Шатахууны үнэ буурсан учир такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриаллаа

Нийгэм, Эдийн засаг

 Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнэ буурсан асуудлаар мэдээлэх үеэр холбогдох байгууллагууд үнэтэй холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Өнөөдөр газрын тосны үнэ буурсан нь түүхэн явдал. Газрын тосны үнээ ил тод, иргэдэд нээлттэй болгох шаардлагын дагуу ажиллаж буйг ШӨХТГ-аас хэлэв. 

Тэгвэл иргэдийн хувьд шатахууны үнэ буурсантай адил бизнес эрхлэгчдийн бараа үйлчилгээний үнэ буурах уу гэх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Дэлхийд газрын тосны үнэ буурсан нь бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн үйл ажиллагаагаа ухамсарлаж, хэрэглэгчдээ дээдэлсэн шийдвэр гаргах, үнэ бууруулах боломжоо судлах зэрэг нөхцөл байдлыг үүсгэсэн. Холбогдох судалгаанаас харвал газрын тосны үнэ нийтийн тээвэр, хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, тариа, эмнэгийн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлдөг. Тэр утгаараа энэ цаг үед холбогдох газрууд иргэдийн эрх ашгийг хүндэтгэн, үнээ өсгөхгүй байхыг уриалж байна" гэв. 

Газрын тосны үнэ шууд нөлөөлдөг нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарууд үнээ бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэй

МҮЭХ-ны төлөөлөл "Иргэдийн орлого буурсан өнөө үед үнээ буулгахыг нийт ААН байгууллага, компаниуд иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах хэрэгтэй. Эхний ээлжид такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг км-т 800 төгрөгөөр явахыг уриалж байна. Дараагийн ээлжид нийтийн тээврийн газарт шаардлага тавихаар ярилцсан” гэв. 

Үндсэндээ шатахууны үнэ 30 гаруй хувиар буурч байгаа тул хэрэглэгчид гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг бууруулахыг хүсэх нь гарцаагүй. Тэр утгаараа газрын тосны үнэ шууд нөлөөлдөг нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарууд үнээ бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг мөн хэлэв.