АНУ ОРОС ДАХЬ ЭЛЧИНГЭЭ ЦОМХОТГОЛОО

Дэлхийн мэдээ

АНУ ОХУ дахь элчин сайдын яамны консулын ажилчдаа 75 хувиар цомхтгож, Оросын иргэдэд визний үйлчилгээг хязгаарлагдмал түвшинд  үзүүлэхээ мэдэгдлээ. Вашингтоны энэ шийдвэр ОХУ-д гадны дипломат төлөөлөгчийн газарт ажиллах суугаа орны гэрээт ажилчдын тоог хязгаарлах тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм байна. Харин Москва АНУ Оросуудын дийлэнх хувьд визний үйлчилгээ үзүүлэхгүй болсон энэ “найрсаг бус алхам” хоёр орны харилцааг улам муутгаж байна гэж буруутгасан байна.

Москва дахь Америкийн ЭСЯ ажилчдаа цөөрүүлсэнтэй холбоотойгоор энэ сарын 12-ноос консулын үйлчилгээний тоог цөөрүүлж байгааг мэдэгджээ. Тухайлбал, АНУ тавдугаар сарын 12-ноос эхлэн консулын үйлчилгээг зөвхөн яаралтай зорчих шаардлагатай Америк иргэдэд үйлчлэх, цагаачлалын визийг зөвхөн яаралтай тусламж үйлчилгээ авах иргэдэд олгох зэргээр хязгаарлаж, дипломат бус энгийн паспорттой иргэдэд цагаачлалын бус виз олгохоо зогсоох аж.

Ингэснээр ОХУ-ын дипломат алба хашдаггүй, ногоон карт эзэмшигчээс бусад энгийн иргэд АНУ-д аялал жуулчлал болон бусад зорилгоор зорчих визний өргөдлөө эх орондоо гаргах боломжгүй болж байна. Өөрөөр үгээр бол Америкд зорчих Оросын энгийн иргэд гуравдагч улс дахь Америкийн ЭСЯ-аар дамжиж, виз мэдүүлэх шаардлагатай болох нь. Мөн Америкийн засгийн газар визний хугацаа нь дуусаж байгаа иргэдээ 6 дугаар сарын 15-ны дотор ОХУ-аас гарахыг зөвлөжээ. Харин ОХУ-ын гадаад харилцааны яам Америк дахь консулын газрууд нь хүн хүчний дутагдалтай байгаа ч гэсэн 10 хоногийн дотор виз гаргасаар байгааг онцлоод, Америкаас иргэдээ авч ирээд ажиллах хүчээ нэмэхэд саад болох зүйл байхгүй гэж мэдэгджээ.

Мөн Орос дахь Америкийн дипломат ажилтны квот 455 байсан ч итгэмжлэгдсэн 280 ажилтан байгаа нь Вашингтонд ажилтныхаа тоог нөхөх хангалттай орон зайг олгож байна гэж Оросын гадаад яамны мэдэгдэлд онцолжээ. Оросын хувьд Америкийн засгийн газар 2020оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, холбооны агентлагуудын системд цахим халдлага үйлдсэн зэрэг үндэслээр хориг арга хэмжээ зарласны хариуд Америкийн ЭСЯ болон консулын газруудад Орос болон гуравдагч орны иргэдийг ажиллуулахыг хориглох алхам хийсэн гэж Өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлж байна.