Терроризм ба коронавирус

Дэлхийн мэдээ

Исламын экстремистүүд, террорист группууд “Covid-19” цар тахлыг ашиглан ухуулга сурталчилгаагаа идэвхжүүлж, хүрээгээ тэлэхээр санаархаж, коронавирусийг хий хоосон үзэл санаа, хэтрүүлсэн үг хэллэг, улс төрийн чиг баримжаагаар тодорхойлж байна. Терроризмийн 2 том бүлэг, “Исламын Улс” болон “Аль-Кайда” “Covid-19”-ийг бурхнаас илгээсэн шийтгэл хэмээн санал нэгдэж байгаа ч илэрхийлсэн үг хэллэг, арга барилаараа ялгагдана.  

Ихэнх газар орноос арчигдсан ч одоогоор бүрэн устаагүй, Сири, Иракт далд байдлаар үйл ажиллагаа явуулдаг “Исламын Улс” бусдын анхаарлыг татах ухуулга сурталчилгааг цар тахлаар дамжуулан эрчимжүүлэв. Коронавирусний халдвар дэгдсэн цагаас л тархалт, цаашдын үр дагаварт анхаарч, тухайлбал, “Аль-Наба” сониндоо бүлэглэлтэй тэмцэхээр байгуулагдсан улс орнуудын болон олон улсын аюулгүй байдлын систем цар тахлын үеэр зогсонги байдалд орж, ухарсан учир нөхцөл байдлыг үр дүнтэй ашиглах, холбоотон болон дайсныхаа эсрэг бүхнийг хамарсан дайныг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.

“Covid-19” вирус дэгдсэнтэй холбоотойгоор АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Иракт байрлаж байсан цэргийн хүчээ татах, дахин байршуулах арга хэмжээ авах болсноо 3 дугаар сарын 20-нд зарласан.

“Исламын Улс” ертөнцийн төгсгөлийг зөгнөсөн яриа өгүүлэлтэйгээ нийцүүлэн “Covid-19”-ийг “Бурхны уур хилэн” гээд “Эзэн тэнгэрийн өшөө авалт хүчтэй байна” гэж өгүүлсэн нь зөнч Мухамедийн сургааль, тайлбарын эсрэг хэн бүхнийг шийтгэж байгаагийн илрэл нь цар тахал гэсэн санааг илэрхийлэв. Түүнчлэн Уйгарын ислам шашинтнуудыг хавчин гадуурхсаны шийтгэл болж Хятадад эхэлж коронавирус дэгдсэн гэжээ. Мөн “Загалмайтнуудын хар дарсан зүүд” нийтлэлдээ, барууны орнуудад тогтоосон хөл хорио эдийн засгийн алдагдалд хүргэж байгаа, “Исламын Улс”, түүнтэй ижил төстэй байгууллагуудын дагагчид цар тахлын үеэр халдлага дайралтаа зогсооно гэж Өрнөдийнхөн бодож байгаа ч бодит байдал өөр гээд бүлэглэлийн гишүүдийг шоронгоос суллахыг уриалав. Түүнчлэн, “Исламын Улс” Иракийн маргаантай газар нутагт нөлөөгөө тэлэхийг оролдож, 3-4 дүгээр сарын хооронд Иракт 20 гаруй, Сирид 10 гаруй халдлага үйлдсэнээ хүлээн зарлав. Үүнээс үзэхэд тус бүлэглэл цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал, олон улсын эвслийн хүчний тоо буурч үйл ажиллагаа нь намжсан, Иракийн дотоод улс төрд үзэл суртлын зөрчил гарсан зэргийг ашиглан байр сууриа сэргээхийг оролдож байна. Мөн Өрнөдийн орнууд дахь экстремистүүдийн дайсагнал, гадныхныг үзэн ядсан үг хэллэгийг ашиглан террористуудын хүчин чадлыг өргөжүүлэхийг санаархаж байгаа ч “Covid-19” цар тахлын улмаас Өрнөдийн олон оронд олон нийтийн бөөгнөрлийг хориглож, хөл хорио тогтоосон зэрэг нь саад болж байна.

