Д.АЗЗАЯА: МОНГОЛД НЕОКОЛОНЧЛОЛ, НЕОЛИБЕРАЛИЗМ ТОГТСОН

Улс төр

Цагаан морин жилийн хувьсгалд цөөн тооны эмэгтэйчүүд оролцсон байдаг. Тэдний нэг Ардчилсан хувьсгалын партизан, намын  ахмад гишүүн Д.Аззаяатай  ярилцлаа.

-Монголчууд   1990 оны цагаан морин жилд  хийсэн хувьсгалын  үр дүнд  Улс төрийн товчоог огцруулж, шинэ цагийн Монгол Улсын байгуулсан.  Тэр үеийг түүхийн хуудаснаа хувьсгалын  тохироо бүрдсэн гэж онцолсон нь  бий. Хувьсгалын тохироо бүрдэх гэж юуг хэлдэг юм бэ.   Монгол оронд 1990 оны үед улс төрийн нөхцөл  байдал ямар байсан юм бэ гэдгээс  ярилцлагаа эхлүүлье?

-Одоогоос 30 гаран жилийн тэртээ 1989 оны сүүлээр Берлиний хана нурж, Зүүн Европ, Польш  зэрэг социалист системийн орнуудад ардчиллын төлөөх тэмцэл хөдөлгөөн өргөн олныг хамарч улмаар   хуучин ЗХУ-д ардчилал, ил тод байдал, өөрчлөн байгуулалт /престройка/ чөлөөт эдийн засгийн тухай ярьж эхэлсэн. Энэ давлагаа  Монголын залуучуудад ч нөлөөлж, нэг намын дангаар ноёрхох  тоталитар дэглэмийг нураахын төлөө боссон.  Тухайн үед  БНМАУ  нь  нэг улсаас хэт хараат эдийн засагтай цаашлаад байгалийн баялгийн мөлжлөг /Эрдэнэтийн зэс, Мардайн уран, Асгатын мөнгө Заамарын алтны уурхайнууд/, хэвлэлийн эрх чөлөө, шашин шүтэх эрх хаалттай,  цагаан сараа  тэмдэглэх эрхгүй, мах сүү, цөцгийн тос зэрэг хүнсний хэрэглээ хомс, нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй гэхчилэн улс төр, эдийн засгийн хувьд өөрчилж, шинэчлэх шаардлагатай олон  аcуудалтай  байсан.  Эдгээр  асуудлууд нь хуримтлагдсаар хувьсгал хийх тохироог  бүрдүүлсэн бөгөөд социализмыг улам сайжруулах үзэл санаан дээр тулгуурлаж ардчилсан үйл явц өрнөсөн  болов уу. 

-Монголын ард түмэн ард­чилал, хүний эрх, эрх чө­лөө­гөө тайван замаар олж авсан. Өнөөдөр ч ардчиллаас нүүр буруулаагүй, дэмжсээр ирсэн?  

-Бидэнд 1990 оноос өмнө ардчилсан нийгэм байгуулж байсан түүхэн туршлага байхгүй.  Ардчилал үзэл санааны хувьд бүрэн ялсан гэж зарим судлаачид бичдэг юм билээ. Тийм байж магадгүй. Нэг талаас нь харвал МоАХ болон бусад шинээр үүссэн улстөрийн хүчнүүдийн тавьсан шаардлагууд тайван замаар биелж амжилтад хүрсэн. Гэвч агуулга талаас нь харвал гол гол шаардлагууд нь өнөөдрийг хүртэл биелээгүй шүү дээ. Үүнийг ярихын өмнө зарим түүхэн үйл явдлыг эргэн санах хэрэгтэй    байх. Жишээ  нь:  МоАХ-ны 1990 оны хоёрдугаар 18-ны анхдугаар их хурлаараа дараах өөрчлөлтүүдийг шаардсан өргөн барих бичгийг БНМАУ-ын Ардын Их хурал, МАХН-ын төв хороонд барьсан. 

1. Ардын Их Хурлыг тараах, Сайд нарын зөвлөлийг огцруулах, 

2. МАХН-ын Төв хороог огцруулах, 

3. Хөдөлмөрчдийг ядуу зүдүү амьдралд байлган нийгмийн өмчийг сүйтгэж эдийн засгийг их өрөнд унаган доройтуулсан эрх баригчдыг АТОЗ-өөр шалган шүүх, 

4. Монгол орны эд хөрөнгө үнэт баялгийг хойч үеийхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого үйл ажиллагааг таслан зогсоож Эрдэнэтийн зэсийн, Мардайн ураны, Асгатын мөнгө Заамарын алтны уурхайнуудыг нэн даруй хааж  цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг бүрэн эрхт цорын ганц эзэн  нийт ард түмнээрээ хэ­лэл­цүүлж шийддэг журам тог­тоох, зэргийг шаардсан юм.  

Үүний дараа Ялалтын талбайд  1990 оны хоёрдугаар сарын 4-ний  өдөр зохион байгуулсан сүрт жагсаалын дараа  /90-100 мянган хүн оролцсон байх/ улс төрийн дөрвөн хүчний хамтарсан мэдэгдэл /МоАХ, ШДХ, АСХ, МОХ/ гаргасан. Үүнд:

1. МАХН-ын Онц Их хурлыг 1990 оны гуравдугаар  сард  багтаан хуралдуулах МАХН-ын төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх, намын үйл ажиллагааг  төрөөс тусгаарлах,

2. Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулан Ардын Түр хурал  /АТХ/-ыг 1990 оны  гуравдугаар  сард багтаан байгуулах,

3. Ардын Түр Хурал нь БНМАУ-ын Үндсэн хууль, төрийн сон­гуу­лийн хуулийг боловс­руу­лан баталж, ардын шинэ тө­рийг ардчилсан сонгуулиар бай­гуу­лаад огцрохыг шаардсан болно. 

МАХН-ын Төв Хороо гуравдугаар  сарын 6,7-ны өдрүүдэд удахгүй болох бүгд хурал чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэнэ... гэсэн мэдээг радиогоор мэдэгдсэн боловч энэ хариуг тодорхой хариу хэмээн үзэхгүй  МоАХ гээд 1990.3.7-ны өдөр улс төрийн өлсгөлөн зарласан.  Ард түмнээ ядууруулан, улс орноо асар их өрөнд унагаад, байгалийн баялгаа цөлмөн дээрэмдүүлж, ард түмнээ хэлмэгдүүлсэн ялт ажиллагаа үйлдсэн  МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны /УТТ/  гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй огцрохыг шаардсан  мэдэгдэл гаргасан. Телевизийн шууд ярилцлагаар Э.Бат-үүл МАХН-ын УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохгүй бол би амь насаараа дэнчин тавина гэж хэлж байлаа.  Үүний дараа нь 1990.3.7-9-ны өдрүүдэд зохион байгуулсан улстөрийн өлсгөлөнгөөр МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчоо огцорсон. Дөрвөн хүчний хамтарсан шаардлага  биелж 1990.4.10-13-ны өдрүүдэд  МАХН онц их хурлаараа удирдлагаа сольж МАХН-ын ТХ-ны даргаар Г.Очирбатыг баталсан. Ингэж МоАХ 1990.12.10-ны өргөн барих бичиг, 1990.2.18-ны өдрийн МоАХ-ны анхдугаар их хурлын мэдэгдэл, 1990.3.4-ны  улс төрийн дөрвөн хүчний хамтарсан мэдэгдэл 1990.3.7-9  улс төрийн өлсгөлөнгийн эхний үр дүнгүүд гарсан ч Ард Түмний Онц Зөвлөл /АТОЗ/ байгуулах, улстөрийн бүх хүчнийг  оролцуулсан Ардын Түр хурал /АТХ/ байгуулах,  Эрдэнэт, Мардай, Асгат, Заамар ордууыг нэн даруй хааж  баялгийг ашиглах асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлж шийддэг журам тогтоох, сонгуулийн хуулийг боловсруулан баталж, шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулах зэрэг шаардлагууд биелээгүй л байсан. 1990.4.24-нд МоАХ-ны ЕЗЗ болон МоАН-ын УТЗТөв хамтран хуралдаж АИХ-ын тэргүүлэгчид Сайд нарын зөвлөл, МАХН-ын төв хороонд ”ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ”  хүр­гүү­лэхээр шийдсэн байдаг. Тус би­чигт АТХ, АТОЗ-ийг улс төрийн хүч­нүү­дийн оролцоотойгоор бай­­гуу­лахыг шаардсан юм. АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очир­бат 1990.4.26-нд радио, теле­визээр үг хэлж МоАХ, МоАН-ын шаард­ла­гуудыг хүлээн авахгүй гэдгээ мэ­дэг­­дээд Ардын Түр Хурлыг хү­лээн зөвшөөрөхгүй оронд нь АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд цөөн хүнтэй зөвлөлийг нам эвсэл хол­боо­дын гишүүдээс оролцуулан бай­гуулж болох тухай санал хэлсэн. Энэ­хүү мэдэгдлийг МоАХ, МоАН хан­галт­гүй гэж дөрөвдүгээр сарын 27-ны пикет гэж нэрлэгдсэн тэмцэл эхэл­сэн юм. “ТУЛГАН ШААРДАХ БИЧГИЙН хариуг нэхсэн хилэгнэсэн олон зуун иргэн, төрийн ордныг хамгаалж буй  цэргийнхэн гээд  ард түмэн халз тулж мөргөлдөөн гарчих дөхсөнийг ихээхэн хүчин чармайлт гаргаж зогсоож авсан. Энэ үед МоАХ-ны томилолтоор Хөвсгөл аймагт ажиллахаар явсан  МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн Д.Төмөр-Очир болон орон нутгийн салбар зөвлөлийн зохицуулагчдыг, УАХГ-ын төлөөлөгчид онгоцны буудлаас баривчилснаас тус аймагт улс төрийн өлсгөлөн зарлаж, тэд мөн АТХ, АТОЗ-ийг байгуулах зэрэг асуудлуудаар улстөрийн шаардлага гаргасан юм. Энэ байдлаас үүдэн  МоАХ-г 1990.4.28-нд цуглаан зохион байгуулахад хүргэж мөн  тавдугаар  сарын 2-оос  “Ардчилсан хүчний эвсэл”  улс төрийн өлсгөлөн зарлагчдын шаардлагыг дэмжиж Сүхбаатарын талбайд олон хоногийн суулт зарлаж  байлаа. 

-Ардчилсан хувьсгалд тэргүүлэн оролцсон ардчиллын 13 алтан хараацай ямар үүрэг гүйцэтгэв. Өнөөдөр ч Ардчиллын төлөө гэсэн үзэл бодол, үйл хэргээсээ ухралгүй байж чадаж байна уу? 

-Ардчиллын“13 алтан хараацай” болон МоАХ-ны салбар зөвлөлүүд, олон зуун мянган иргэд бүгд хичээн зүтгэсэн дээ.  Тэр үе өөдрөг, эрх чөлөө мэдрэгдсэн тэмүүлэл бадраасан шинэ цаг ирж байгааг мэдрүүлсэн сайхан үе байсан.  Харин анхдагчид ардчиллыг тогтоох үйл хэргээсээ ухарсан эсэх  маргаан олон жил яригдсаар ирсэн. Үүнийг ярихын тулд түүхээ цааш нь  ярих хэрэгтэй болох нь ээ. 

1990 оны тавдугаар сарын 6-нд юу болов. Тухайн үеийн эрх баригчдын санаачлагаар “Нам  улс төрийн хүчнүүдийн дугуй ширээний ярилцлага” гэх намуудын зөвшилцөлд  МоАНамын Улс Төрийн Зөвлөлдөх Төвийн /УТЗТ/ ерөнхий зохицуулагч Э.Бат-Үүл гарын үсэг зурах, эс зурах асуудлаар МоАХ-ны  ЕЗЗ, МоАН-ын УТЗТ хамтран хуралдаж, нэг хэсэг нь Э.Бат-үүлийг хэрхэвч гарын үсэг зурж болохгүй гэж... нөгөө хэсэг нь зурах ёстой... гээд ширүүн маргалдсан юм. Ийм эгзэгтэй үед МоАН-ын УТЗТ-ийн ерөнхий зохицуулагч Э.Бат-Үүл журмын нөхдийнхээ хэлсэн санал, байр суурийг хэрхэн хүлээн авахаас шинэ ардчилсан хүчнээс тавьсан шаардлагууд бүрэн биелэх эсэх,  Монголын нийгэм улстөрийн цаашдын хувь заяа шийдэгдэх түүхэн хариуцлагатай мөч тулсан юм. Маргааш нь 1990.5.6-нд МоАН-ын УТЗТ-ийн ерөнхий зохицуулагч Э.Бат-үүл тус хэлэлцээрт гарын үсэг зурахдаа Ардын Түр Хурлын оронд Улсын Бага Хурлыг байгуулах, АИХ-ын чуулганаар намуудын тухай хуулийг баталж мөн 18-20 насны залуучуудын сонгох сонгогдох эрхийг сэргээх зэрэг хэд хэдэн асуудлаар зөвшилцөлд хүрч гарын үсэн зуржээ.  МоАХ, МоАН -ын зүгээс АТХ, АТОЗ байгуулах шаардлагаа татан авсан байж.  Дугуй танхимд Э.Бат-Үүл ирж  энэ тухайгаа мэдэгдэхэд гишүүд АТХ, АТОЗ-оос татгалзлаа, УБХ-ыг зөвшөөрлөө, коммунист намыг үлдээлээ, хариуцлага тооцох байсан юм гэх зэргээр дугуй танхимд ширүүн маргаан болсон. Үүнийг гишүүд Ардчилсан хувьсгал бодлогын төвшинд гаргаж тавьсан гол гол асуудлуудаа хэрэгжүүлж чадалгүй Э.Бат-Үүлийн урвалтаар хэдхэн сар өрнөөд 1990.5.6-нд зогссон гэж үздэг.  

