Европын Холбоо Монгол Улсыг бохир мөнгө угаадаг орнуудын хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгааг мэдээлжээ

Дэлхийн мэдээ

Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй орнуудын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгохоор төлөвлөж байгааг Ройтерс агентлаг олж мэдээлжээ.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт зарлахаар төлөвлөж байгаа нэг баримт бичигт Монгол Улсыг “Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудын хар жагсаалтад нэмэхээр болсныг мэдээлсэн байна. Монголоос гадна Панам, Багамын арлууд, Мавритани, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсууд энэхүү бичиг баримтад нэр дурдагдсан байгаа гэнэ.

Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлэх үүрэг хүлээх юм байна.

Мөн хар жагсаалтад орсон улс орнуудын компаниуд Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болохыг Ройтерсын олж авсан бичиг баримтад өгүүлжээ.

Шинэ бодлого цар тахалтай холбоотойгоор ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Европын Холбооны хар жагсаалтад одоо багтаж байгаа орнууд нь Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Умард Солонгос юм.

Хар жагсаалтад багтсан Умард Солонгосоос бусад бүх улс орнуудын эрх баригчид мөнгө угаалт, терроризмийг санхүүжүүлэх явдалтай тэмцэх үүрэг аваад байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters