Ц.БУЯНЦОГТОО: МАНАЙД ТОГТСОН УЛСТӨРИЙН СОЁЛ МӨХӨЖ БУЙ УЛСАД БИЙ БОЛДОГ НИЙТЛЭГ ҮЗЭГДЭЛ

Улс төр

Евразийн Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ц.Буянцогтоотой Монгол Улсын гадаад харилцааны өнөөгийн байдлын талаар ярилцлаа. 

-Монгол Улсын гадаад харилцааны өнөөгийн байдал ямар байна вэ?

-Ер нь гадаад, дотоод гэлтгүй улсын маань байдал онцгүйхэн байна. Гучин жил ардчиллаар тууштай замнаад эцэстээ “дампуурсан улс” гэх ангилалд орох хэмжээнд хүрэх шив дээ. Гадаад харилцаа тааруу, гадаад бодлого гэхээр олигтой юмгүй, урсгалаараа явдаг, өөрийн гэх бие даасан бодлогогүй, тэр хэрээрээ олон улсын тавцанд нэр хүндгүй тийм л улс болж хувирсан. Яахав, эдийн засгийн хувьд 1990 оныхоос хэд дахин томорсон, хүмүүсийн амьдралын түвшин дээшилсэн гээд тоо дурддаг л юм. Тийм байж болно. Гэвч, жинхэнэ утгаар нь авч үзвэл тэр үеийнхээс доошоо орсон зүйл зөндөө бий. Гадаадын хөрөнгө оруулалт татлаа, олон улсын ардчиллын эгнээнд нэгдэн орлоо энэ тэр гэх боловч гадаад ертөнц дээр нэр хүндгүй улс болж хөгжлөө. Оюутолгой гэдэг асар том ордод дэлхийн мангар том компани хөрөнгө оруулалт хийлээ, дэлхийн капитализмын нэг хэсэг боллоо, гуравдагч хөршийн ашиг сонирхлыг бий болгож чадлаа гэж хөөрцөглөж байсан боловч эсрэгээрээ, бүр тэрнээсээ эс юм боллоо шүү дээ. Оюутолгойн хөрөнгө оруулагчид биднийг хулхидсан, манай улстөрчдөд авлига өгсөн, тэр бүхнээ дарах гэж манай улсыг элдвээр дарамталдаг, жишээлбэл, олон улсын санхүүгийн хар, саарал жагсаалтад удаа дараа оруулж Засгийн газарт, бас өнөө авлига өгсөн улстөрчдөө дарамталдаг юм байна. “Экономист” сэтгүүл гэх мэт өөрсдийн том хэвлэлүүддээ манай дотоод асуудалд эрээ цээргүй орж хутгалдан хошуу дүрж биднийг цаг ямагт муулж байдаг боллоо. Английн парламентийн зөнөх дөхсөн хөгшин лордууд хүртэл Монголыг амны зу­гаа­гаа болгож байдаг тийм л имижтэй улс боллоо. Дэл­хийн даяарчлагч нартай хэт зууралдаад ер нь ямар ч нэмэр­гүй юм байна гэдгийг бид эргэцүүлж ойлгохгүй бол болох­гүй цаг ирлээ гэж бодож байна.

-Дотоодын хэт их улстөр­жилт гадаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Манайд үүсэж тогтсон энэ улстөрийн соёл нь үнэхээр мөхөж буй улсад бий болдог нийтлэг гэмээр үзэгдэл. Африк хавьцаа иймэрхүү улс мэр сэр бий. Манай улс арай ч тийм байгаагүй. Өнөөдөр хар л даа, нэг нам нь гарч ирээд л “Ухаалаг Улаанбаатар” гээд уг нь их сүрхий цогц төлөвлөгөө байсныг хуугаар нь хусаж хаянгуутаа “Аз жаргалтай Улаанбаатар” болгоно гээд юу ч үгүй болгочих жишээтэй. Энэ бол зүгээр л нам намаараа талцсан тэнэг улстөр. Тэнэгрэлийн доод ёроол мөн. АНУ-д элчингээр суусан Ё.Отгонбаяр өөр намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн санаачилга гээд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд оруулахад дэмжлэг үзүүлэх хуулийг тус улсад гаргуулах талаар хуруугаа ч хөдөлгөхгүй хээв нэг биеэ оторлож суусаар хэдэн жилийг барж гэх шив дээ. Тэгээд зогсоогүй намынхаа дарга нарын хүүхдийг сургуульд үнэгүй сургаад өг гээд дүүрэн алдаатай захидал бичээд сууж байдаг гэнэ...Энэ мэтээр намаар талцсан ултөржилт улсынхаа нэр хүндийг дэлхий дахинаа унагахын доодоор унагаж гүйцлээ.

