнэлзүйн нэг болон хоёрдугаар үе шатны судалгаагаар "Sputnik Light" вакцин нь аюулгүй байдлыг харуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан сайн дурын бүх оролцогчдод вакцины ноцтой  гаж нөлөө илрээгүй байна.

Нэг тун тарилга бүхий вакцин эмнэлзүйд нэвтэрснээр богино хугацаанд олон сая хүнийг дархлаажуулах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудад “Sputnik Light” вакциныг богино хугацаанд нийлүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.

Харин Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Александр Гинтсбург энэ талаар “Sputnik Light" вакцин нь хүн амын томоохон бүлгүүдэд дархлаажуулалтыг хурдан хийх замаар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх болон өмнө нь халдвар аваад эдгэсэн хүмүүст бий болсон дархлааны өндөр түвшинг дэмжихэд туслах болно. "Sputnik Light" нь эхний болон дахин вакцинжуулалтад өндөр ач холбогдолтой бөгөөд бусад вакцинтай хавсарч хэрэглэвэл үр дүнг нэмэгдүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNBC