АН-ын ээлжит бус Их хуралд оролцсон зарим төлөөлөгчийн сэтгэгдлийг хүргэж байна

Улс төр

З.Энхболд: АН даргаа сонгоод үйл ажиллагаа жигдэрлээ

.

УИХ-ын дарга, АН-ын дарга асан

-АН нийгэмд хоёр хуваагдсан мэт харагдаад байгаа. Энэ талаар та урд нь намын даргаар ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-АН-ын өмнөх  удирдлага нь дараагийн намын даргаа сонгох сонгуулийн үеэр  байр сууриа тавьж өгч чадахгүй төвөг үүсгэж байна. Би энд С.Эрдэнэ даргыг хэлж байна. Өнөөдөр намын даргын батламжаа гардан авсан О.Цогтгэрэлд Ц.Тувааны оронд  С.Эрдэнэ дарга тамгаа өгөөд явсан  бол ихэд баярлах байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Нөгөө талаар цар тахал үйл ажиллагаа явуулахад нэлээд саад болж байна. Гэвч Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн гишүүд, төлөөлөгчид намын Их хурлаа хийгээд цаашид АН-ын үйл ажиллагаа жигдрэх боллоо. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай намын үйл ажиллагаа цэгцэрч байгаа нь сайшаалтай.

-Тэгэхээр нөгөө талд явуулсан намын даргын сонгууль хүчингүй гэж үзэж болох нь ээ?

-Тийм. Яагаад нөгөө талын сонгууль хүчингүй гэхээр 2017 онд АН-ын  өмнөх  Их хурлаар батлагдсан Үндсэн дүрэм хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй.  Энэ Үндсэн дүрэмд цахим сонгууль гэдэг үг байхгүй. Тэгэхээр сонгуулийн санал хураалт цаасаар,  2017 оны хавар С.Эрдэнэ даргыг яаж сонгосон тэр дэг журмын  дагуу үйл ажиллагаа нь явагдаад дууссан учраас энэ сонгууль хүчинтэй.  АН-ын дүрмийн дагуу болсон цорын ганц сонгууль нь энэ юм. Нөгөө талд явуулсан гэх сонгууль нь хүчингүйд тооцогдоно.

-Өнөөгийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэсэн яриа гарсан. Таныг бас үүнд холбоод байгаа?

-Энэ бол МАН-ын гаргасан гүтгэлэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж байх үеийн УИХ-ын протоколыг аваад үзвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгоно гэж заасан. Уг заалт нь зургаан жилийн хугацаатай сонгогдсон Ерөнхийлөгчид хамаатай заалт. Монгол Улсад өнөөдөр зургаан жилийн хугацаатай сонгогдсон Ерөнхийлөгч байхгүй. Манай улсад дахин сонгогдож  найман жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс бий.  П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар юм.  Тэд бүгд зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь нээгдсэн. Үндсэн хуульд ийм л өөрчлөлт орсон. Үүнийгээ мөрдөх хэрэгтэй. МАН-аас У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болоод энэ бүх гүтгэлэг тараад байна. Дахин хэлэхэд энэ онд сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жил ажиллаад дахин нэр дэвших эрхгүй гэсэн өөрчлөлт л орсон юм.

-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуулийн хугацаатай. Энэ хугацаанд нь  АН дахиад Их хурлаа хийнэ. Тэгээд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорхой болох юм.

Ц.Туваан: АН тавдугаар сар гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

УИХ гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан.

-АН шинэ даргаа батламжлах ёслол болж байна. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-АН Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Үндсэн дүрмийнхээ хүрээнд намын даргаа сонгох дотоод сонгуулиа явууллаа. Ингээд намын даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл олонхийн санал авч сонгогдсон. Түүнийг өнөөдөр батламжилж буй талархалтай байна. Манай нийгэмд өнөөдөр хүний эрх, эрх чөлөөний асуудлууд өдөр хоногоор хумигдаж байна.  Тэгэхээр АН-ын дуу хоолой, хүчтэй үйл ажиллагааг ард иргэд хүлээж байгаа. Бид  энэ үүргээ биелүүлж та бүхнийхээ итгэлийг алдахгүй ажиллах болно.

-Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэдийд яаж сонгох вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулиар явагдана. Энэ хуулийн дагуу дөрөвдүгээр  сарын 30-наас  тавдугаар сарын 2-ны хооронд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна.

-Одоогын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гэх зүйлс яригдаж байгаа. Хууль зүйн талаас тэгж үзэх үндэс байгаа юм уу?

-УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, тус  намын гишүүн Д.Үүрцайх гэх хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл өгсөн байсан. Үүнд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гэсэн. УИХ хууль батлах тогтоох дээд байгууллага энэ хүрээндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд  өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нэр дэвших эрхгүй гэсэн заалт байхгүй. Хуульд байхгүй заалтыг Үндсэн хуулийн Цэц нэмж оруулах боломжгүй юм.   Үүнээс гадна Үндсэн хууль зөрчигдөөгүй байхад Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн гэх шийдвэр гаргах ёсгүй байдаг. Өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Шуудхан хэлбэл хууль батлагдсан өдрөөсөө цааш хэрэгждэг буцаж үйлчилдэггүй. Энэ удаагийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчөөс хойш хоёр дахь удаагаа гэдэг заалт байхгүй болно гэдгийг хэлье.

С.Эрдэнэболд: Нэг намын ноёрхлын эсрэг ардчиллын төлөө үзэл бодолтой хүмүүс нэгдэх ёстой

 

АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн АН-ын гишүүн.

-Ардчиллын төлөөх итгэл үнэмшилтэй хүмүүс энэ улсад дангаар ноёрхож байгаа нэг намын хязгааргүй эрх мэдлийг хязгаарлах,  иргэдэд боломжийг олгоход хамтарч ажиллах хэрэгтэй. Зөвхөн АН бус ардчиллын төлөө үзэл бодолтой хүмүүс энэ чиглэлийн улс төрийн хүчнүүд хамтарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа нь ч гэсэн өөрөө энэ зорилгыг биелүүлэхэд хүчин зүтгэл хувь нэмрийг оруулъя гэсэн ийм зүйл харагдаж  байна. Миний хувьд гэвэл АН-ын  даргын сунгаанд нэр дэвшихдээ тавьж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. АН-ын шинэ удирдлагын багт    дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны зарчмаар мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн асуудлаа   тавьж ажиллана гэсэн бодолтой байна даа.  

Д.Пүрэвдаваа: Шинэ дарга Л.Цогтгэрэл Ардчиллыг уналтын цэгээс нь босгоно гэдэг итгэлтэй байна

АН-ын даргын сонгуульд өрсөлдсөн АН-ын гишүүн.

-Дараалсан олон ялагдлын золиос нь АН-ын олон мянган гишүүд маань байдаг. Түүнээс биш дарга нар хохирч, ядуурч, ажилгүй болж, гадуурхагдаагүй ээ. Энэ олон мянган гишүүд сонгуулийн санал авах байрны гадаа гутлынхаа улыг эргэтэл санал авахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсээр ирсэн. Тийм учраас дараалсан ялагдал биш,  олон ялалтын төлөө бид, энэ  Их хурлын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн гэж бодож байна. Би О.Цогтгэрэл найзыгаа маш олон ялалтыг авчирж чадна гэдэгт бат итгэлтэй байгаа. Монголын Ардчилсан хувьсгал  31 жилийн түүхтэй.  Монгол Улс Ардчилсан хувьсгал хийхдээ нэг ч айлын цонх хагалаагүй.  Тэгвэл  АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл маань Монгол Улсад Ардчиллыг уналтын цэгээс босгосон гэдэг нэр хүндтэй  эрхэм болоосой хэмээн хүсэж  байна.

Ц.Ганхуяг: Тотилатор дэглэм  сэргэж байгаа тул хүн бүр сэрэмжтэй байх ёстой

Баянхонгор аймгийн АН-ын төлөөлөгч. 

-Энэхүү хүнд цаг үед АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлдээ ажлын их амжилтыг хүсье. Монголд Ардчилал байх уу, үгүй юу? гэх эгзэгтэй цаг үед хуралдаж байгаагаараа онцлогтой юм. Хүнд ачаа үүрэх нь тодорхой тиймээс илүү няхуур хандаж Монголын Ардчиллын нэр хүндийг өндөрт өргөж яваарай. Өнөөдөр олон зүйлд эргэлзээ тээнэгэлзэл, хүмүүсийн аж амьдралд оролцдог хуучин тотилатор дэглэм эргээд сэргэж байна. Энэ хүнд сөргөлдөөний нийгмийг даван туулах хүнд ачааг ганц О.Цогтгэрэл биш Монголд Ардчилалд хайртай хүн болгон өнөөдөр санж сэрж энэ намын төлөө дор бүрнээ ажиллах ёстой. АН-ын   бодлого илүү нээлттэй тодорхой байх ёстой гэж бодож байна. Өнөө цагт Ардчилал маш хүнд байдалд орсон гэдэг нь харагдаж байгаа гэхдээ энэ залуучууд тэгш дүүрэн хангагдсан, эрх чөлөөтэй шинэ Монгол ирнэ гэдэгт итгэж найдаж байна.  

Б.Дорж: АН-ын анхан, дунд шатны төлөөлөгч, партизанууд Монгол Улсын Ардчиллын төлөө ажиллахад бэлэн

Баянхонгор аймгийн Галуут сумын АН-ын төлөөлөгч.

-Ардчилсан намын ээлжит бус энэхүү хурал бол үнэхээр Монгол Улсыг Ардчилал шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, улмаар Монгол Улсын хөгжлийг өндөр төвшинд хүргэхийн төлөө үнэхээр Ардчилагчид хэрэгтэй гэдгийг үгүйлсэн, тодотгосон цаг үед боллоо. Ардчилсан намын даргын сунгаагаар нэр дэвшин сонгогдсон О.Цогтгэрэл нь Ардчилсан намыг цаашид үнэ цэнэтэйгээр үргэлжлүүлэн авч явж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн нөгөө талд ажиллаж байгаа намын хуучин дарга С.Эрдэнэ тамга тэмдэг, алдар хүнд, амжилт бүтээлийг авчирж өгөх ёстой байсан гэж харж байлаа. Шинэ дарга маань Улсын  дээд шүүх дээр намаа бүртгүүлж Ардчилсан намынхаа үнэ цэнийг үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэл төгс байна. Хэрвээ тэгж чадахгүй аваас энэ Их хурлын гишүүд болон АН-ын анхан, дунд шатны төлөөлөгч партизанууд ахин цуглаж Монгол Улсын Ардчилалд өөрсдийн бие сэтгэлээ зориулан ажиллахад бэлэн байгаа гэдгээ хэлэх нь зөвөө.  

Д.Батсайхан: АН-ын олон жилийн ялагдалд гол хариуцлага хүлээх ёстой хүмүүс зууралдаад байна

Архангай аймгийн АН-ын төлөөлөгч.

-АН даргаа сонгож баталгаажуулж байна. Энэ талаарх ямар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнөөдрийн энэхүү үйл явдал нь ганц АН гэлтгүй Монголын ард түмний хүсэн хүлээсэн зүйл болж байна. Яагаад вэ гэхээр Улс төр, нийгмийн амьдрал их эгзэгтэй хүнд хэцүү цаг үеийг туулж яваа. Тэгэхээр энэ Ардчилсан нам аль болох дотроо цэгцэрч зөв тийшээгээ бэхжих тусмаа Монголчуудад хэрэгтэй. Энэ үйл явцын эхний алхам болсон яг процессийнхаа дагуу явж байна гэж харж байгаа.

-Нөгөө талд бас  намын дарга сонгож байна гээд  бужигнуулж байгаа.  Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хэсэг бүлэг хүмүүс зөвхөн намын гишүүд гэлтгүй иргэд олон нийт ч гэсэн төөрөгдүүлэх үйлдэл гаргаад байна.  Аливаа зүйлийг илүү өргөн өнцгөөр харах хэрэгтэй. Яг ямар хүмүүс, юу ярьж энэ асуудлыг тавьж байгааг анхааралтай ажиглаж хувьдаа дүгнэлт хийсэн. Тэгэхэд АН-ын  дарга байсан хүмүүсийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүс АН-тай үхэн хатан зууралдаж байна. Гэтэл намын гишүүд төдийгүй ард иргэд АН-ыг шинэчлэгдэж хурдан цэгцэндээ ороосой гэж хүлээж байгаа.  Гэтэл АН-ын олон жилийн ялагдалд  гол хариуцлага хүлээх ёстой хүмүүс зууралдаад байгаа нь буруу. Гэхдээ Монголын ард түмэн эдгээрийг ялгаж салгаж ойлгож байгаа. Өнөөдрийн үйл явц дүрмийнхээ дагуу намын гишүүд дэмжигчдийн хүрээнд олонхын дэмжлэгийг авсан тэр талын хурал болсон гэдгийг онцолъё. Ардчилсан хүчтэй сөрөг хүчин болох замынхаа эхнийхээ алхмыг өнөөдөр хийж чадсан.

-Орон нутгийн Ардчилсан намын гишүүд дотроо талцал хуваагдал байхгүй гэж ойлгож болох уу?

-Нам гэдэг бол олон нийтийн байгууллага тэгэхээр нийгмийн төлөөлөл учраас намын гишүүд ч ялгаагүй энэ асуудалд сэтгэл зовнин харж байгаа нь мэдээжийн хэрэг. Гэхдээ намын гишүүд дор бүрнээ дүгнэлт хийсэн байгаа. Нам дотор болж буй үйл явдлыг хараад  дийлэнх олонх нь өнөөдрийн энэ намын даргыг сонгож дэмжээд явж байна.

Д.Ичинхорлоо: АН-ыг хагалж бутаргах  үйлдэл гаргаад байгаа С.Эрдэнэ даргад маш их гомдож байна

Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн, АН-ын ахмад гишүүн.

-Би АН-ын анхдагч гишүүн. Өнөөдөр 80 нас хүрч байгаа ч 1989 оноос хойш АН-д зүтгэж байна. АН бол Монголын ард түмэнд эрх чөлөө, эд баялагтай болох үүд хаалга нөөж өгсөн. Гэтэл өнөөдөр энэ намыг хагалж бутаргах  үйлдэл гаргаад байгаа С.Эрдэнэ даргад маш гомдож байна. Харин өнөөдөр шинэ, залуу даргатай болсон ахмад гишүүний хувьд маш их баярлаж байна. Энэ цаг мөчид АН төдийгүй, Монгол орноо өөд нь татахын төлөө зүтгэх, ажиллах даргатай боллоо. Эрх баригч МАН-ын үйлдэл өнөөдөр хэрээс хэтэрлээ. Ардчилсан Ерөнхийлөгчийг, төрийн тэргүүнийг аль болох муучлахын төлөө ажиллаж байна. Хэрэв алдаа дутагдалтай байсан бол өнгөрсөн жилүүдэд яагаад хэлж ирээгүй юм. Сонгуулийн шоу хийж увайгүй үйлдэл гаргаж байгаа МАН-ын удирдлагуудыг би буруушааж байна. УИХ дахь олонхоор түрий барьж ард түмнээ гэсэн шийдвэр төдийлөн гаргаж чадахгүй байгаад харамсч  байгаа.