НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БҮХЭЛДЭЭ ЦАР ТАХЛЫН ГОЛОМТ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

- Коронавирусын халдварын тархалт цочир нэмэгдлээ -

Э.БАТ-ЭРДЭНЭ

Сүүлийн 24 цагт 17894 хүнд шинжилгээ хийхэд 128 хүнээс халдвар илэрчээ. Бямба гарагт бүр 169 хүнээс халдвар илэрсэн гэж ЭМЯ мэдээлсэн. Ийнхүү коронавирусын  халдвар авагсдын тоо 3961 болсны  3430 нь дотоодын халдвар  болж байна. Ням гарагт шилжих өдөр 46 хүн эдгэрснээр нийт 3001 хүн эдгэж дараагийн сувилалд шилжжээ.

Өчигдрийн 128 тохиолдлоос таван тохиолдлын голомт тодорхойгүй байгаа бол 122 нь ойрын хавьтлаас, нэг нь Будапештээс  онгоцоор ирсэн хүнээс илэрчээ.

Завхан аймагт батлагдсан дөрвөн  тохиолдол хэвээр байгаа бол Төв аймагт батлагдсан тохиолдол 15  болж нэгээр нэмэгджээ.

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн 2-р төв, Завхан, Төв аймагт нийт 943 хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний бие хүнд, хоёр хүний бие нэн хүнд байгаа юм байна.  Эрсдэлтэй насны бүлгийнхэн буюу өндөр настнуудыг маргаашаас эхлэн вакцинжуулах юм. 

Ийнхүү манай улсад коронавирусын халдвар  тархсанаас хойш сүүлийн хоёр хоногт хамгийн олон хүн халдвар авсан нь бүртгэгдлээ. Ийм үед ЭМЯ дахин хөл хорио тогтооё гэсэн санал гаргасан ч УОК хөл хорио тогтоохын оронд үзвэр үйлчилгээний байгууллагуудад нийт талбай, суудлынхаа 30 хувийг ашиглах нь зүй­тэй хэмээн журам тог­тоосон юм. Мөн нийс­лэл хот руу орох, гарах хөдөлгөөнд шинэ зохи­цуулалт хийгээд байна.  

Эх сурвалж : "Монголын Мэдээ сонин"