ЦАГААН МОРИН ЖИЛ УЛС ТӨРИЙН ТОВЧООГ ОГЦРУУЛСАН МоАХ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ ДАХИН БОСЛОО

Улс төр

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн тавдугаар  сарын 5-ны лхагва гарагт  СЕХ-нд очиж ажилласан. 

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож С.Эрдэнэ тэргүүтэй хоёр дахь Ардчилсан нам гарч ирсэн тул танай нэр дэвшигчийн материалыг хүлээж авахгүй гэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал боллоо.

Тухайлбал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.1-д заасан “12.1.Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн”, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.6-д “28.6.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэсэн байтал П.Дэлгэрнаран нь урьдчилан төлөвлөсөн буюу даалгасан шийдвэрийг дур мэдэн ганцаараа  гаргаж материал хүлээн авахаас татгалзсан байна. 

Тус намыг хагарч хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь Ардчилсан  намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны нэгдүгээр сарын 14, хоёрдугаар сарын 26, дөрөвдүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байтал ийнхүү СЕХ асуудлыг ужигруулж буй нь нэг намын дарангуйлал тогтоохоор улайрч буй эрх баригч хүчний явуулга гэж үзэж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбайд суултаа үргэлжлүүлж байна

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн  хугацаа тавдугаар сарын 5-нд дууссан. Хоёр хуваагдаад байгаа   АН тус бүр нэг гээд  хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн ч СЕХ С.Эрдэнийг бүртгэсэн юм. 

УИХ дахь АН-ын бүлэг энэ шийдвэрийг эсэргүүцэн, тавдугаар сарын 5-ны  орой 18.00 цагаас эхлэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарласан. Энд УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар сууж байгаа юм.

Тэд Сүхбаатарын талбайд хоёр хонож байна. Талбайн эргэн тойрныг цагдаа нар хамгаалалтад авч хаагаад  энгийн иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байна.  Энэ нь нэг талаас өлсгөлөн зарласан түшээдийг хамгаалж байгаа мэд боловч улс төрийн энэ тэмцлийг олон хүн дэмжиж байгаа болохоор хүрээгээ тэлж болзошгүй хэмээн айж байгаатай холбоотой бололтой.   

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбар өгсөн юм. Энд ирж өлсгөлөн зарлагсадтай уулзсан Хуульзүй Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цар тахлаас болоод ард иргэд бид гэртээ хоригдоод сууж байхад төрийн түшээд өлсгөлөн зарлаж болж байгаа юм уу” хэмэнэ иргэд гомдол мэдүүлээд байна хэмээн аанай л ард олны нэрийг барин илт худал яриад тэмцэгчдэд гэр, дулаан эсгий олгуулна хэмээгээд, сэтгүүлчид, тэмцэгчдээр загнуулаад явж одов. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Сайхан өглөө байна. Өглөөний мэнд. Манай хэд гайгүй. Доороо юм олж шидээд, ганц хоёр аяны хөнжил олоод хонолоо. Ж.Батсуурь, Ц.Туваан нар чуулгандаа суухаар явлаа. Сайхан монгол орон маань сайхан болох цаг ойрхон байна. Төр түмэн нүдтэй. Суугаад байвал сайн цаг ирдэггүй. Тэмцэж байж сайн цагийг авчирдаг. Бид хэд өчигдрөөс хойш энд байхад талбайг хэдэн ч давхар цагдаа нар бүсэлчхээд байгаа юм. Буруу юм руу явж байна л даа. Сануулж хэлэх нь бидний үүрэг. Ухаарч ойлгох нь, Монголдоо хүн шиг амьдрахад хүн бүхний оролцоо дэмжлэг хэрэгтэй гэв.

Ж.Батсуурь: УИХ-ын гишүүний унаа тэрэг, биед нэгжлэг хийж байна

Энэ танхимаас эхлээд хууль огт хэрэгжихгүй байна. Цөөнхийн бүлгийн гишүүд ажилдаа ирэх, унаагаа унах ямар ч боломжгүй боллоо. Машинд, биед нэгжлэг хийж байна. Бид улс төрийн тэмцэл эхлүүлээд 12 цаг өнгөрлөө. Дороо дэвсэх эсгий балга ус оруулахгүй байна. Зузаан хувцастай км газар алхаад тамир дуусч байна. Оюунчимэг гишүүн ээ, Адъяасүрэн гишүүн доороо дэвсэх юмгүй, нөмрөх юмгүй хонолоо. Эмэгтэй гишүүнээ эргээч ээ. Хууль зүйн сайд аа. Хууль юу болоод байна. Монгол Улс өнөөдөр ингээд цэрэгжсэн улс болчхож байгаа юм уу. Хэвлэл мэдээллийнхнийг  оруулахгүй байна. Хэрэгжиж байгаа хууль хаана байнаа. Ядаж балга ус өгөх хэрэгтэй шүү дээ.

Ц.Туваан: ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр ман нэгэнт гарчээ

“УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр Монгол Улсын ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар ажлаа хийхээр ирсэн түшээдийн бүрэн эрх гэж байна уу. Машиныг минь оруулахгүй байна. Арай гэж алхаж орж ирлээ. Нэг намын дарангуйлал аль хэдийн тогтсон юм байна гэдгийг ард түмэнд хэлэх цаг болжээ. ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ. АН-ын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Гэтэл доороо тавих эсгий хүртэл булааж авлаа. Ийм дарангуйлал тогтчихсон байна.

МАН-ынхан, У.Хүрэлсүх ээ, Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Ямар бяртай, ямар дээрэлхүү болчихсон юм бэ. АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй. Монгол Улсад нэг намын дарангуйлал сөнөх болно.

#МонголынМэдээСонин 2021 оны тавдугаар сарын 07. Баасан. №058 (5463)

#ХалуунСэдэв