Ард түмний онц зөвлөлийн үүрэг нь: 

1. Том гүрний эдийн засгийн далд түрэмгийллийг таслан зогсоох,

/Зөвлөлтийн далд колоничлолыг зогсоох/

2. Монголыг хараат бус замналаар оруулах асуудлыг баталгаажуулах,

3. Өөр янз бүрийн үзэл сурталд улс орныг төөрөгдүүлэхгүй үндэсний эрх ашгаа хамгаалсан хөгжлийн замаар замнах  зорилготой байсан юм билээ. 

Ардчилсан хувьсгал өрнөснөөс хэдхэн сарын дараа 1990 оны 7 сард болсон анхны чөлөөт сонгуулиар МАХН олонхи санал авч ялсан.  Ингээд МАХН  дахин амилж засгийн эрхэнд гарсан. Ялсан МАХН ардчилсан хүчнийхнийг хамтран засаг барихыг урьж, 1990.9.11-1992.7.21/ МАХН- аас Д.Бямбасүрэн ерөнхий сайдаар, МоАН-аас Засгийн газрын тэргүүн шадар сайдаар Д.Ганболд, Д.Дорлигжав нарыг томилсон. Гэвч улс орон хөгжлийн ямар чиг баримжаагаар явах вэ, эдийн засгаа хэрхэн яаж босгох вэ,  зах зээлийн эдийн засаг /монжооч эдийн засаг/ гэгчийн  жинхэнэ капиталист агуулгыг нь мэдэж байсан удирдлага хэд байсан бол гэсэн асуудал бий.   Үүнийг доктор П.Нэргүй /... гаднын заавартай  либерал монетар мөлжигч зах зээлийн хорлонт бодлогыг Эвс­лийн засгийн газар хэрэгжүүлж бай­на.../ хэмээн хэлж сануулж  сэрэмж­лүүлж байсан ч төр засгийн  бод­ло­гын төвшинд хэн ч тоогоогүй юм.

-АН  улс төрд нөлөө бүхий хүчний нэг. Гэтэл сүүлийн үед хагарч бутраад хоёр АН-тай болчихлоо. Энэ талаар Ардчилсан хувьсгалын партизаны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Улстөрийн намын илгээсэн гишүүд л төр барьж байна. Хамаг учир мөнгөөр засаг төрийг байгуулдагт байгаа юм. Нэн түрүүнд  төрөө бүтээж буй хууль эрх зүйн орчноо үндсээр нь өөрчилж системийн эрс шинэтгэл хийхгүй бол бүх намууд энэ байдлаас гарахгүй. Батлан хамгаалах цэрэг арми,  хил хамгаалах,  цагдаа, шүүх, прокурор, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн болон төрийн үйлчилгээний олон байгууллагуудын зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх атлаа төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулахдаа... мөнгөтэй л бол хэн ч яахав? хэний ч хамаагүй мөнгөөр төлбөр хийгээд, төр барь гэх нь хэнд ашигтай вэ,  ийм байлгахыг хэн хүсэж байна? үүнийг алсаас, далдаас захиалаад удирдаад байна уу,  Ард түмний нэр барьсан гоё ярьсан олон дипломтой хүмүүс  хэн нэгний алсын зорилго бүхий санхүүжилтээр монголын төрд шургалж байгаа юм биш биз л гэж хардаж байна. Залуучууд олноор хорих газарт ял эдэлж байна. Тэдний байрлаж буй байр,  ус, дулааны төлбөр, хувцас, хоол тэнд ажиллагсдын цалин зардлыг ч татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж болоод байхад  төрөө татвар төлөгчдийнхээ мөнгөөр байгуулж яагаад  болдоггүй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн эрх мэдэлд очсон гишүүд, хэнд ч худалдагдаж, хэний ч хараа, барьцаанд ордоггүй хууль, эрх зүйн орчинтой болвол намууд эрүүлжинэ. Сонгогдсон гишүүд нь гаднын дарамт, барьцаагүй  зөвхөн ард түмнийхээ л төлөө зүтгэнэ биз дээ. Улстөрчдөд ёс зүй хариуцлага тооцдог болох шаардлагтай байна.  Улс төрийн намуудын хууль түүний санхүүжилтийн хуулиудыг яаралтай өөрчлөх, сонгосон иргэд нь УИХ-ын гишүүдийг эргүүлэн татаж хариуцлага тооцдог байх, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг цуцлах хуулийн орчин бүрдээгүй цагт намуудын доройтлын тухай яриад ч хэрэггүй. Ийм учраас л манайд  ардчилсан засаглал тогтоогүй, луйврын засаглал тогтсон. 

