Г.ОТГОЧУЛУУ: ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ХЯНАЛТГҮЙ МӨНГИЙГ ХЭНД ӨГӨӨД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Засгийн газраас коронавирустэй тэмцэх хүрээнд эдийн засгаа аврах, эрүүл мэндээ хамгаалах нэртэй 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэ нь жирийн аж ахуйн нэгж, иргэдэд хүртээлгүй, үр дүн муутай байгаа талаар эдийн засагчид байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Тэдний нэг  эдийн засагч Г.Отгочулуу байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн мөнгө, ажлын байр, эдийн засгийг дэмжих зээл нь байгаа онохгүй байна. Өөртөө болон өрөөл бусдад ажлын байр бий болгодог, жирийн иргэд, бизнес эрхлэгчид  хөнгөлөлттэй энэ зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь харамсалтай. Улсын төсвөөс гадуур,  төсөвтэй тэнцэх хэмжээний энэ их мөнгийг ямар ч хяналтгүйгээр хэнд өгөөд, яаж зарцуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Төсвөөс гадуур зарцуулж буй мөнгөнд тавьсан хяналт, тайлан ч алга. 

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд маш олон аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчид хаалгаа барьж дампуурлаа. Засгийн газраас тэдний үйл ажиллагааг сэргээх, дэмжих гэж хөнгөлөлттэй зээл өгөх гэж байгаа юм байна  гэж ойлгож байгаа. Уг нь жинхэнэ шударгаар очих ёстой хүндээ, аж ахуйн нэгждээ  очиж байвал сайшаалтай. Гэвч энэ бодлого нь хөрсөн дээр бууж хүрэх ёстой газраа очихгүй байна. Ийм учраас энэ бодлогоо эргэж хараад алдаа мадгаа засах ёстой. Хувийн хэвшлээ дэмжих хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шалгуур өндөр, орлого зарлагыг нь хардаг, барьцаа хөрөнгө шаардаж байгаа учраас энэ босгыг нь давах аж ахуйн нэгж, иргэн алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнес нь хумигдаж, хөл хорионд орсны улмаас орлогогүй болж хаалга үүдээ хаасан аж ахуйн нэгж, иргэн яаж ийм өндөр босго давж чадах билээ дээ.

Тэр их хэмжээний барьцаа гаргах чадвартай компани ч  цөөхөн үлдсэн. Маш ховор. Гарын арван хуруунд багтах төдий л байх.. Одоо дарга нарт ойрхон тэднийг тойрон хүрээлсэн анги давхаргын гэдэг юм уу эсвэл улсын төсвөөс тендер авч байсан компаниуд шигшигдээд үлдчихсэн байгаа. Гэтэл дэлхий ертөнцөд “байгалийн шалгарал” гэж байдаг. Яг ийм зүйл улс орнуудын эдийн засаг, бизнесийн ертөнцөд өрнөж байна. Байгалийн шалгарлаар  мэдээж илүү хүчтэй, орчин нөхцөлдөө дасан зохицож байгаа нь үлдээд явдаг шүү дээ. Харин манайд “Ковид-19” цар тахлыг далимдуулаад муу шалгарал явж байна. Шулуухан хэлэхэд  эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд л “Ковид-19” цар тахлын айдас дор  ард түмний нэрийг барьж цөөн хэдэн улс төрчдийн компанид ашигтай бодлого хэрэгжүүлээд байна. Монголчууд “чоно борооноор хулгайч дүйвээнээр” гэж ярьдаг даа. Иймд “Ковид-19” цар тахлын хямралыг далимдуулаад хөрөнгө мөнгө олоод авая гэсэн бодлого яваад байна уу даа гэж хардах үндэс байгаа юм. УИХ-д мэдээж хөрөнгө мөнгө зарцуулж орж ирсэн байх тэр мөнгөө олоод авчихъя гэсэн бодол эрх баригчдад байх магадлалтай. Гэтэл одоо л нийгэм, эдийн засгаа гэсэн тодорхой, дорвитой, оновчтой  арга хэмжээ авахгүй бол цаашдаа ажилгүйдэл, ядуурал улам өсөж, баян хоосны ялгаа шударга бус хуваарилалт гэрлийн хурдаар нэмэгдэнэ. Яваандаа чөлөөт зах зээл маань өөрөө аюулд орох  эрсдэлтэй болчихлоо. Эгэл жирийн иргэд, бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй зээл авч чадалгүй чөлөөт зах зээлээс шахагдан гарсаар байна хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн бизнес эрхлэгчид ч зээл олдохгүй хэт өндөр шаардлага тавьж буй талаар удаа дараа мэдээлэл хийсээр байгаа билээ.

#МонголынМэдээСонин   2021 оны дөрөвдүгээр сарын 16. Баасан. №048 (5453)

#ММТодруулга