Арабын 48 давхар цамхаг шатжээ

Дэлхийн мэдээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржа хот байрлах "ABBCO TOWER" гэх 48 давхар орон сууцны цамхагт өчигдөр орой гал гарсан талаар олон улсын хэвлэлүүдээр шуугьж байна.

Галын дуудлага тус улсын цагаар 21:00 цагийн үед гал унтраах газрын албан хаагч нарт ирсэн ба галаас хамгаалах багийнхан шуурхай хөдлөн ирэхэд аль хэдийн бүх давхар нь галт автан дүрэлзэн шатаж байжээ.

Хэргийн газар олон арван гал сөнөөгч нар ажилласан ба галын усны машинаас гадна дрон ашиглан галыг унтраажээ.

Мөн тус барилгын ойролцоох өөр 5 байгууламжийн хүмүүсийг албаныхан нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэхүү галын улмаас одоогоор 7 хүн бага зэргийн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол амиа алдсан гэх тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгааг эх сурвалжууд дурджээ.

Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид түргэвчлэн ажиллаж байгаа гэсэн юм.