-Монголд тотилатор нийгэм эргээд тогтох үйл явц өрнөж эхэллээ. Ардчилсан хувьсгалын үр дүн 31 жилийн дараа үгүй боллоо гэсэн зүйлийг зарим хүн ярих болсон. Үүнтэй та санал нийлэх үү? 

-Тоталитар дэглэмийг эсэр­гүү­цэж ардчиллыг сонгосон монгол­чууд урьдахаас бүр ч харгис  хорлонтой   неолиберализм,  либерал монетаризм  гэх дэглэмд амьдрах боллоо.  Би дээр хэлсэн ардчилсан хувьсгал 31 жилийн дараа үгүй болоогүй бүр 1990.5.6 нд Э.Бат-үүл тэргүүтнүүд монголын ардчиллыг МАХН-тай үгсэн хуйвалдаж намуудын тохиролцоо гэдгээр зогсоосон  гэж. Тэр үедээ ардчилагчид олонх нь энэ тохиролцоо наймаанаас алсад гарах үр дагавар хохирлыг  тооцоогүй, мэдээгүй, алсын хараагүй байж. Харин цөөн тооны эрдэмтэн, судлаачид Э.Бат-үүл гарын үсэг зурснаар Монголын ирээдүйд ямар хор хохирол учирч болохыг хэлж сануулж байсан боловч тэдний үгийг хэн ч сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй харин ч тэднийг элдвээр хэлж, зүхэж, гүтгэж зайлуулсан даа. Монголчууд ардчилал гэж диваажинд амьдарна гэж хэт итгэсэн.  Э.Бат-үүл тэргүүтэнд ард олноороо итгэсэн. Ер нь олонхоороо мухраар итгэж сохроор дагасан юм билээ. Товч хэлэхэд 1990 оны ардчилсан хувьсгал дэвшүүлсэн концепцийнхээ дагуу тогтоогүй, өрнөөгүй бөгөөд түүнийг урвагчид наймаалсан  болохыг 31 жилийн дараа л бид бүрэн зургаар нь итгэж ядан сэхээрч байна гэвэл үнэнд дөхнө. Улс төрч  гэх нэртэй баялгийн тонуулчид, хуулийн хулгайчид төрд үүрлэж халдашгүй дархнаар хамгаалагдсан, үлэмж их газар нутгийг лиценз гэх цаасаар авилгаар гаднын эзэмшилд өгсөн, улс нийтээрээ харь гүрнүүдийн далд колоничлогч бодлогын золиос хохи­рогч болж баялгийн хараалд өрт­сөн,шүүх хяналтын болон төрийн бай­гуул­лагууд авилга хахуульд баригд­сан  дипломат ажилтнууд нь хар там­хи наймаалдаг, залуучууд нь хар там­хинд живсэн, төрийн түшээд нь охид эмэгтэйчүүдээ бэлгийн даран­гуй­лалд оруулдаг, бага насны үрсээ алж хүчирхийлдэг садист, психопат эрчүүдтэй, өвгөд хөгшид өр зээлэнд баригдсан гээд тоочоод барш­гүй эх адаггүй ёс зүйн сүйрэлд уна­сан ийм л нийгэм байгуулжээ. Монголд ардчилал тогтоогүй  неоли­бериализм,  либериал монетаризм  гэх дэглэм тогтсон.

-Монгол Улсад неоли­берализм,  либерал моне­таризм  дэглэм тогтсон гэлээ. Энэ нь юу гэсэн үг юм бэ?  

