МАН ДОТОРХИ “СЕКС” ЗОДООН

Улс төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн сүр бараанд дарагдаад чимээгүйхэн өрнөж буй улс төр бол Ардын намын дараагийн даргын төлөөх “зодоон” юм. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд явах нь тодорхой. Түүнд эргэж буцах зам үлдээгүй. У.Хүрэлсүх ялсан ч, ялагдсан ч МАН үймж, Засгийн газар өөрчлөгдөнө. Уг өөрчлөлт МАН-д энэ цаг үед хүчтэй байгаа 70-аад оныхон болон шинээр эрчимтэй хүч түрж буй 80-аад оныхон нарын хооронд “дайн” дэгдээх нь. У.Хүрэлсүхийн үлдээсэн бүхэн дээр эрх мэдлийн төлөөх үе хоорондын тулаан МАН-д битүү өрнөж байна. Мэдээж 70-аад оны хэдийг спикер Г.Занданшатар, 80-аад оныхоо төлөөллүүдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар “толгойлж” байгаа. Тэгэхээр намын даргын өрсөлдөөн энэ дунд өрнөнө

 Иргэн Б.Сүндэръяа хүчирхийлүүлсэн тухайгаа нэлээн удаан нууж байгаад гэнэт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын талаар илчлэв. Түүний үлээсэн шүгэл МАН-ыг тэр чигт нь босгоод зогсохгүй даргын төлөөх үйл явцыг эрчимжүүллээ. Түүний ёс бус үйлдлийн золиос болж байсан гэх эмэгтэйчүүд бөөн бөөнөөрөө гарч ирэн, эцэст нь Ц.Анандбазар хуулийн байгууллага, Ёс зүйн байнгын хороонд нэгэн зэрэг “шүүлгэхээр” боллоо. Хачирхалтай нь түүний асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгөв. Яг энэ үйл явдлын араас Ц.Анандбазар болон Г.Занданшатар нарын хоорондоо ойрхон тухай яриа саарал ордноор улам хүчтэй “тэнүүчлэх” боллоо. Анзаарууштай нь Б.Сүндэръяа хамгийн анх хүчирхийлэгч гэрчийнхээ нэрийг хэлэлгүй маниусыг “зовоож” байхдаа спикерийн нэрийг онцолж дурдав. Тэс хөндлөнтөж ганцхан Г.Занданшатарын нэрийг цохон тэмдэглэхдээ Ц.Анандбазарыг УЗ-өөр дэмжүүлж, УИХ-ын сонгуульд өрсөлдүүлсэн хүн нь эрхэм спикер гээд хэлчихсэн. Санаандгүй үйлдэл лав биш. Нөгөө талаар Ц.Анандбазар гэдэг хүн өөрөө асуудалтай нь улс төрийн золиос болоход нь нөлөөлж буй бололтой. 1000 гаруй охид, бүсгүйчүүд түүний эсрэг METOO хөдөлгөөнд нэгдэж, гомдол мэдүүллээ. Өөрөөр хэлбэл Ц.Анандбазарын өө сэвээр дамжиж Г.Занданшатарыг “бай” болгох гэсэн үндсэн үйлдэл бололтой. Яагаад хүчирхийллийн хэргээр “хүчирхийлүүлж” буй Ц.Анандбазараар дамжиж УИХ-ын даргыг чангаагаад байгаа вэ гэж үү. Дээр өгүүлсэн У.Хүрэлсүхийн үлдээсэн “өв”-ийг хүртэж МАН-ыг ирээдүйд залах өндөр магадлалтай хүн нь Г.Занданшатар. 80-аад оныхон улс төрөө амжилттай хийхийн тулд өрсөлдөгчдийнхөө лидерийг татаж унагахыг хичээнэ. Намын дарга нь Ерөнхий сайд байх дүрмээ дагаад Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийг явахаар эрх мэдлээ зангидана. Чадахгүй бол Ерөнхий сайдаа хүртэл алдана. Угаасаа намар засаг хөдлөх нь тодорхой тул 70-аад оныхоны дээгүүрээ “алхаад” гарчихсан Л.Оюун-Эрдэнийг ковидын үеэр муу ажилласан гээд огцруулах операц явагдана. Улс төрд ямарваа нэгэн бүлэг, фракцийн лидерийг нь унагачихад хүссэн, хүсээгүй дагалдагчид нь унаж, сарнин алга болдог бичигдээгүй “хуультай”. Тэгэхээр гол бай нь Ц.Анандбазар биш Г.Занданшатар байх магадлалтай байх талаар саарал ордноор шивнэлдэж эхэллээ. Тэд чадахгүй бол 80-аад оны хэд нь өөрсдөө нуран унана. 

