"ХҮЧИТ ШОНХОР" ЗАХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА ГЭВ

Эрэн сурвалжлах

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл дуусгавар болжээ. Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсээс тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хаягласан албан бичигт “Хүчит шонхор ХХК-ийн Шонхор худалдааны төв нь 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсноос хойш "Хүчит шонхор" ХХК нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй болно” хэмээжээ.

 

 

Энэ талаар бид "Хүчит Шонхор" ХХК-ийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Бид дүүрэгтэй нэг жилийн хугацаатай гэрээг жил бүр байгуулдаг. Харин өнгөрсөн онд дүүргээс ‘Захынхаа камерыг соль’ гэсэн шаардлагыг тавьж, гэрээгээ сунгахаас татгалзсан. Цар тахлын улмаас захиалсан камер маань ч цагтаа ирж амжилгүй, их хугацаа өнгөрсөн. Харин одоо шинэ камернуудаа солиод бараг дуусч байна. Удахгүй шинэ гэрээгээ байгуулна” гэв.

Мөн бид энэхүү асуудлыг хариуцаж буй Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргатай холбогдоход “Ажлаа аваад долоохон хонож байгаа тул энэ асуудлын талаар мэдээлэлгүй байна” гэв.