-1990 оны нэгдүгээр  сард Засгийн газрын 20-р тогтоол гарч “зах зээлийн хувьсгал” эхэлж. Энэ тогтоолоор төгрөгийн ханш 2 дахин унасан гэж хэлээд жинхэнэдээ 13 дахин унагасан гэдэг. Тэр үед ам.доллар гурван төгрөгтэй тэнцүү байсан бол, тогтоолоор 6 төгрөгтэй тэнцүү болж. Зах зээлийн хувьсгалын энэ хорлонтой загварыг Д.Бямбасүрэн, Г.Очирбат, Да.Ганболд нар боловс­руу­лаа­гүй харин ОУВС боловсруулсан бичиж өгч. Манай засаг, төр ОУВС-ийн энэ бодлогыг хэрэгжүүлсэн хэрэг л дээ. Монгол төгрөгийн ханшийг навс унагасан 20-р тогтоолын цаана манай  байгалийн баялгийг хамгийн хямд үнээр цөлмөн дээрэмдэх, монгол улсыг их гүрнүүдээс гутамшигтайгаар байнга гуйлга гуйлгуулах, адаг сүүлд нь Монгол улс, монголын ард түмнийг дааж давшгүй асар их хэмжээний ямар ч ашиггүй зээл авах нөхцлийг бүрдүүлж өгсийм байна. МоАХ-ны гишүүд бид либерал монетар бодлого зах зээлд орж ирээд юмны үнэ өсгөөд ханш унагадаг гэдгийг мэдэхгүй л байхгүй юу? 20-р тогтоолын дараа доктор П.Нэргүй гуайтай МоАХ-ны хэсэг залуус уулзахад: ,,, Би төгрөгийн ханш уна­хад маш их харамсч  байсан. Төг­рө­гийн ханш унана гэдэг чинь дуус­лаа л гэсэн үг шүү, хөдөлмөрийн бү­т­ээмж байхгүй,,, гэж хэлж байсан юмдаг. 

ОУВС-ийн тулгасан неолиберал бодлогын хамгийн радикал хэлбэр болох “шок эмчилгээ”-г ямар ч бэлтгэлгүй, яаруу цочир хэрэглэж зах зээлийн эдийн засаг эхэлж. Ингээд Монгол улсад 1990 оноос хойш юу болж байгааг энд хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. 

“Цочир эмчилгээ”-г Польш, Орост хэрэг­лэсэн гээд  бичдэг. Жишээ нь Польшид аль 1980 онд хэрэглэсэн хор­лон­той загварыг ОУВС хийж өгч тэгээд; Та нар ханшаа унага, та нарт зээл өгнө, ханшаа унагахгүй бол зээл өгөхгүй гэж шахаад байж. Мөнгөний ханшийг унагаах ОУВС-ийн хэрэглэдэг шок эмчилгээний гол зорилго нь рублийн зонд байсан ор­нуу­дыг долларын бүсэд оруулаад тэд­нийг эрхшээлдээ оруулж авах бод­лого явуулж тэгээд бүгд яваад орц­гоо­сон. 1990 ээд онд доллар бүр мө­сөн нурах байсныг ЗХУ –ыг задалж дээ­рэмд­сэний хүчээр уналтыг хойш­луул­сан гэж судлаачид үздэг юм билээ. 

УИХ -д олонх эрх баригч намуудын хүчин чармайлтаар ОУВС-ийн баримталдаг либерал монетар зах зээлийн бодлогыг 1990 оноос хойших Монгол Улсын бараг бүх засгийн газар гадны зээл тусламжаар хэрэгжүүлж ирж. “Цочир эмчилгээ”-нд хохирсон олон орны нэг нь яах аргагүй манай улс.

