СОЁЛЫН САЛБАРТ СҮНДЭРЛЭХ ДӨРВӨН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Нийгэм, Эдийн засаг

Соёлын яамны үйл ажиллагаатай танилцаж хийж буй ажлуудын явц болоод тулгамдаж буй асуудлуудын талаар олон нийтэд зөв зүйтэй хүргэхийг зорилоо.

Засгийн газрын шийдвэрээр соёлын салбарт дөрвөн том бүтээн байгуулалт өрнөж буй. Өнгөрсөн хавраас эхлэн Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр Чингис хаан, хаад язгууртны  музейн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Харин нураасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөөд байгаа юм. Байгалийн түүхийн музейн төсөлтэй газар дээр нь очиж танилцсанаар өдрийн сурвалжлагаа эхэлсэн юм.

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбааатар: Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагатад бүрэн нийцсэн Азид томоохон тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарч Их тэнгэрийн аманд 6,6 га газарт 39000 ам. метр талбай бүхий барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс музейн түүхэнд дахин нэг шинэ хуудас эргүүлж музейн хөгжлийн шинэ шат эхлэх нь тодорхой.

Их тэнгэрийн аманд барих Байгалийн түүхийн музейн цогцолборын тендрийг буцааснаас бүтээн байгуулалтын ажил “гацжээ”. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 120 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч 94.4 тэрбум төгрөг болж батлагдсан байдаг. Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-нд хүлээлгэн өгчээ. Монголын түүхэнд байгаагүй хамгийн том музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг захирал нь онцолж байв. Гэвч энэ цогцолбор одоо үндсэндээ бүрэн зогсчээ. Учир нь тендер буцаж, дахин зарласан ч энэ төслийн шаардлагыг хангах компани өнөө хэр олдоогүй байгаа гэх. Хамгийн том энэ музейн цогцолбор хэзээ босох нь бүрхэг хэдий ч дахин тендер зарлахад гүйцэтгэгч олдоно гэх итгэлээс өөр юм өнөөдөртөө байхгүй нь харамсал төрүүлэв.

Дараа нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын өвийн үндэсний төвийн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаатай танилцлаа. Ирэх дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа нь жигдэрч эхэлнэ гэж мэргэжилтнүүд нь танилцуулав. Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгыг нийт найман тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр 2012 оноос барьж эхэлсэн ажээ.

Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат: Монгол Улсын музейн сан хөмрөгт 240 мянга гаруй үзмэр байдаг. Эдгээрээс эвдрэл, гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг эзэлдэг. Иймд нэн яаралтай үзмэрүүдийг сэргээн засварлах шаардлагатай байгаа. Гэтэл одоогоор тус салбарт жилд хорь орчим байгууллагаас 150-200 орчим музейн үзмэрийг сэргээн засварлах хүчин чадалтай. Сэргээн засварлах ажлыг хийж буй арав гаруй хүн хаанаа ч хүрдэггүй.

Барилгын дэд бүтцийг нь 2019 оны хавар шийдэж, бүх шугам сүлжээнд холбогджээ. Нийтдээ 8000 м/кв талбайтай. Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажиллагааг энэ төв дээр явуулна.

Хуучин Соёлын өвийн үндэсний төв нь Соёлын төв өргөөний зүүн үзүүрийн хоёр давхарт түрээсийн байранд байсан бөгөөд гуч орчим ажилтантай байв. Энэ төвийнхөн нийслэл, орон нутгийн хэмжээний 38 музейг хариуцаад зогсохгүй археологи, палентологийн олдворуудыг бүртгэн авч, сэргээн засварлаж, авран хамгаалдаг. Ингээд бодохоор орон тооны гучин ажилтан хаана ч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ажилтнуудынхаа орон тоог нэмье гэхээр наанадаж багтах ажлын байр талбайгүй, цаанадаж энэ салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал хүндхэн байгаа тул ажиллах орчныг хангасан шинэ байр, барилга зайлшгүй хэрэгтэй болоод байсан юм. Тиймээс шинэ төв ашиглалтад орсноор ажиллах мэргэшсэн багаа үе шаттай нэмэх зорилго тавьж байгаагаа, 2050 он гэхэд 139 ажилтантай байхаар төлөвлөж буйгаа хэллээ.

