МоАХ-НЫХОН 1990 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27-НЫ ТҮҮХТ ӨДРИЙГ ЭРГЭН САНУУЛАВ

Улс төр

1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд МоАХ, МоАН-аас АИХ-ын Тэргүүлэгчдэд хандаж тулган шаардах бичиг илгээн “1.Ардын түр хурлыг нэн даруй байгуулах, 2. Ард түмний онц зөвлөлийг улс төрийн хүчнүүдийн тэгш оролцоотойгоор байгуулах, 3.МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг  Засгийн газрын ордноос гаргаж, МоАХ, МоАН-ын ажиллах хэвийн нөхцөл хангаж байр олгох” гэж шаардан хариуг 27-ны өдрийн 12:00 цагт Сүхбаатарыг талбайд нийтэд уншиж танилцуулахыг хүсчээ. Харин дөрөвдүгээр сарын 26-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга хариугаа хэвлэлээр өгөхдөө “МоАХ, МоАН-д МОНЦАМЭ агентлагийн “Монголия” сэтгүүл, “Новости Монголии” сонины редакцын байрлаж байгаа байрыг өгсөн боловч голоод авсангүй.  МАХН эрх баригч нам учраас Төв хороог Засгийн газрын байрнаас гаргах хэрэггүй юм. Дөрөвдүгээр сарын 27 нь баасан гараг, ажлын өдөр тул жагсаал хийхгүй байхыг хүсье” гэсэн байна. Энэ  хариуг хангалтгүй гэж үзсэн учраас МоАХ-ны жагсаал хийх шийдвэр хэвээр үлдсэн аж.

Ингээд “Монгол хүн бүр Монголынхоо төлөө шийдвэрлэх үгээ хэлэх цаг өнөөдөр боллоо. Иймээс эх орон нэгт та бүхнийг энэ сарын 27-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг уриалан дуудаж байна” гэснээр жагсагчид өөр өөрийн дүүрэгт зохион байгуулалтад орж төв талбайд иржээ. Энэ үеэр Засгийн газрын ордныг цэрэг, цагдаагийн хамгаалалтад авсан байна.  Эрх баригчид АИХ-ын Тэргүүлэгчдийн 86 дугаар зарлигийг давтан зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохоо чанга яригчаар зарлаж байсан гэдэг.  Энэ өдрийн жагсаалд 100 гаруй мянган хүн оролцсон гэдэг мэдээ бий. Хүмүүс бие биеэ шахан урагшилж, эгнэн жагссан цэрэг, жагсаалд оролцогсдын хооронд   зайгүй болж эхлэхэд МоАХ-ны зохицуулагч С.Зоригийн “Дэмжиж байгаа нь суугаарай, ухраад нэг, хоёр, гурав” гэсэн үгээр олны түрлэг саатаж цэрэг иргэдийн мөргөлдөөн гарахаас сэргийлсэн талаар бичигдсэн үлдсэн байдаг.  Энэ түүхэн өдрийг тохиолдуулж Баянгол дүүргийн МоАХ-ны гишүүд үзэл бодлоо өчигдөр /2021.04.27/ илэрхийлсэн юм.

Баянгол дүүргийн МоАХ-ны дарга Л.Алтансүх.

