"ХӨСҮТ-д тусгаарлагдсан, давхар өвчтэй хүнд мэргэжлийн эмчийг дуудан, хамгаалалтын хувцастайгаар үзлэг хийлгэж байгаа"

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болсон хүмүүст шинжилгээ хийсэн үү?

А.Амбасэлмаа: -Франкфуртээс ирсэн 274 хүнээс шинжилгээ авсан. Тэдгээр хүний нэгээс нь COVID-19 илэрсэн. Түүний ойрын хавьтал болсон бүх хүнээс сорьц авч, шинжилгээ аваад байна.

Тухайн хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

-Одоогоор тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн хэдэд нь шинжилгээ хийгээд байгаа вэ?

А.Амбасэлмаа: -БНСУ-руу хийсэн таранзит нислэгээр ирсэн хүмүүсээс нэг тохиолдол илэрсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тус нислэгээр ирсэн хүмүүсийн ихэнх нь АНУ-аас ирсэн байна.

Тавдугаар сарын 3-ны өдөр Франкфуртээс ирсэн хүмүүсээс шинжилгээ авч дуусгаад байгаа бөгөөд одоогоор 500 гаруй хүнд шинжилгээ хийгээд байна.

Тавдугаар сарын 1-ний өдөр БНСУ-аас ирсэн 270 хүний шинжилгээг өнөөдөр авч эхэлж байна.

Ингээд нийт 800 гаруй хүнд шинжилгээ хийгдэнэ гэсэн үг.

-Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс ихэвчлэн ямар шалтгаантай байсан бол?

А.Амбасэлмаа: -Ер нь тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчид эрүүл мэндийн шалтгаантай, нялх хүүхэдтэй жирэмсэн эмэгтэйчүүд байна. Гадаадад эмчилгээ хийлгэж байсан хүмүүс зонхилж байна. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж буй.

-Халдвар авсан мөртлөө давхар хууч өвчтэй, эсвэл жирэмсэн хүнд халдварыг эмчлэхээс гадна хэрхэн санаа тавьж ажиллаж байгаа бол?

А.Амбасэлмаа: -ХӨСҮТ-д COVID-19 халдвартай, сэжигтэй хүмүүсийг тусгаарлаж, эмчилж буй.

Тэр дунд давхар өвчтэй, хавдартай эсвэл жирэмсэн хүн байвал бид мэргэжлийн эмчийг нь дуудаж үзүүлж буй. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд сахиж байгаа.

Хамгаалах хувцас өмссөн хүн өвчтөнд үйлчлэхэд халдвар авахгүй гэсэн дэлхий дахины бодлого бий.

Тиймээс удаан хугацаагаар тэнд байх боломжгүй эмч, мэргэжилтнүүдийг хамгаалах хэрэгсэлтэйгээр үзлэгийг нь хийлгэж, эмчилгээний зөвлөгөөг аваад буцааж байгаа.

- Баар, цэнгээний газруудад хүний бөөгнөрөл үүсэж байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн яам ямар байр суурьтай байна вэ?

Д.Нарангэрэл: -Баар, үзвэр үйлчилгээний асуудлыг Эрүүл мэндийн яам шийддэггүй. Гэхдээ тэнд хүний бөөгнөрөл үүсэж байгаа учраас олон эрсдэл гарч болно.

Тийм ч учраас ЭМЯ-наас 10-аас дээш хүнийг нэг дор цуглуулахгүй, хоорондоо 1.5-2 метрийн зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөх гэсэн мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөөг байгууллагууд болон холбогдох албаныханд өгч буй.

Тэдгээр газруудын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргадаг.