ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Улс төр

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өчигдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2 талын хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.

Налайх дүүрэгт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус сургуультай дүүргийн зүгээс хамтран ажиллаж байгаагаа Засаг дарга Ч.Раднаабазар онцлоод Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас олон талын салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажилладагт талархлаа илэрхийллээ.

Энэ удаад Герман улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Пипл ин Нийд" ТББ-аас дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд боловсрол, эрүүл ахуй, хоол хүнсний багцыг олгож байгаа аж.

Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг "Манай улсын зүгээс цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорио тогтоосон энэ үед эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр Засгийн газрын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Тийм ч учраас Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоол хүнс, эрүүл ахуй, боловсролын багцыг түгээх ажлыг зохион байгуулж байна" гэв.

Налайх дүүргийн Засаг даргын зүгээс хөл хорио тогтоосон энэ хүнд цаг үед дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлээд Элчин сайд Ёорн Розенберг болон зочдод ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