ХӨШӨӨ БОСГОЖ ХЭНЭЭРХДЭГ Ч ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ СЭТГЭЛГҮЙ ЭРХ БАРИГЧИД

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улс нэг хүнд ноогдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг ажээ. Уг нь хөшөөгөөрөө уралддаг нэг ч улс орон байхгүй л дээ. Хөөрхий хэдэн хүүхэд нь цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ байхгүй гэх гунигтай мэдээ бараг насан туршид минь л хамт явж байна. Гэтэр Монголд 1032 морь, 538 бөх, 341 нийгмийн зүтгэлтнүүд, хонь, ямааны хөшөө 1652, аргаль янгирын 123, 756 үхэр тэмээний, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 хөшөө байна. Социализмын үеийн Ленин, Сталины хөшөө энд ороогүй. Зөвхөн 1990 оноос хойш 2016 он хүртэл 26 жилийн дотор Монгол Улс сансарын таван пуужин, атомын хоёр цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 гаруй эмнэлэг, 2500 сургууль, 20 сая хүүхдийн мөнгөөр хөшөө босгосон байна гэж олон улсын “Эмнести интернэшл” байгууллага дүгнэлт гаргажээ. Түүнээс хойш таван жилд 21 аймаг, 330 гаруй суманд овоо олон хөшөө шавар нэмж босгосон.

Хамгийн сүүлийн бөгөөд сайн мэдэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймагт хөшөө нэрээр овоолсон шороо, түүнд оруулсан төсөв хөрөнгийг тооцвол тэнгис, далай, далай... Тэр бүү хэл байгалиараа байсан хөшөөг хүртэл бөөн хөрөнгө зарж, хийсэн харалган түүхийг хааш нь ч нуух аргагүй. Өвөрхангайчууд нэг өглөө сэрсэн чинь нутагт нь цоо шинэ “Боов хад” босгочихсон байсан гэдэг. Тэр хөшөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга асан Ц.Оргодол мөнгө гаргаж тэр хөшөөг байгуулсан аж. Гэтэл байгалиасаа заяасан “Боов хад”-тай Өвөрхангай аймгийнханд энэ нь таалагдсангүй. Тухайн үеийн Байгаль орчны сайдад хандаж  “Энэ хөшөөг буулга” хэмээж байсан билээ. Хөшөө босгох хийрхэл төр засгийн эрх мэдэлтнүүд бүү хэл зарим нэгэн иргэнд халдварласны гай энэ. 

Баянзүрх дүүрэгт “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөө бий. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг энэ хөшөөг босгохын тулд 350 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн Чулуун овооны тэнд нэг нохойны хөшөө бий. Мөн л Засаг дарга асан Б.Батзориг өөрийнхөө хайртай нохойнд зориулж 750 сая төгрөгөөр тэр хөшөөг барьжээ. Тэр хөшөөг барьснаар Баянзүрх дүүрэгт хүүхдийн эх, эндэгдэл буурсан, тэр нохой чинь Баянзүрх дүүргийн савдаг гэж экс гишүүн Б.Батзориг ярьж байсныг санаж байна. Үргүй зарцуулсан хөрөнгөө өөрийн мэдлээр ингэж тайлбарлаад өнгөрөөх нь эрх ба­ригчдаас угшилтай юм даг уу даа.

Чингэлтэй дүүрэгт бас нэг хөшөө бий. Хуучнаар бол Эрх чөлөөний талбайн яг тэг дунд нь “Тусгаар тогтнолын хөшөө” гэж байдаг. Хоёр тэрбум төгрөгөөр босгосон гэдэг. Чингэлтэйн Засаг дарга асан Д.Ганболд босгосон гэлцдэг. Монголчууд амьд хүндээ анхаарахгүй, агуулга загваргүй, ур хийцгүй, хүйтэн хөшөө дурсгалд хамаг мөнгөө зарцуулдаг, дундаас нь хэдэн төгрөг “тоншдог” шат, шатны дарга нартай болсныг гэрчлэх баримт нь энэ.

Өнгөрсөн болоод арай түрүү үеийн төсвийн хөрөнгөөр гараа угааж түмний нүд хужирлах биш нүд хальтирмаар энэ олон хөшөөг улам томруулан улам их хөрөнгөөр хөшөө босгох уралдаан Их Хааны нутагт өрнөж байна. Энэ нь эрх баригчдын нэр нүүрээ тахлах гэсэн бүр тодоор хэлбэл төсвөөс ахиухан мөнгө тонших гэсэн башир аргын нь илрэл гэдгийг даанч сайн мэдэх болсон л доо. Гэвч тэдэнд ичих нүүр, эмээх сэтгэл эх орноо гэх сайхан зан огт алга. Тиймээс ч   Хэнтий аймагт баригдаж буй таван бүтээн байгуулалт гэх хөшөө тойрсон хэл үг одоо ч намжаагүй байгаа. Эрх баригчид эрхмүүдийн хэлж байгаагаар бол аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой гэх. Гэвч эрхэм дарга нарын амлалт, төлөвлөгөө хөрсөн дээрээ хэрхэн буудгийг “Андлалын өргөө”-нөөс харж болно. Бүхэл бүтэн хоёр тэрбум төгрөгөөр бүтсэн тус хөшөөг зураг төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээтэй нь харьцуулахад хэтэрхий чанаргүй, үзэмжгүй байгаа нь хүн бүхний нүдэн дээр ил байна.

Харин албаныхан “2024 оноос түүхэн аялал жуулчлалын бүрэлдэхүүн 110 мянгад хүрснээр тус бүс нутагт 50 сая ам.долларын орлого оруулах боломж бүрдэнэ. Хэдийгээр улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа ч үүний цаана дээрх өгөөж бий болохоос гадна 450 ажлын байр бий болж, 3,500 хүн дам байдлаар амьжиргаагаа дээшлүүлэх юм” гэсэн үнэнд үл нийцэх тайлбар хийхээсээ ичээгүй.

Тэгвэл 2021 оны төсөвт эдгээр ажлуудын хүрээнд нийтдээ зургаан тэрбум 250 сая төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал,

  “Их Засаг-Шихихутаг” цогцолборын гадна цахилгаан хангамж/Хэнтий аймаг, Норовлин сум/-300 сая

  “Их Хуралдай” цогцолборын барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамж /Хэнтий, Биндэр сум/-2,600,000,000

  “Монголын нууц товчоо” цогцолборын барилга/Хэнтий, Дэлгэрхаан сум/-1,500,000,00

  “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга /Хэнтий, Норовлин сум/1,850,000,000

 Хэрэв 2021 онд зургаан тэрбум 250 сая төгрөгөөр хийх эдгээр ажил “Андлалын өргөө”-ний “онигоог” давтвал төсвийн мөнгөөр бүтсэн эрх баригчдын тоглоомыг 110 мянган жуулчин ирж үзэх эсэх нь тун эргэлзээтэй.

 

#МонголынМэдээСонин #АнхааралТатсанАсуудлууд