“Чингис хаан” хаад язгууртны музейн бүтээн байгуулалтын ажил харин нэлээд эрчимтэй сайн явж байгаа ажээ. Энэ ажлыг гүйцэтгэж байгаа “Билгүүн Монгол” компанийн ерөнхий инженер Б.Ганхүү ажлаа ийн танилцууллаа.

-Чингис хааны Монголын болоод дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулж, алдаршуулах нь Монгол Улсын эрхэм үүрэг юм. Тийм учраас түүхийг бүтээж ирсэн хаад, яз­гуурт­нуудын амьд­рал, үйл ажил­ла­гаа­гаар уламж­лан то­­моо­­хон хэм­жээ­ний үн­дэс­ний музей байгуулах учиртай. 

Тус музей нь Монголын анхны төрт улс Хүннүгээс эхлэн монголчуудын төрт ёсны голомт ХХ зуунд хэрхэн дахин сэргэсэн хүртэлх цаг үеийг бүрэн хамруулах болно. Хүннүгийн анхны үндэслэгч Модун Шаньюйгаас Сяньби улсын толгойлогч Тоньюук, Уйгурын хаан Моюнчур, Киданы хаад, Хамаг Монголын Хабул, Хотул зэрэг түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хаад язгууртныг гол мөхлөг болгон авч үзнэ. Мөн эртний төрт улсуудын хаад язгууртны он дараалал, тухайн цаг үеийн нүүдэлчдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, хувцас эдлэл хэрэглэл, түүхэн томоохон үйл явдал зэргийг бодит эд өлгийн зүйлсээс гаднаа орчин үеийн өндөр технологи ашиглах, уран бүтээлчдээр шинээр бүтээлгэх зэрэг аргаар танхимуудыг байгуулна.

Чингис хаан музейн цуг­луул­гыг музей, эрдэм шин­жил­гээний байгууллагаас холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлсийг шилжүүлэх, археологийн судалгааны үр дүнд илрүүлж олох, хувь хүнээс болон гадаадын музей, номын сан, эртний эдлэлийн худалдаанаас худалдаж авах эсхүл хуулбарлан авах, хувь хүний бэлэглэл, солилцоо, гэрээслэл зэрэг хэлбэрээр бүрдүүлэх бөгөөд 4000 гаруй үзмэртэй байх юм. Мөн орчин үеийн өндөр тех­но­логийг үзүүл­­лэгийн орон зайд бүрэн хэм­жээ­гээр ашиглана.

Чингис хаан музейн барилга нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэлтэй, есөн давхар, 20500 ам дөрвөлжин метр талбайтай байхаар төлөвлөсөн. 

Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг 160 айлын газар дээр байгуулна

Улсын төсвөөс 152 тэрбум төгрөг зарцуулж барихаар яригдаж буй Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт бол зууны гэж хэлж болохуйц онцгой ажил юм. Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутагт нийт 10 га газарт сүндэрлэх театрын барилгыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Одоогоор газар чөлөөлөлт 80 хувьтай байгаа юм байна.

Нийт 160 айлын газар чө­лөө­лөхөөс одоогийн байдлаар 91 айл газраа бүрэн чөлөөлж, 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болж, зөвшилцөх шатандаа явж байгаа ажээ. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хийж байгаа гэдгээ ч албаныхан онцлов.

Хүүхэлдэйн театрын барилгын ажлыг энэ ондоо багтаан эхлүүлнэ

Шинэ яамны томоохон бүтээн байгуулалтын нэг бол Хүүхдийн номын сан болон Хүүхэлдэйн театрын шинэ цогцолбор юм. Энэ хавар барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан бол албаныхан энэ ондоо багтаж бүтээн байгуулалтыг хийнэ гэв.

Шинэ цогцолборын бүтээн байгуулалтыг Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр барихаар төлөвлөсөн.

Шинээр байгуулах Хүүхэл­дэйн театр нь 600 хүний суудалтай их, 150 хүний суудалтай бага, орчин үеийн техник, технологи бүхий 5D танхим, хүүхдийн энтертайнмент төв, хүүхэлдэйн музейн танхим, хүүхдийн амралт чөлөөт цагийн танхим бүхий дөрвөн давхар цогцолбор байх ажээ.

#МонголынМэдээСонин #ДугаарынСурвалжилга