-Тэгэхээр гадаад харилцааны асуудлыг улс төржүүлээд байгаа юм байна. Энэ нь асар их сөрөг нөлөө дагуулах л байх даа?

-Аливаа улсын төрийн бодлого гадаад бодлогоосоо эхэлдэг. Яагаад гэвэл улс гэдэг этгээдийн амьдрах орчин нь гадаад дэлхий, олон улсын тавцан юм. Тэр тавцан дээр бусад улстай, уралдаж өрсөлдөж амьдардаг. Тийм учраас аливаа төрийн бодлого гадаад талдаа нэгдмэл нэгэн цул байдаг жамтай. Тэгж байж хөгждөг. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, түүний дараа гарч ирсэн Ж.Байден нар гэхэд ав адилхан гадаад бодлого хэрэгжүүлж байгааг өнөөдөр бид харж байна. Манайхаас бусад улс ер нь бүгд тийм. Манайх гэж үндсэндээ Төргүй улс болчихлоо доо. Төргүй болсны харгайгаар даян дэлхийд нэр хүндгүй дам­пуурсан улс болоод удаж байна.

-Таны ярианас үзвэл гадаад харилцааны бодлого дампуу болжээ. Гэтэл сүүлийн үед улс орнууд геополитикийн асуудлууд гэж  ярьдаг болсон шүү дээ?

-Дэлхийн хоёрдугаар дайнаар тогтсон дэг журам энэ цагт ирээд нурж эхэллээ. Дэлхийн дэг журам өөрчлөгдөх нь.  Тийм учраас дэлхийн геополитикт томоохон тектоник өөрчлөлт гарч эхэлсэн. Өнөөгийн олон улсын байдлыг 1930-аад оны нөхцөл байдалтай адилтгаж үзэх боллоо. Геополитикийн эрин үе эргэж ирлээ ч гэж хэлж байгаа нь тийм учиртай юм. Өнөөдөр Америк, Хятад гэсэн хоёр том гүрний хооронд өрнөж буй сөргөлдөөн дэлхийн геополитикийн орчин дахь хамгийн том үйл явдал болж байна.  Д.Трампын үед ширүүсэж эхэлсэн энэ сөргөлдөөнт харилцаа  Ж.Байден Ерөнхийлөгч гарч ирснээр улам эрчимжиж байна. Цаашдаа шинэ төрлийн хүйтэн дайн үүсэж тогтно гэсэн таамаглал ч хүчтэй явж байна. АНУ тэргүүтэй ардчилсан улсуудын эвсэл үүсэн бий болж Хятадыг ганцаардуулах зорилгоор “хайрцаглах” бодлого хэрэгжүүлж эхэллээ. Энэ дайн  манай улсын улстөр, эдийн засагт шууд нөлөөлнө. Бид энэхүү айсуй яваа дэлхийн дэг журамд гарах томоохон өөрчлөлтийг урьдчилан судалж, шаардлагатай бэлтгэлийг амдаж хангах ёстой.

Монгол Улсын Засгийн газрын хувьд энэ байдлыг ухаарч ойлгож байгаа шинж одоогоор алгаа. Өнөө л нам хоорондын улайрсан тэмцэл нь эцэс төгсгөлгүй үр­гэлжилсээр... Үнэндээ ямар ч урам алга.

