Нөөцийн махыг албан ёсны бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг

Улс төр

Монгол Улсад бүртгэлтэй 40 орчим  аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн гэж ХХААХҮЯ-наас албан ёсоор мэдээллээ.

Учир нь олон нийтийн сүлжээнд “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна” ….. гэсэн мэдээлэл гарчээ. Энэ нь худал мэдээлэл гэдгийг холбогдох яамнаас мэдээллээ.

ХХААХҮЯ нь үйлдвэрлэгчийг төлөөлж мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор үйлдвэрлэх, экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоож зөвшөөрөл өгөхдөө сүргийн бүтэц, бэлчээрийн даацтай уялдуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал аж ахуйн түүхий эдийг иж бүрэн боловсруулах, байгаль орчинд сөрөг нөлөө үр дагавар гаргахгүй байх үүрэг хариуцлагыг тодорхойлж бодлогын гэрээг байгуулдаг.  Бодлогын гэрээ байгуулсан бүх аж ахуй нэгжүүд Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүд байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Нөөцийн махны худалдааг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл  үргэлжлүүлнэ

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан, Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим  аж ахуйн нэгжийн, нийт 12.6 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байна.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эцсийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлжээ. Үүнээс үхрийн ястай мах  806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн. байна. Нөөцийн махны худалдааг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл  үргэлжлүүлэх юм.