ТААЗГҮЙ ЭМНЭЛГИЙН, ТААГҮЙ ДҮР ТӨРХ

Эрэн сурвалжлах

Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дахь Эрүүл мэндийн төвийн чанх хойд талд есөн давхар өргөтгөл барьсан ч таазгүйгээс ашиглалтад орох боломжгүй болоод буй. Төлөвлөснөөр уг өргөтгөлийг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой байв. Өргөтгөлийг мэс заслын тасагтай, 200 орны багтаамжтай барьсан юм байна. Есөн давхар барилгыг нийт 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хөх бүрдний эх” компани барьжээ. Одоогоор барилгын гадаах ажил цэгцэрч, явган хүний зам талбайгаа ч хийгээд байна. Эмнэлгийг цаг алдалгүй, ашиглалтад оруулахын тулд хэрхэн анхаарч, юу шийдэж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

“Хөх бүрдний эх” компанийн инженер Р.Дашравдангаас энэ барилгын өргөтгөлийн таазыг хэрхэн шийдэх,хэзээ ашиглалтад оруулах талаар тодрууллаа.

-Хэд хоногийн өмнө нийслэлийн холбогдох дарга нар ирж, барилгын явцтай танилцсан. Шинэ өргөтгөлийн тааз, гал тогоо, цахилгааны асуудал 2020 оны зургадугаар сараас хойш яригдсан. Одоо нэмэлт төсөв мөнгө батлагдаж, энэ асуудал шийдэгдэхийг хүлээж байна. Төсөв баталчихвал эмнэлгийн зориулалттай тааз хийх юм.Барилгын ажил 2019 оны есдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн барилга нь 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас барилгын ажил гурван сар зогссон. Тиймээс нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ашиглалтын хугацааг 2021 оны зургадугаар сарын 1 хүртэл сунгасан.Одоо дотор ажлууд цэгцэрч, хаалга суулгаж байгаа. Нийт 7.9 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд манай компани төсөвтөө багтаад 80 хувийн гүйцэтгэлээ хийчихсэн. Эмнэлгийн барилгыг өргөтгөлтэй холбосон хүзүүвчийн зураг төсөл нь батлагдаагүй ч бид өөрсдийн зардлаар рам зангидаж, гаднах хэсгийг битүүмжилсэн гэлээ

Цар тахлын нөхцөл байдлын нэлээд хүндхэн, тодорхой хэмжээгээр хөдөлгөөн хязгаарласан энэ үедСонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөр ороход үйлчлүүлэгч олонтой, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.Гаднаас орж ирэхэд биеийн халууныг хэмжиж, улавч өмсүүлж, гарыг нь ариутгаж байв.

Эмнэлгийн хөтөч сувилагч Н.Оюунгэрэл “Манай эмнэлгийн ачаалал маш их байдаг. Одоо эмнэлэг дээр вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа. Анхнаасаа эмнэлгийн зориулалттай барилга биш учраас халдвар хамгааллын дэглэм барих, өвчтөн зөөх, шилжүүлэх, орж гарах хаалганы хувьд хүндрэлтэй байдаг. Үүдний хэсэгт 400 өлгүүртэй ч өглөө 10.00-12.00 цагийн хооронд өлгүүр дүүрчихдэг. Бас орж, гарах хаалга нэг учраас хүн хоорондын зай барьж чадахгүй бөөгнөрөл үүсч байна” гэдгийг  хэлэв.

Сонгинохайрхан дүүр-гийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан Ж.Сандагсүрэн барилгын ажилтай танилцах үеэрээ “Зураг төсөл дутуу хийсэн “Карказ зураг” компанийн эсрэг гомдол гаргана” гэдгээ хэлж байсан. Энэ талаар түүнээс тодруулахад “Энэ асуудлын учрыг олоод, шийдвэрлэчихсэн. Зураг төслийн компани нь таазны хэсгийн зургийг эмнэлгийн шаардлага хангахгүй байдлаар хийсэн байсан. Тэр зургийг одоо сайжруулж, барилгад нөлөөлөхгүйгээр хийж өгөхөөр болсон. Гарч байгаа нэмэлт зардлыг хаанаас яаж шийдэх талаар ярилцаж байна. Одоо барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Би эмнэлгийн тааз байхгүй гэж буруу  хэлсэн байна лээ. Дүүжин таазны хэсэг л бүхэлдээ байхгүй гэсэн үг. Энд төсвийн мөнгө хөрөнгө үрсэн асуудал байхгүй. Эмнэлгийн удирдлагууд өмнө нь зураг төслийн асуудал байна гэж ярьж хэлж байсан” гэв.

Барилгын биш нэмэлт дүүжин таазны тухай л яриад байгаа юм 

 

Энэ барилыг өргөтгөлийн зургийг хийсэн “Карказ зураг” компанийн захирал Б.Манлайтай уулзлаа.

 

-Сонгинохайрхан дүүр­гийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг таазгүй зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Анхнаасаа зураг төслийг яагаад дутуу зурсан юм бэ?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдсан байна. Тааз дээвэргүй барилга бариагүй юм. Эмч нар нь дүүжин тааз хийлгэх санал тавьсан. Бидний зүгээс эмнэлгийн зориулалттай, нян бактер үрждэггүй материалтай тааз хийе гээд маргаан үүссэн юм. Манай компани “Мөнх тогтвортой хөгжил сан”  төрийн бус байгууллагатай хамтран сайн санааны үүднээс зураг төслийг ажилчдынхаа цалинг гаргаж, хийж өгсөн.

Бид зураг төслийг гаргахдаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэж өгсөн. Хуучин эмнэлгийн дарга нь бидэнтэй нэг ч уулзаагүй гэж худлаа хэлсэн. Гэтэл бидэнтэй 2018 оны хоёрдугаар сарын 26-нд уулзаж, зураг төслийг зөвшөөрсөн гарын үсэгтэй гэрээ ч бий. Өргөтгөлийн барилгын ажил эхлэхэд юу ч яриа­гүй мөртлөө ашиглалтад өгөх болохоор өөр юм яриад байх юм.

-Барилгын зураг төслийн ямар үе шаттайгаар батлуулдаг вэ. Дутуу зураг батлуулж болдог юм уу?

-Зураг төслийг батлуулахдаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дээр эх загвараа батлуулна. Дараа нь нийслэлийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, нийслэлийн Онцгой байдлын газар, Барилгын хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яамаар батлуулдаг. Энэ зураг төсөл өмнө нь эмнэлгийн удирдлагын гар дээр гурван жил байж байгаад хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн.

Гол асуудал нь эмнэлгийн удирдлагаас барилга барьсан компанийг “Дүүжин тааз хийж өг” гэхэд нь “Төсөвт батлагдаагүй учраас хийх боломжгүй” гэсэн юм билээ. Одоо 19 сая төгрөг нэмж төсөвлөж, барилгын таазны хэсгийн зураг зурахаар болсон.

#МонголынМэдээСонин #АнхааралТатсанАсуудлууд