МҮИС-ИЙН ДОТУУР БАЙРЫГ 600 ОРТОЙ ЭМНЭЛЭГ БОЛГОН АШИГЛАНА

Нийгэм, Эдийн засаг

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.05.04/ цахимаар боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдах ажилтнууд, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар оролцлоо.

Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногт болсон Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг  даалгаврын ажлын биелэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.  Тодруулбал, дүүргийн Засаг даргын 01 дүгээр Албан даалгаврын биелэлт, дүүргийн нутаг дэвсгэр дэх эвдэрсэн камер, гэрэлтүүлгийн ажлын талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Үүнд, дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, ногоон байгууламжийг нэмэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах. Гудамж, зам талбай дахь орц гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгаж, орчны зам засвар, тохижилт, тэмдэг тэмдэглэгээг байршуулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулах талаар санал солилцсон. Мөн БГД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт замыг өргөтгөх ажлыг хийхтэй холбоотойгоор зам дагуу байрласан гаражийг буулгах. Энэ ажлыг эхлэхээс өмнө оршин суугчид болон гараж эзэмшигчдэд  мэдэгдэл хүргүүлж бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болгосон юм. 

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд: 

Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлж. Үүнтэй холбоотойгоор хороодын Засаг дарга болон Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд, Сургуулийн захирлуудыг нэгдсэн зөв зохион байгуулалтад оруулж, олон нийт рүү хандсан нөлөөллийн ажлыг ажлыг зохион байгуулах. Цар тахлын үед гэрээсээ ажиллаж буй төрийн албан хаагчдыг дайлчилж CALL CENTER ажиллуулах, ингэснээр вакцинжуулалтын талаар иргэдэд зөв мэдээлэл өгүүлэх.

Хөл хорионы дэглэмийг шат дараатай бууруулахаас өмнө Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/-ийн дотуур байрыг 600 ортой эмнэлэг болгох бэлтгэл ажлыг бүрэн хангах. Тус эмнэлэгт ажиллах эрүүл мэндийн ажилтнууд болон цагдаагийн болон мэргэжлийн хяналтын алба хаагчид ямар хуваарь, чиг үүргийн дагуу ажиллах төлөвлөгөөг яаралтай баталж, зохион байгуулалтын ажилдаа орох. 

Дүүргийн хэмжээнд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг эрчимтэй зохион байгуулах. Нийтийн эзэмшлийн талбай болон тоглоомын талбай, байрны орц, цахилгаан шат зэргийг ариутгаж халдваргүйжүүлэх. СӨХ-гүй байруудад онцгойлон анхаарал хандуулах.  

Гэртээ тусгаарлалтад байгаа иргэдийг витаминжуулах ажлыг үргэлжлүүлэх. Ингэхдээ өмнө нь гэрийн тусгаарлалтад байсан 500 иргэнийг витаминжуулалтын багц олгосон бол энэ ажлыг үргэлжлүүлж одоо гэрийн тусгаарлалтад байгаа 500 иргэнд мөн дээрх багцыг олгох.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүргийн дагуу дүүргийн хэмжээнд авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх. Дүүргийн хэмжээнд түгжрэл хамгийн их үүсдэг авто зам, осол их гардаг цэгүүдийг тодорхойлох. Дүүргийн Замын цагдаагийн газраас хэлтэс энэ ажилд анхаарлаа хандуулж хэрэв шаардлагатай бол авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар Замын хөдөлгөөнийг удирдах төв болон Нийслэлийн удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэх болно гэсэн юм.

Эх сурвалж: БГД-ийн Засаг даргын тамгын газар