Д.Нямхүү: Долоон хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

Нийгэм, Эдийн засаг

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Цэргийн сургуулийн оюутны хувьд тусгаарлагдсанаас хойш 14 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр зөв гэдгийг харуулж байна.

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. Эдгэрсэн хүмүүс 14 хоног эмчилгээ хийлгэсэн цэргийн сургуулийн оюутнууд.

Өнөө өглөө Алтанбулаг боомтоор 340 иргэн орж ирсэн. Тэднээс 40 хүнийг ХӨСҮТ-д хүлээн авч тусгаарлалаа" гэв.