Гэхдээ, манай улсын гео­политикийн хувьд анхаарал тат­сан, нэгэн онц чухал ач хол­­бог­долтой бодлого хэрэг­жиж байгааг заавал дурдах ёстой. Энэ бол сүүлийн жилүү­дэд хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ төмөр зам” төсөл юм. Далан­задгад-Тавантолгой-Сайншанд-Баруун урт-Эрээнцав гэсэн чиглэлээр үргэлжилж ОХУ-ын Алс дорнодын далайн боомттой холбогдох боломжтой болно. Энэ бол сонгодог геополитикийн логикоор авч үзвэл манай улсын хувьд асар чухал ач холбогдолтой төрийн стратеги юм. Эх газрын түгжигдмэл улсын хувьд далайд гарцтай болж, Хятад гэх дэлхийн хамгийн том зах зээлээс хэт хамааралтай байх аюулыг саармагжуулах ач холбогдолтой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Бид ердөө хоёрхон хөрштэй. Геополитикийн шинжлэх ухааны үгээр хэлбэл хоёр том дайсантай улс. Бүх улс бие биендээ дайсагнаж байдаг гэдэг бол сонгодог геополитикийн аксиом юм. Энэ хоёр дайсны хамгийн аюултай нь Хятад. Энэ том аюулыг сөрөхийн тулд бид Оростой хамтрахаас өөр замгүй. Ингэж байж манай тусгаар тогтнол баталгаажна. Тэр утгаараа Орос бол бидний нөхөр байх ёстой. Өөр сонголтгүй. Дашрамд хэлэхэд, миний үгийг мушгиад Хятадын эсрэг үзэлтэн  болгох гэж улангасан дайрах хэрэггүй гэдгийг манай “өмнөдийн фракцийнханд” эелдгээр анхааруулъя. Би Хятадыг үзэн ядах үзэл яриагүй, геополитикийн шинжлэх ухаан ярьж байна. Геополитикийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл бид ийм л тавилантай улс. Тиймээс манай улс эдийн засгаараа өмнөд хөршөөс хэт хамааралтай болчихсон өнөөгийн байдлаас яаралтай ангижруулах явдлыг төрийн зүгээс тэргүүн зэргийн бодлогоо болгох ёстой. Улмаар бид үндэстний хувьд Хятадад уусах үзэгдлээс цаг ямагт сэргийлж байх ёстой. Тэд ч уусгах бодлогыг зориудаар хэрэгжүүлж байдаг нь нууц биш. Хүн ам цөөн, Хятадтай арьсны өнгө ижил, царай зүсээр ойролцоо манай үндэстний хувьд энэ бол том аюул мөн. Уусгах бодлого хэрэгжүүлж буй Хятадыг муулах шаардлагагүй. Харин бид түүнд нь  автахгүй байх бодлогоо ил тод зарлаад хэрэгжүүлээд явахад хэн ч биднийг буруутгахгүй. Харин ч мануусыг ухаалаг юм байна гэж магтаж, хүндэтгэх болно.  

-Тэгэхээр бид яах ёстой юм бэ. Өнөөдөр манайх байтугай дэлхийд Хятадгүй юм байхгүй болсон гэдэг?

-Хятад гэх энэ том гүрнээс улам бүр хамааралтай болсоор байгаа бодит байдалдаа бид дүгнэлт хийж, энэ байдлаас аль болох хурдан хугацаанд хэрхэн ангижрах вэ гэдэгт хариу эрэх нь манай үндэстний тэргүүн зэргийн ашиг сонирхол байх ёстой. Гучин жилд бид улсынхаа эдийн засгийг хөгжүүлж бие даалгах тал дээр маш муу ажиллалаа. Юу ч хийсэнгүй. Үндсэндээ зүв зүгээр ардчилал гэж донгодож явж байгаад өмнөд хөршийнхөө ам руу өөрсдөө гүйгээд орчихлоо. Мэдээж, үүнд юун түрүүн бид өөрсдөө буруутай. Нөгөө талаас өмнөдийн бодлого бас эрчимтэй хэрэгжиж байна. Өөрсдөө юу ч мэдэхгүй юм болохоороо тэр бодлогыг сайн дураараа дэмжээд хөөрөгдөөд баахан гүйчихлээ. Одоо  үүнийгээ ойлгож эхэлмээр байна. Гэтэл бас тэгж өгөхгүй л байна. Ойлгоогүй учраас дээрх “Шинэ төмөр зам”-ын төслийг манайхан баахан шүүмжилдэг. Шүүмжилж байгаа хүмүүст  “Та нарын наад үзэл бодол чинь Монголын эсрэг, Хятадын төлөө чиглэсэн зүйл мөн шүү” гэдгийг хатуухан анхааруулж хэлье. Ямар ч эрүүл саруул сэхээтэн хүн энэ зэргийн логикийг ойлгох ёстой. Тиймээс ямар угсаа гаралтай, ямар үзэл бодолтой байхаас үл хамааран монгол хүн бүр үндэстнийхээ эрх ашиг дээр нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үндэстний эрх ашигт илэрхий харш зүйлийг сурталчлаад байдгаа болих хэрэгтэй. Угаасаа манай дампуу улстөр ийм байдлыг үүсгээд байна л даа. Манайд байгаа хамаг муу муухайгийн эх ундарга нь дээ­рээсээ, улстөрөөс эх авч байна.

-Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадахгүй байгаа гэсэн. Үүнээс улбаалсан ямар нэг хор хохирол гарах болов уу?

-Хор хохирол гаралгүй яах вэ... Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж чадахаа больсон нь манай улстөр маш гүнзгий хямралд орсны шууд шинж мөн. Яг үнэн хэрэгтээ ҮАБЗ-ийн хурал бол муу муухайн үүр болсон УИХ-ын чуулганаас ч хамаагүй чухал хурал. УИХ гэж тийм сайн сайхан газар биш, буруу шийдвэр гаргах өндөр магадлалтай, гаргасаар ч байна гэдгийг ард түмэн мэдэхтэйгээ болсон доо. ҮАБЗ-ийн хурал бол манай улсын хувьд хамгийн чурал, дээд хэмжээний  хурал мөн юм. Энэ хурлын шийдвэрийг улс даяар бүх байгууллага үг дуугүй биелүүлэх үүрэгтэй.

Манай Үндсэн хууль ихээхэн дутагдалтай. Ялангуяа, засаг­ла­лын хэлбэр тал дээр маш учир ду­таг­дал­тай. Дэлхийн хаана ч байх­гүй тийм бантанг зуураад хаясан байдаг. Гэтэл тэр том дутагдлыг нөхөх боломжтой ганц давуу тал байдаг нь энэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг институц юм билээ. Манай Үндсэн хууль гүйцэтгэх засгийн эрх мэдлийг саармагжуулаад юу ч биш болгож хаячхаад, УИХ-д маш их эрх мэдэл өгчихсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр түүнийг нь улам лавшруулсан. Уг нь бол ор­чин үеийн төрийн засаглалын аль ч хэлбэрт төрийн монарх шин­жийг хадгалсаар байна. Гүй­цэт­гэх засгийн эрх мэ­дэл том байх ёстой. Мэдээж хуу­лийн хүрээнд. Гэтэл манайд бүх юман дээр УИХ нь толгой дээр гарч сандайлчхаад байна. УИХ нь Зас­гийн газрыг огцруулж болно. Гэвч гүйцэтгэх засаг нь УИХ-ыг та­раах эрхтэй байх ёстой юм. Энэ меха­низмыг аваад хаячихлаар жин­хэнэ хаана ч байхгүй бантан болч­хоод байгаа хэрэг. УИХ гэх мөн­гө­тэй л бол ямар ч хулгайч ороод суучих боломжтой энэ инс­титуцэд найдаж улс орны эрх аш­гийг даатгах боломж үнэхээр алга.

ҮАБЗ-ийн хуралдаанд манай гурван өндөрлөг ордог. Тэнд зөвшилцлөөр шийдвэр гаргадаг. Үе үеийн гурван өндөрлөгүүд энэ хуралдаа өндөр ач холбогдол өгдөг, олон ч чухал шийдвэр гаргасаар ирсэн байдаг. Үндэсний эрх ашгийг хамгаалах чухал институц. Гэтэл өнөөдөр  хурлаа хийж чадахгүйд хүрсэн нь манай улстөрийн хямрал хүрч болох хамгийн доод цэгтээ тулсны илрэл мөн гэж бодож байна.

-Та дээр яриандаа ма­найд намчирхдаг үзэл давам­гайлсан гэлээ. Хүмүүс төрийн дээр нам гарчихлаа гэж ярьдаг. Тэгвэл манай нөхцөлд төрийн ямар тог­тол­цоо тохиромжтой юм бол?

-Сүүлийн 8 жилд МАН гэдэг нам дангаар засаглах боллоо. Төрийн дээр энэ нам гарчихлаа. Түүний илрэл нь ҮАБЗ-өө хуралдуулж чадахгүй болсон явдал мөн л дөө. Төрийн тогтолцоо гэдгийн хувьд өдгөө манайх Парламентын засаглалтай гэгддэг. Ерөнхийлөгчийн засаглал гэх сонголт бий. Миний хувьд аль нь ч манайд байх боломжтой гэж боддог. Гагцхүү бид орчин үеийн төрийн засаглалын онолын суурь зарчмуудыг маш сайн ойлгож түүний дагууд засаглалаа хуульчлах хэрэгтэй. Манай хуульчид, философичид, төрийн онол судалдаг эрдэмтэд үнэндээ юу ч мэдэхгүй байна. Харамсалтай нь, бодит байдал үнэхээр тийм л байна. Үүний баталгаа нь манай Үндсэн хууль. Ийм Үндсэн хууль, төрийн засаглалын тогтолцоотой улс хаана ч байхгүй. Энэ тухай яриад хэлээд ойлгох амьтан нэг ч алга. Манайх шиг ингэж УИХ буюу парламентаа  толгой дээрээ залаад хамаг эрх мэдлийг өгчихсөн улс дэлхий дээр хаана ч байхгүй. Бүтэн дөрвөн  жилээр хэн ч, юу ч халдаж болдоггүй тийм институц гэж байж болохгүй. Ийм тэнэг тогтолцооноос болоод бид улсаараа, үндэстнээрээ мөхөл рүү явсаар байна.

