АНХААР: ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛУУДААС ИХЭВЧЛЭН ХАЛДВАР ИЛЭРЧ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Сүүлийн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн КОВИД-19 халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар
 

  • Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол - 21995
  • Эдгэрсэн хүний тоо - 11877
  • Нас барсан - 44
  • Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо - 18876
  • Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо - 2549 байна. 
     

Улаанбаатарт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгаа бөгөөд орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгааг ЭМЯ-ын хэвлэлийн төлөөлөгч анхаарууллаа. Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг иргэдэд сэрэмжлүүлж байна. 

"Өнөөдөр мэдээлж буй халдварын тоо энэ удаагийн хатуу хөл хорионоос өмнө халдвар авсан хүмүүсийг хамарч байгаа ба тэдгээр өвчтөнүүдийн нууц үе өнгөрснөөр илэрсэн тохиолдлууд гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж байгаа. Хатуу хөл хорионы үр дүн хараахан гарах болоогүй. Ирэх долоо хоногоос үр дүн мэдрэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа. Өнөөдрийн бодит байдлаар бол Улаанбаатар хотын тэр дүүрэг, тэр хороо, тэр байр халдварын эрсдэлтэй байна гэж хэлэх боломжгүй болсон. Таны эргэн тойронд халдвар тарсан байгаа гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй" гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа. 
 

ОРОН НУТАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН БАЙДАЛ
 

  1. Дархан-Уул +33 (Нийт 287)
  2. Орхон +2 (Нийт 282)
  3. Сэлэнгэ +4 (Нийт 349)
  4. Хэнтий +11 (Нийт 43)
  5. Дорнод +8 (Нийт 15)
  6. Сүхбаатар +12 (Нийт 126)
  7. Дундговь +2 (Нийт 28)
  8. Дорноговь +0 (Нийт 59)
  9. Чойр +0 (Нийт 32)
  10. Төв +22 (Нийт 494)
  11. Булган +0 (Нийт 72)
  12. Архангай +8 (Нийт 249)
  13. Баянхонгор +8 (Нийт 76)
  14. Өвөрхангай +0 (Нийт 183)
  15. Хөвсгөл +0 (Нийт 58)
  16. Завхан +0 (Нийт 19)
  17. Увс +0 (Нийт 13)
  18. Ховд 5 (Нийт 162)
  19. Баян-Өлгий +0 (Нийт 2)

Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ. 

Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ. Тодруулбал, 44 настай, эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. Мөн 51 настай, эмэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. Өөр нэг өвчтөн дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэж байгаад амьсгал хураажээ. 

Өчигдөр эмнэлгээс 190, гэрийн тусгаарлалтаас 237, нийт 427 хүн эдгэрсчээ.