Югослав улсыг ОУВС хэрхэн бүрэн сөнөөн устгасан бас Чили, Никарагуа, Польш, Чех, ОХУ, Украйн... гээд ОУВС-ийн бодлогыг хүлээн авсан улс бүрд улс төр, эдийн засгийн үхлийн гүн хямрал нүүрлэж, иргэний дайн байнга дэгдэж байсныг олон түмэн санаж байгаа. ОУВС бол манай дэлхийн хамгийн харгис бодлоготой байгууллага бөгөөд тэдний бодлогыг хэрэгжүүлсэн улс бүр үндэсний эв нэгдэл нь сарниж, ард иргэд нь хоорондоо нам, үзэл баримтлал, хөрөнгө мөнгөөрөө хуваагдаж  үндэстэн хоорондоо дахин хэзээ ч эвлэршгүйгээр тэмцэлддэг болохыг МоАХ-ны анхдагчид бид мэддэг болсон. Неоколоничлол, неолиберализм, либерал монетар бодлогуудыг хэрэгжүүлэгчдийг  $-ийн эзэд ба мөнгөний эзэд гэж нэрлээд байгааг иргэд ойлгох хэрэгтэй.  Тэд үндэстэн дамнасан корпорацууд болон ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк  зэрэг байгууллагуудаар дамжуулан колончлолын бод­ло­гоо хэрэгжүүлдэг. Монгол Улсад либерал монетар либерализмын бүхий л согог өвчнүүд ажилгүйдэл, инфляци, төсвийн алдагдал, ядуурал, гэмт хэрэг авилгал монголын нийгмийн хөрсөн дээр хүчээр тулгагдан төлөвшиж тогтлоо. Неоколоничлол, неолиберализм, либерал монетар бодлогын нурангид массын орь дуу  тавьж байна ард түмэн минь!

-Харь гүрнүүдийн неоко­лончлолын бодлого  гэж та хэллээ. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?

-Манайхан “ардчилал сөнөлөө, ардчиллаа аваръя” гэж баахан хуурай орилдог боловч ардчилал гэх өргөн утгаар ойлгож болох энэ гоё үгний ард хаанахын ямар бодлого нуугдаж, отож байгааг олж харах онч хараа, мэргэн ухаан  бидэнд юу юунаас чухал болоод байна.  Бид их фанат, хэт гэнэн  байж дээ хөөрхий, ичмээр. Одоо ухаан орж хэрсүү суух хэрэгтэй.  Колоничлол ба далд колоничлолын асуудлыг бодлогын өндөр төвшинд шинэ өнгөөс харж судлах  хэрэгтэй болж. Колоничлол гэж ярихаар манжийн дарлал гэж бидэнд буудаг эсвэл Африкийн орнуудын тухай хуучирсан ойлголттой байдаг. Жишээ нь,  манай хоёр хөрш бол яах аргагүй том колоничлогч гүрнүүд.  Хятад  Монгол Улсыг өөртөө нэгтгэх эрмэлзэлтэй байдаг бол Орос  Монгол Улсыг далд колони статустай, геополитикийн  бамбай орон байлгахыг зорьдог. Үндэстэн дамнасан корпорацууд тэдний ард байгаа улс, гүрнүүд далд колончилолын бодлогоо байгалийн баялаг ихтэй орнуудад эрчимтэй хэрэгжүүлж өөрийн харааны улс болгодог байх нь. Монгол Улс одоо Орос, Хятадын далд колончилолд 1990 оноос үндэстэн дамнасан корпорацууд гэгдэх барууны мөнгөний эздийн мэдэлд  давхар нэрвэгдсэн гэж болох юм. Үүний цаана Монголд нууц авлига явагдаж байна. Тэгэхээр Монголын авлига гэдэг нь зөвхөн дотоод биш гадаадын агуулгатай болж. Дотоод авлигын асуудлыг хянахын зэрэгцээ гадаад нууц авлигын асуудлыг буюу далд колоничлолын бодлогыг ойлгож гадаад далд авлигатай хүчтэй тэмцэх ёстой.