Парламентын засаглал, Ерөн­хийлөгчийн засаглалын аль нь ч байж болно. Гагцхүү хаана ч байх ёстой, баримтлах ёстой түгээмэл зарчим гэж бий. Түүнийг дураараа өөрчлөөд одоогийнх шиг хаана ч байхгүй тэнэг тогтолцоо бий болгож л болохгүй. УИХ-д том эрх мэдэл хуваарилсныгаа манайх хоёр  том хөрштэй, тэдний нөлөө орж ирээд гүйцэтгэх засгийн тэргүүнийг өмнө хойно аваачаад буу тулгах, эсвэл цаазаар авна гэж байгаад манай улсыг самарчхаж магадгүй гэсний үүднээс парламент нь хамаг юмаа мэддэг байхаар хуульчилсан ухааны тайлбарыг өнөөх мэдлэггүй хөгшин хуульчдын нэг нь хэлж байна лээ. Тэгвэл өнөөдөр УИХ гэдэг 76-хан гишүүнтэй тэр институцийг чинь гадаадынхан худалдаад авчихдаг юм байна гэмээр дүр зураг үүсчхээд байна. Энэ чинь буруу тогтолцоо юм байна гээд одоо засах хэрэгтэй биз дээ. Тийм цаг нь ирлээ гэж бодож байна. Гүйцэтгэх засагт бүрэн эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. УИХ-ын 76 мангуугаас айж болгоомжлоод  Засгийн газар олигтой ажиллана гэж байхгүй юм байна гэдгийг бид 30 жилд хангалттай харлаа.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр  бол гүйцэтгэх засгийн тэргүүний эрх мэдлийг хувааж эзэмшдэг. Төрийн монархын эрх мэдэл энэ хоёр институцэд хуваагдаж байгаа юм. АНУ-д бол төрийн монарх нь Ерөнхийлөгч байдаг. Анхны буюу 1992 оны хувилбар нь одоогийнхоос хавьгүй дээр юм байсныг хэд хэд өөрчилснөөр одоо бол жинхэнэ бантан болчихлоо. Тиймээс манайд тэр тогтолцоо нь илүү дээр гэсэн юм байхгүй.  Юун түрүүн төрийн онолын суурь зарчмыг алдагдуулж болохгүй гэдгийг л анхааруулмаар байна. Дахин хэлье. Манайх шиг дөрвөн  жил хөдөлгөөнгүй сонгогддог парламенттай, тэр нь төрийн хамаг эрх мэдлийг авчихсан улс хаана ч байхгүй. Сонгуулийг шаардлага гарсан үед хийдэг байх ёстой юм. Нэг жилд хэд хэдэн удаа ч хийж болно. Тэгээд ирвэл хулгайч нар асар их мөнгөөр УИХ-ын гишүүний суудал худалдаж авдгаа болино. Гүйцэтгэх засаг, Хууль тогтоох засаг, Шүүх засаг гэсэн гурван  тэнцүү тулгуурт төрийн эрх мэдлийг тэгш хуваарилах ёстой. Тэглээ гээд муу юм огт болохгүй. Гүйцэтгэх засаг нь буруу шийдвэр гаргавал түүнийг нь хэлэлцээд хүчингүй болгох, улмаар огцруулах эрх нь парламентад мэдээж байх ёстой.

-Монголын ардчилал мөхлөө. Нэг намын системд, тоталитар дэглэмд  эргээд орох нөхцөл бүрдлээ гэж сүүлийн үед ярьж байна. Та судлаач хүний хувьд энэ тал дээр ямар байр суурь, бодолтой явдаг вэ?

-Ер нь тийм хандлагатай болж эхэллээ. Одоо энэ МАН гэдэг нам Ерөнхийлөгчийн сонгуулийг заавал авах ёстой гэсэндээ хэт улайрч байна. Энэ хүмүүсийн улайрсан шуналд тулах ёроол гэж үгүй бололтой. УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авснаасаа хойш энэ намын хийж хэрэгжүүлсэн бодлого дотор гялайж гялтайх юм байсангүй. Бас л өнөө сонгуулийн шоу болсон мөнгө, халамж тараахаас бусдаар хэлэх тэмдэглэх юм бий юү. Асар их хэмжээний өр зээл тавилаа. Ар араасаа цуварсан үй олон завхралуудыг нь бид сайн санаж байна.  2016-2020 оны хооронд МАН-ын улстөрчидтэй холбоотой үй олон гэмт хэрэг, завхрал бий. Гэсэн хэрнээ л УИХ-д дийлэнх олонх боллоо. Энэ нам одоо хүчиндээ дэндүү эрдэж байна. Би хувьдаа МАН-аас  энэ гэх олигтой бодлого чиглэл харахгүй байна. Тэдэнд найдаж болохоор юм юу ч алга. Тэд улам бүр тоталитар шинжтэй, улам бүр улстөрийн эрх мэдэлд шунахайрсан шинжтэй болж байна. Сүүлийн 30 жилд бүрэлдэж тогтсон буруу улстөр өөрөө өөрийгөө устгах үйл явц руу орлоо гэж үзэж байна.

-Дэлхий даяар тархаад байгаа  “Ковид-19” цар тахал улс орнуудын харилцаа, нийгэм, эдийн засагт ямар ямар өөрчлөлт авч ирж байна вэ?

-Билл Гэйтс тэргүүтэй дэлхийн тэргүүн баян даяарчлагчид янз бүрийн элдэв зөгнөл гэмээр юмыг аль хэдэн жилийн өмнөөс эхэлж ярьсан байна лээ. Тэрбээр  нэг удаа “дэлхий даяар бүх хүнийг вакцинжуулах замаар дэлхийн хүн амын тоог үр ашигтайгаар хянах боломжтой” ухааны юм ярьжээ. Энэ ямар учир утгатай үг юм бүү мэд. Ганц Билл Гэйтс ч биш, Францын алдарт стратегич Жак Аттали гэх мэтийн том толгой даяарчлагчид дэлхийн дэг журам өөрчлөгдөнө. Шал өөр дэлхий бий болно ухааны юм ярьж бичээд л байна. Тэгээд бодохлоор энэ цар тахлыг тэд урьдчилан харж байсан бололтой. Цар тахлын дараа дэлхий ертөнц яг ямархуу дүр төрхтэй болох талаар надад одоогоор төсөөлсөн юм алга. Ямар ч л байсан их том өөрчлөлт бий болох нь.

Дэлхий даяараа энэ цар тахалтай тулж, үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Манайх харин харьцангуй их тайван байж ирлээ. Харамсалтай нь, манай эрх баригчид аанай л улстөрийн эрх мэдлээ зузааруулах шуналаа эн тэргүүнд тавьсаар, эцэстээ энэ тархалтыг хяналтаасаа алдчихлаа. Бидэнд маш их цаг хугацаа байсан. Бусдын туршлагыг судалж мэдэж, болзошгүй аюул тулахад авах арга хэмжээг урьдчилан маш сайн бэлдчих боломж бүрэн дүүрэн байсан л даа. Даанч түүнийг ашигласангүй. Өнгөрсөн сонгуулийг хийхгүй хойшлуулж байгаад, тахлын эсрэг арга хэмжээг авч, эдийн засгаа унагахгүй талаар өчнөөн ажил хийж болохоор байлаа. Маш хариуцлагагүй. Үнэхээр хариуцлагагүй. Одоо хэр нь түүнийгээ ойлгосон юм алга. Ерөнхийлөгчийн сонгууль гээд “алалцаж” байна.

-Бид Үндэсний бренд гаргана. Дэлхийд өрсөлдөнө гээд л ярьдаг. Энэ талын судалгаа шинжилгээ хийсэн зүйл ер нь байдаг уу?

-Өнөөг хүртэлх манай аж үйлдвэрийн бодлого үндсээрээ буруу явж ирлээ. Даяарчлалыг дэмжсэн бодлого явуулаад үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд амжилтад хүрсэн улс энэ дэлхий дээр байхгүй. Хонконг, Сингапур энэ тэр бол огт өөр жишээ. Тэд даяарчлагчдын сүлжээнд багтаж, тэдний үйл ажиллагааг дэмжих зангилаа төв болсон учраас хөгжсөн түүхтэй. Даяарчлалын бодлогыг харанхуйгаар даган баясаад үндэсний үйлдвэрлээ хөгжүүлээд аж үйлдвэрээ босгоно гэж байхгүй. Даяарчлалын мөн чанарыг маш сайн ойлгосны үндсэн дээр өөрийн үндэсний эрх ашгийг хамгаалангаа даяарчлагчидтай хэрхэн харьцаж, хэрхэн наймаалцаж, арга эвийг нь олж явах вэ гэдэг ухаан маш чухал. Чөлөөт зах зээлийг хөгжүүллээ гээд, гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй орууллаа гээд, татварыг багасгалаа гээд хөгждөггүй юм байна гэдгийн хамгийн тод жишээ нь манай улс болж чадлаа. Сүүлийн 30 жилийн түүхээ сайн судлаад тэр алдаагаа засаж залруулах хэрэгтэй байна. Энэ 30 жилд сурсан бүх зүйлээ хаях хэрэгтэй. Сурсан бүх мэдлэгээ хаяад жинхэнэ дэлхий ертөнц ямар дүрмээр явдаг, улс гүрнүүд ямар замаар хөгждөг юм гэдгийг ойлгосон тэр мөчөөс бид зөв замдаа орно. Тэгээгүй цагт бид үйлдвэрлэлээ хөгжүүлж дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэх боломжгүй.

-Манайхан гадаадаас аливаа зүйл хуулбарлах дуртай. Ялангуяа хууль эрх зүй, нийгэм, улс төрийн салбарт илүү ажиглагддаг. Жишээ нь Ашигт малтмалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль гээд гадаадаас шууд хуулсан. Энэ нь манай нөхцөлд тохирохгүй байна гэсэн шүүмжлэл бий?

-Ардчилал буюу хэт эрх чөлөөг шүтсэн либерал үзэл гэгчийг шүтсэний хар гай манайд маш хүнд тусаж байна. Ардчилал гэдгийг бид давын өмнө чөлөөт сонгууль гэж ойлгоход хангалттай. Түүнээс хэтрүүлээд хүний эрх, эрх чөлөө гээд Төрийг үгүйсгэх элдэв янзын ойлголтуудаар толгойгоо дүүргэснээсээ салах хэрэгтэй. Хамгийн гол нь бие даан бодож сэтгэх замаар Төрөө бүтээх ёстой. Харийн үзлийг харанхуй шүтээд төрөө бүтээж, бэхжүүлж чадахгүй. Даяарчлагчид бол аливаа Төрт улсын хүчийг аль болохоор сулруулах эрхэм зорилготой, тийм үзэл санаатай хүчин. Даяарчлагчдыг бид хэт шүтэж, тэдний хэлсэн болгоныг хийсээр ирлээ. Ашигт малтмалын тухай хууль бол даяарчлагчдын хамгийн түрүүн зааж өгч биднээр хийлгэсэн зүйл мөн. Монголын газар нутгийг лиценз гэдэг А4-ийн ганц цаасаар чөлөөтэй арилждаг механизмыг хуульчилж өгсөн хэрэг. Үүнийг хүчингүй болгох хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийг өмнөд хөршөөсөө хуулах шиг боллоо. Сүүлийн үед өмнөд хөршийн хууль эрх зүйн тогтолцоог шүтэх хандлага хүчтэй илэрч эхэллээ. Энэ бол ноцтой зүйл. Даяарчлалын дараагийн шат руу орж буй бололтой.

-Аливаа улс оронд үндэсний үзэл гэж нэг айхтар зүйл бий. Бид Чингис хааны үр хойч, агуу үндэстэн гээд цээжээ дэлдээд байдаг. Энэ үндэсний үзэл мөн үү. Ер нь ямар зүйлийг үндэсний үзэл гээд байна вэ?

-За тэр өвөг дээдсийнхээ нэрийг хэлж цээжээ дэлдэхийг бас буруутгаад хэрэггүй. Төр нь байхгүй болчихоор энэ ард түмний чинь цусанд оршсоор буй хүсэл зориг нь сэтгэлийн хөдлөл хэлбэрээр илэрч буйд буруу юм байхгүй. Энэ дэлхий дээр эрт дээр үеэс анхлан Төрийг бүтээж үндэстэн болж бүрэлдэж чадсан цөөхөн үндэстний нь нэг бидний монголчууд юм. Харин харамсалтай нь энэ цаг үед төрийн маань хүч хамгийн сул дорой байдалд ороод байна. Тэр байдлыг ард түмэн маш сайн ойлгож мэддэг боллоо. Ард түмний олонх энэ хоосон улстөржсөн намуудын хийрхлээс салж, Төрөө жинхэнэ утгаар бүтээж эхлэхийн чухлыг маш сайн ойлгож, ярьж хэлэлцдэг болоод удаж байна. Харамсалтай нь, үүнд саад тээг болж буй нь өнөөх л бузар булай улстөр юм. Энэ бузар булай улстөрөөс ангижрахын төлөөх тэмцэл эртнээс эхэлсэн гэж бодож байна. Ард түмний тархин дотор энэ тэмцлийн үр аль хэдийнээ соёолж эхэлжээ. Муухай улстөр нь ч аяндаа өөрөө өөрийгөө устгах шинжийн үйл явцыг эхлүүлчихлээ. 

Үндэсний үзэл гэдэг бол Төрийн тулгуур улстөрийн үзэл санаа юм. Үндэсний үзэл буюу Nationalism гэдэг тэрхүү үзэл санаагаар Төрийг бүтээдэг. Үндэсний үзэл гэдэг маань тухайн үндэсний мандан бадарч, хүчирхэгжин дэвжих хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг. Үндэсний үзэлгүйгээр Төрийг бүтээх боломжгүй. Төргүйгээр үндэстэн бүрэлдэх боломжгүй. Төр нь ард түмнээ Хүчирхэг Үндэстэн болгож бүтээдэг учиртай. Үүний тулд Төр оршдог. Төр бол тухайн ард түмний сүнс нь гэсэн үг. Төрийг үзэл санаа гэдэг талаас нь ойлговол зохино. Нэг ёсондоо Төр, Үндэсний үзэл хоёр угтаа бол нэг л зүйл, нэг зүй­лийн салшгүй хоёр тал мөн байх нь. Дэлхий дээрх хүчир­хэг төртэй том гүрнүүд бүгд л үн­дэсний үзлийнхээ ачаар тийн­хүү хүчирхэгжиж хөгжиж байдаг. 

Үндэсний үзэл муухай, эх оронч үзэл гоё гэх ухааны яриа бий. Шал худлаа үг. Өнөөх л коммунистууд, даяарчлагчдын зориуд зохиосон худал домог. Эх оронч үзэл гэж үндэсний үзэлдээ багтана. Үндэсний үзэл гэж өөрийн үндэстнийг хамгийн сайн, бусад үндэстнийг үзэн ядах үзэл огт биш. Улс орон бүр үндэсний үзэл­тэй, түүнийхээ хүчээр Төрөө засаж хүчирхэгждэг жамтай. Даяарч­лалын хамгийн гол дайсан Төр бай­даг. Тиймээс даяарчлал ноёлж ирсэн он жилүүдэд Төрийг үгүйс­гэх, Үндэсний үзлийг доош хийх үзэг­дэл газар авсаар ирлээ. Харам­сал­тай нь, эдүгээ мөнөөх Даяарч­лал гуай өөрөө өөрийгөө уст­гах замдаа орлоо. Дэлхий да­хи­наа үндэсний үзэл сэргэж байна.

Монгол Улсад ч үндэсний үзэл сэргэж, хөгжиж эхэлж байна. Үндэсний үзэл гэдэг маань мэдээж цогц мэдлэг мөн. Энэ мэдлэгт бид эмх цэгцтэй суралцаж, хөгжүүлэх ёстой. Үндэсний үзэл үгүй болсон учраас энэ муухай улстөрийн эцэс төгсгөлгүй тэнэгрэл үргэлжилсээр байна. Тиймээс монголчууд бид үндэсний үзлээ сэргээн хөгжүүлж, Монгол Төрөө бэхжүүлж, улс үндэстнээрээ мандан бадрахын төлөө хичээн зүтгэх ёстой цаг үе тулж ирээд байна. Үндэсний үзэл гэдэг бол тухайн ард түмний ирээдүйн замыг чиглүүлэн заах шинжтэй үзэл санаа юм. Үндэсний үзэлд тухайн үндэстний түүхэн ой санамж, ёс уламжлал багтахын зэрэгцээ үндэстнээ манлайлан авч явах удирдагч давхаргынх нь мэдлэг, эрдэм, өөрөөр хэлбэл ирээдүйгээ бүтээх ухаан, чадвар бас багтана.