Харин “Аль Кайда” “Исламын Улс” бүлэглэлийн нэгэн адил бурхны уур хилэнгээр эдийн засаг хүндэрч, одоогийн энэ нөхцөл байдал бий болсон гэсэн санааг илэрхийлэхийг оролдсон ч террорист үйл ажиллагаанд уриалсангүй. Тус байгууллага олон нийтийн дэмжлэг авах зорилгоор исламын шашны өрөвдөл, энэрэл бүхий үг хэллэг түлхүү ашиглаж, “Хүн төрөлхтөн халимны гэдэснээс хэрхэн гарах вэ: Коронавиурусний цар тахлын зөвлөмж” гарчигтай, оппортунист агуулга бүхий  мэдэгдэл гаргаж, цар тахлын үеэр исламын шашинтнуудад тулгарсан бэрхшээл буюу Хаж болон Умра мөргөл, сүмийн мөргөл хийх боломжгүй болсон, эдийн засаг хүндэрсэн зэргийг онцлоод бүлэглэлд хандив өгөхийг дэмжигчиддээ уриалсан байна. “Аль Кайда” хэдийгээр ийм мэдэгдэл гаргаж байгаа ч бусад оронд байх түүний сүлжээ, тухайлбал Сомали улс дахь Мужахид залуучуудын хөдөлгөөн үйл ажиллагаагаа сэргээж, хүчирхийлэл заналхийлэл, халдлага дайралтыг идэвхжүүлэхээ ил тод мэдэгджээ. “Аль Кайда” байгууллага Өрнөдийн улс орнуудад үйл ажиллагаа явуулах бодит хүчин чадал хомс учир хүлцэнгүй, өрөвдөнгүй байдлаар дагагч, дэмжигчдийн тоогоо нэмэгдүүлэх тактик барьж байна.

Дээрхээс үзэхэд, олон улсын хамтын нийгэмлэгүүд коронавирусний цар тахалтай тэмцэхэд бүх анхаарлаа чиглүүлсэн энэ үед “Аль Кайда” санхүүжилт олж авах, Исламын шашныг сурталчилахад анхаарч, харин “Исламын Улс” халдлага дайралтаа идэвхжүүлэх түүний дотор аюулгүйн хүчин рүү чиглүүлэх, шорон хуаран руу дайрч дагагчдаа чөлөөлөх, жихад /шударга ёс, энхтайвны төлөө тэмцэх/-ын замдаа буцаж орох боломжийг бүрдүүлж, байр сууриа бэхжүүлэхийг оролдсоор байна.

“Covid-19” цар тахлын үед Европын террорист сүлжээнүүдийн үйл ажиллагаа гишүүдээ халдвараас хамгаалахын зэрэгцээ цаашдын зорилгодоо цар тахлыг ашиглахад чиглэж байгаа нь Европ тивд террорист үйл ажиллагааны шууд болон урт хугацааны нөлөөлөл бий болгохоор байна. Хэт барууны үзэлтэй террористууд коронавирусний цар тахал нь Өрнөдийн хүчийг устгах гэсэн Хятадын биологийн зэвсэг, цагаачид л халдвар тараах гол суваг болж байна гэсэн үзэн ядалтыг өрнүүлэх болов. “Даеш” бүлэглэл, “Covid-19” бол Аллах дайснууддаа илгээсэн зовлон гэж тодорхойлоод, радикал сурталчилгаандаа хэрэглэгчдийг татахын тулд коронавирустэй холбоотой # /хаштаг/-ийг өргөн хэрэглэж байна. Европын экстремист бүлэглэлүүд ч гэсэн цар тахалтай холбоотой үүссэн айдас, эмх замбараагүй байдлыг ашиглан дагагчдаа халдлагад өдөөж, “Нео нацист” бүлэглэлүүд гишүүд, дэмжигчдээ айдас хүйдэст автуулж, эмх замбараагүй байдал руу турхирч байгаа бол анархист үзэлтэй бүлэглэлүүд халдлага үйлдэхийг уриалж байна.

Түүнчлэн байгаль орчныг хамгаалах экстремист хөдөлгөөнүүдийн хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа нэмэгдэх хандлагатай байна. Учир нь улс орнууд дэлхийн дулаарлаас илүүтэй коронавирусний халдварыг зогсоох, эм вакцин бүтээхэд анхаарлаа хандуулсан, эдийн засаг хүндэрсний улмаас улс орнуудын засгийн газраас үзүүлэх “ногоон хөрөнгө оруулалт” буурсан, байгаль орчны хөдөлгөөнийг дэмжих олон нийтийн үйл ажиллагаа, дэмжлэг зогсонги байдалд орсоны зэрэгцээ хөл хорио хүрээлэн буй орчинд өгөөжтэй байгаа нь эко-активистуудын үйл ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх шалтгаан болж байна.

 

Эх сурвалж: washingtoninstitute, euronews, nationalreview