-Өнөөдөр улс орны байдал туйлын хүнд байна. Нэг намын дарангуйлалд орох магадлал маш өндөртэй байгаа энэ цаг үед улс орны хэмжээнд иргэдийг хөл хорионд оруулаад улс төрийнхөө эрх чөлөөг эдлэх, эвлэлдэн нэгдэх, жагсах, бүх эрх чөлөөг хашсан.  Энэ үед Баянгол дүүргийн Ардчилсан холбооноос  эсэргүүцлээ илэрхийлэн тэмцэж байна. Өнөөдөр /2021.04.27/ түүхэн өдөр, дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг бид бүхэн дэмжиж байгаа. МАН эрх барьж байгаа энэ олон жилүүдэд улс орныг маш хүнд байдалд оруулж  явуулж буй бодлого шийдвэр иргэдийн  аж амьдралыг олон арван жилээр хойш нь татлаа.  Ийм бусармаг байдалтай бид тэмцэж байгаа. ЖДҮДС-гийн мөнгө  хулгайлсан хүмүүс нь УИХ-д гардаг, 60 тэрбумын схемээр сонгогдсон хүмүүс нь төрийн эрх барьдаг, бүр эцэстээ цэрэгжих байдалд МАН орсон байна. Эдгээр нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар татан буугдах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байгаа.  МАН ийм олон хууль зөрчсөн үйлдэл гаргасан учраас  Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж  Улсын Дээд шүүхэд өргөн барьсан байгаа юм.  Энэ бол хуулийн дагуу хэрэгжих ёстой. Хууль хэрэгжихгүй бол бид тэмцлийнхээ дараагийн хэлбэрт орно. Эрх баригчид ямар нэгэн байдлаар иргэдийн хөлийг хорьж, хөдөлгөөнийг хааж өөрсдийнхөө бусармаг байдлыг улам их лавшруулж байна. Мөн дээрээс нь иргэдийн амьдрал ахуй үндсэндээ маш хүндэрсэн.  Сүүлийн 31 жилийн 26-д нь МАН эрх барьсан. Энэ хугацаанд иргэдийн амьдрал доройтож 98 хувь нь ядуу гэсэн ангилалд орчихсон, улс орны хөгжил туйлын хүнд байна. Ингээд зогсохгүй эцэстээ нэг намын дарангуйлалд орох магадлал маш өндөр болсон. Ийм учраас ахмадууд бид  ирээдүйнхээ улс орны төлөө, ирээдүйнхээ үр хүүхдийнхээ төлөө жагсаж тэмцэх болно.   

Баянгол дүүргийн МоАХ-ны гишүүн С.Эрдэнэцэцэг.

-Өнөөдөр дөрөвдүгээр сарын 27, МоАХ-ны хувьд 1990 оны дөрөвдүгээр сарын 27 ны өдөр Сүхбаатарын талбайд анхныхаа маш том жагсаал цуглаан хийж байсан юм. Энэ жагсаалаар  Ардын түр хурал, Ард түмний онц зөвлөлийг байгуулах шаардлагуудынхаа хариуг нэхсэн юм. Иргэд энэ түүхийг мэдэж байгаа байх. Тухайн үед “С.Зориг агсан маань намайг дэмжиж байгаа нь суугаарай” гээд бүх хүмүүсийг талбай дүүрэн суулгаж байсан. Жагсаалд олон  мянган хүн өөрийнхөө итгэл, сэтгэлээр нэгдсэн.  Ардчилал, ардчилсан нийгмийг хүсэж, эрх чөлөөтэй үгээ хэлдэг, амьдралынхаа төлөө, ирээдүйнхээ төлөө тэр үед 20 хэдэн настай жагсаж байсан хүмүүс өнөөдөр ахмадууд болчихсон дахин тэмцээд зогсож байна. Энэ түүхэн өдрөөрөө МоАХ-ны Удирдах зөвлөл хууль хүчнийхэнд хандсан уриалга гаргаж, ард түмнийхээ талд байж авлигач, дарангуйлагч намын эрх баригчдад зориулж үгээ хэлж байгаа юм. Уриалгад ардчилал, эрх чөлөөний төлөө эвлэлдэн нэгдэж үгээ хэлж байгаа иргэдийн  эсрэг  үйл ажиллагаа явуулж хөөж тууж, тараахгүй байгаач ээ гэсэн байгаа. Манай Баянгол дүүрэгт ардчилал хөгжсөн, түүнийхээ хүчээр маш их олон том бүтээн байгуулалт хийсэн байдаг. Монгол Улс,  үндэстнийхээ төлөө тэмцэгч Чингүнжавын  хөшөөний дэргэд  бид үгээ хэлж байна. Хуулийнхаа дээр гараад суучихсан МАН-ын  захиалгаар, даалгавраар шүүх, Үндсэн хуулийн Цэц, цагдаа, хүчний байгууллага нь ч тэдэндээ үйлчилдэг болсон энэ муухай үзэгдлийн эсрэг бид уриалгаа бариад  зогслоо. Харамсалтай нь  Баянгол дүүргийн цагдаа нар  хүч түрэмгийлээд бидийг тараалаа. Биднийг дэмжсэн  иргэдийг байр байрных нь гадаа хорьж цагдсан. Өнөөдөр яг Гитлерийн үеийн фашист цагдаа нар шиг хандаж байна. Тэр үед Еврейчүүдийг яадаг байлаа даа, орон байрнаасаа гарсныг нь буудаж  хөл гишгүүлдэггүй байсан шиг монголчуудыг МАН ийм байдалд хүргэчхэж. МАН татан буугдах ёстой.  Монгол Улсын Ерөнхийлөгч захирамжаа гаргасан. Тэгэхээр татан буугдах ёстой  дарангуйлагч намын даалгавраар цагдаа, хууль хүчнийхэн маань ажиллаад байгаа нь үнэхээр харамсалтай, гутамшигтай байна. Эх орондоо тангараг өргөхдөө ард түмнийхээ аюулгүй байдал сайн сайхны төлөө, тэднийг хамгаална  гэж  тангараг өргөдөг. Гэтэл  МАН гэгч дарангуйлагч намын төлөө, энэ намын үүрэг даалгавар биелүүлэгчээр ажиллаж байгаа нь үнэхээр туйлын харамсалтай. Бид 31 жилийн өмнө  залуу насандаа тэмцэж байж олж авсан ардчилал өнөөдөр алга болчихжээ. Монгол Улсад ардчилал байхгүй болсон байна, Ерөнхийлөгчийнхөө захирамжийг ч биелүүлдэггүй, дагадаггүй ийм хуультай, хуулийнх нь дээр нам гарчихсан улс орон болчхож. Монголчууд бид нэг тэнгэртэй, нэг газар шороотой, нэг хувь заяатай тийм болохоор бид сэрэх хэрэгтэй байна. Ардчиллыг дарангуйлсан байдалтай яг энэ чигээрээ байх юм бол үр хүүхэд, ач гуч тэдний маань ирээдүй бүрхэг боллоо. Бид аминдаа хайргүйдээ гудманд гараад зогсоод байгаа юм  биш. Бүгд л энэ цар тахалтай тэмцэж байгаа. Гэхдээ бид ухамсартай улсууд шүү дээ, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх нөхцөл бололцоог хангаад  хариуцлагаа ухамсарлаад 15 минутын лайв жагсаал хийе гэсэн юм. Үнэхээр биднийг эвлэлдэн нэгдэх, цуглахыг цагдаа нар хааж чадаж байна. Ийм нийгэмд үр ач, ирээдүй минь үлдэнэ гэхээр үнэхээр харамсалтай,  гэртээ суух ямар ч аргагүй болсон юм. Гэртээ сууж байгаа хүмүүст хэлэхэд монголчууд коронагаар сөнөхгүй харин дарангуйлагчдын гарт,  эрх чөлөөгүй байдалд орж ардчиллаа алдсанаараа мөхөл рүүгээ явж байна. Уул нь бид түүхэндээ мундаг тэмцэгч ард түмэн шүү дээ. Энэ тэмцэгч зан чанар маань хааччихваа. Ард түмэн минь бид нартай нэгдэн  жагсах гэсэн боловч цагдаа нар үнэхээр хүлээж авсангүй.  Нэг намын даалгавар гүйцэтгэгч болж. Үндсэн хуулийн Цэцийн гаднаас яаж хүмүүсийг баривчилж, ачиж байлаа, одоо бас тэгэх л байх. Жил бүхэн С.Зориг агсныхаа хөшөөнд цэцэг өргөж ирсэн.  Харин энэ жил цэцэг өргөж чадаагүй. Монголд ардчилал байхгүй болжээ. Ард түмэн минь сэрээчээ, ардчиллаа аврах уу, устгах уу гэдэг иргэн бүрээс, хүн бүрээс  шалтгаалахаар болсон байна.

#МонголынМэдээСонин 2021 оны дөрөвдүгээр сарын 28. Лхагва. №053 (5458)

#Дэлхий