Монгол Улс 1924 оноос зөвлөлтийн далд колони орон болж эхэлснийг тэр үеийн хувьсгалчид гадарлаж эсэргүүцэж байсан учраас тэд бүгд хэлмэгдсэн. 1990 оны нэгдүгээр сарын Засгийн газрын 20-р тогтоолоор эхлүүлсэн зах зээлийн эдийн засаг /мөлжлөгийн эдийн засаг/ нь монголчуудыг ядуу байхад төдийгүй, хамгийн гол нь Монгол Улсын асар их ашигт малтмалын ордуудыг том колоничлогч гүрнүүд эрхшээлдээ оруулахад чиглэгдсэн байжээ. МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлаар ..Монголын баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого үйл ажиллагааг таслан зогсоож Эрдэнэт, Мардай, Асгат, Заамарын ордуудыг нэн даруй хааж  цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг нийт ард түмнээрээ хэлэлцүүлж шийддэг журам тогтоохыг шаардаж байсан нь яг мөн чанартаа Оросын далд колоничлолын бодлогыг эсэргүүцэж гаргасан шаардлага байдаг. Гэтэл одоо яав.  манай газар нутгийн 55 хувийг гаднынхан лицензээр эзэмшиж байгаа тухай албан бус тоо нэлээд хэдэн жилийн өмнө сонссон. Юун Эрдэнэт Мардай, Заамар, Асгатын ордуудаа хаах, бүр олон ордуудыг лицензээр алдсан тухай өчнөөн жил ярьлаа. Захын хүн, гадна дотнын хувийн компаниуд Монголын газар нутаг, баялгийг  лиценз гэгч ямар ч үнэгүй цаасаар ширхгийн  бараа адил зарж  худалдаалж байгаа тухай  улиг болтол ярьцгаалаа. МоАХ-ны 1990 оны “Монгол орны баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого үйл ажиллагааг таслан зогсоох” тухай өргөх бичгийн шаардлага огт биелээгүй. 1990 онд хариуцлага тооцоогүй үлдээсэн  МАН/МАХН болон Монголын ардчиллаас урвасан хуучин МАН/АН-ын бүлэглэл  энэ улсыг мөхөл сүйрэл дампуурлын зам дээр авчирлаа. Э.Бат-үүл түүний хамсаатнууд Монгол Улсад ийм их гай тарьж, одоо ч тарьсаар л явна. Ер нь неоколоничлол, либерал үзэл санаа тээсэн нөхдөөс болгоомжлох тэдэнд төрийн жолоо атгуулах нь үндэсний аюулгүй байдалд хортой юм гэж ойлгоод байга

-Харь гүрнүүдийн неоко­лончлолын бодлогыг судалдаг судалгааны хүрээлэн, бод­ло­гын тинк танкууд болон  эрдэмтэн судлаачид манайд хэр байдаг вэ?

-Энэ асуудлыг судалдаг судалгааны хүрээлэн байдаг эсэхийг мэдэхгүй байна. Судалдаггүй бол төр үүнийг онцгой анхааралдаа авч  судалгааны хүрээлэнтэй болоход анхаарч хийгээсэй. Энэ бол Монголын орших уу  эс оршихын асуудал юм. Өнөөдөр манай тусгаар тогтнолд шууд нөлөөлж байгаа асуудал бол байгалийн баялаг, уул уурхайн салбар боллоо. Үүнийг нягт нямбай судалж төрийн бодлоготой болохгүй бол  үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж дотоод аюултай байдлыг бий болгож улмаар тусгаар тогтнолоо алдахад хүргээд байна. Бид ангалын ирмэг дээр ирчихээд байна. Энэ сэдвийг олон жил судалгаа хийж тэмцдэг эрдэмтэн бол доктор П.Нэргүй, реалполитик судлаач Д.Болор, судлаач Т.Баярхүү,  эрдэмтэн Сома нар байна. Бас геополитикч С.Буянцогтоо, Буянгийн Жаргалсайхан гээд хүмүүс бий.   Өнгөрсөн түүхээсээ гашуун сургамж авах, цаашид  эрдэмтэд, судлаачдынхаа үгийг сонсож бүтээлийг нь уншиж мэдэх цаг болж. Ялангуяа улс төрийн намын гишүүд, удирдагчид, бодлого тодорхойлогчид УИХ, Засгийн газрын гишүүд  болон тагнуул,  тусгай албаныхан, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд үүнийг зайлшгүй судалж зохих мэдлэгийг хуримтлуулах хэрэгтэй юм билээ.. УИХ дахь АН-ын бүлгийн арваад гишүүн өчигдрөөс /2021.5.6-наас/  талбай дээр улстөрийн өлсгөлөн зарлалаа. “Рио Тинто” тэргүүтэй гадаадын неоколончлогдын захиалгаар УИХ-д үүрлэсэн  МАН-ын  синдикат мафижсан бүлэглэл, тонуулч луйварчин Сү.Батболд, У,Хүрэлсүх нараар удирдуулан Монголын ард түмний язгуур эрх ашгаас урваж  Монгол Улсын бүх хууль цаазыг зөрчин, төрийг уландаа гишгэн нулимж байгаа энэ балмад булай үйлдэл нь далд колоничлол манай улсад ямар хүчтэй нөлөөллөө тогтоосны яруу тод илрэл юм. Ард түмэн минь ойлгоцгоо, ухаарцгаа, нэгдэцгээ. Ирээдүйд үлдэх эх орноо гадаад дотоодын далд колоничлогчид тонуулчид, луйварчдын савраас салган авахыг уриалж байна. 

#МонголынМэдээСонин 2021 оны тавдугаар сарын 07. Баасан. №058 (5463)

#ЯрилцахТанхим