Нэгэнт нэгнийгээ татаж унагах том зөрчил үүссэн тул эцсийн үзэх нь лавтай. Тиймээс Ц.Анандбазарын дараагаар хүчирхийллийн хэрэгт холбогдох бас нэгэн гишүүн байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярилцаад эхэлчихэж. Илчлэгдэх эсэх нь эргэлзээтэй ч, улс төрийн үйл явцад нь хэрэгтэй гэвэл Ц.Анандбазарынх шиг ахиад гаргаад л ирнэ. Харин тэр гишүүн нь 80-аад он талаас байх уу, 70-аад оны төлөөллөөс дахиад нэгийг нь “шонд өлгөх үү” гэдэг сонирхолтой байна. Магадгүй үе хоорондын “зодоон”-ыг эцсийн шатанд хүргэж мэдэх л юм.   Үе солих “байлдаанд” оролцохоор 70, 80-аад оноороо хуваагдаад байгаа Ардын намынхны хүчний тэнцвэр ийм байна. Эрх мэдлийн төлөөх тулаан ирэх намар угаасаа МАН дотор хүссэн хүсээгүй үүснэ. Үүний эхлэл аль өнгөрсөн онд л мэдрэгдэж байсан. Хэрэв санаж буй бол 80-аад оны төлөөллүүдийн гол лидер болчихоод байгаа Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга бай­хад нь тагнаж чагнасан хэ­рэг гэнэт өндрөө авч байсан даа.  

Өнгөрснийг сайн ажиг­ла­вал 80-аад оны том тө­лөөл­лийн дүрээр намын ген­секээр ажиллаж байгаа Д.Амар­баясгалан орон нут­гийн сонгуулийн дараа Д.Сумъяабазарыг шахаанд оруул­сан. Орон нутгийн сон­гуульд ялалт байгуулсан Нийс­лэлийн МАН хотын даргаар хэнийг тавих дээр маргаж байхад генсек тэргүүтэй 80-аад оны төлөөллүүд бодлогоо гүйл­гэж Д.Сумъяабазарыг гишүү­нээс нь татгалзуулаад хот руу илгээсэн. Генсек Д.Амар­баясгалан уг мэдэгд­лийг зарлахдаа хичнээн баяс­галантай байсныг бичлэг ухраагаад үзээрэй. Тухайн үед Д.Сумъяабазар тун дургүй байсан ч хүлээж авахгүй бол Нийслэлийн нам дээр асуудал үүсчих гээд байсан учраас уг тулгалтыг хүчээр хүлээж авсан билээ. Үүний үр дүнд мөнхийн асуудал нь ундарч байдаг хот дээр 80-аад оны том төлөөлөл Д.Сумъяабазар өнөөдөр “шороотой” хутгалдаж явна. Улс төрийн ньюанс нь ийм болохоор С.Амарсайханы тэргүүлсэн УОК болон Д.Сумъяабазарын НОК хоёр үргэлж шахуу үл ойлголцоод байдаг юм аа. 

Ийнхүү нэг хэсэг нам гүм байсан Монгол улс төрд эрх мэдлийн дахин хуваарилалт болох магадлал өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

#МонголынМэдээСонин 2021 оны тавдугаар сарын 03. Даваа. №056 (5461)

#СондгойӨнцөг