"Таван эмэгтэй сэтгүүлч тутмын нэгд эх сурвалж нь бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд гаргасан нь тогтоогдсон"

Нийгэм, Эдийн засаг

"Глоб Интернэшнл” 

төвөөс “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг угтан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар фэйсбүүк дэх “Globe International Center” хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. 

 

Энэ жил манай улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 73-т жагссан. 

Хэвлэлийн эрх чөлөөний 2020 оны индексийн эрэмбээр хамгийн том ахиц үзүүлсэн орнууд нь Малайз (101-рт), Мальдив (79-рт) улс байсан ба 22 болон 19 байраар тус тус урагшилсан нь сонгуулийн санал хураалтын ачаар засгийн газартаа сэлгээ хийсний эерэг үр дүн байсан билээ. 

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг энэ жил хараат бус сэтгүүл зүйг хамгаалан бэхжүүлэхэд анхаарахыг уриалж “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” гэжээ. 

“Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал

 "Иргэн мэдээлэлгүй бол төрийн хэрэгт оролцож, авлигыг илчилж болохгүй. Хараат бус сэтгүүл зүй нь тогтвортой хөгжлийн хурдасгуур. "Глоб Интернэшнл” төвөөс 2019 оны тавдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой мэргэжлийн эрхийн зөрчлийг бүртгэсэн. Энэхүү асуулгад 86 сэтгүүлч оролцсон бөгөөд сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан талаарх нийт 274 зөрчил энэхүү судалгаанд бүртгэгдсэн юм. Судалгааны үр дүнгээс харахад сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан нийт зөрчлийн дийлэнх хувийг

 

  • “Мэдээлэл өгөхөөс татгалзсан" - 25%
  • Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон гэр бүлийн хүнийг дарамталсан -17%
  • Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан -16% зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Мөн 2019 оны тавдугаар сараас хойших хугацаанд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт гарсан нь УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Мэдээлэл харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Харамсалтай нь Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг баталгаажуулсангүй.

Мөн нэмэлт өөрчлөлт хийсэн Эрүүгийн хууль 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, Зөрчлийн тухай хуулийн “Гүтгэлэг” хэмээх зүйл заалт хүчингүй болжээ. Гэсэн хэдий ч нэр төр гутаахтай холбоотой хуулийн зохицуулалт дээрдсэнгүй. Учир нь гүтгэлэг бол худал мэдээлэл юм.

Түүнчлэн судалгаанаас эмэгтэй таван сэтгүүлч тутмын нэгд эх сурвалж нь оройн цагаар чат бичих, хоолонд урих, уулзахыг хүсэх зэрэг дарамт ирдэг нь тогтоогдсон. Хэвлэлийн эрх чөлөө нь хүн бүхэнд хамаатай” гэлээ. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧ, РЕДАКЦЫН БУСАД ГИШҮҮНИЙГ АЙЛГАЖ, ДАРАМТЛАХ АЖИЛ ХЭРГИЙН ШАЛТГААНААР УТСААР ТАГНАЖ ЧАГНАХ ЯВДАЛ НЬ ЭМЭГТЭЙ СЭТГҮҮЛЧДЭД ИЛҮҮ ТОХИОЛДДОГ

Тэрбээр үргэлжлүүлэн "Эмэгтэй сэтгүүлчидтэй холбоотой асуудал нь бидний тулгамдсан асуудлын нэг байна. Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотой анхны суурь мэдээллийг бид өнгөрсөн жил Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран хийсэн судалгааны  үеэр цуглуулсан. Зарим тоо баримтуудаас дурдахад,

  • Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редакцын бусад гишүүнийг айлгаж, дарамтлах ажил хэргийн шалтгаанаар утсаар тагнаж чагнах явдал нь эмэгтэй сэтгүүлчдэд илүү тохиолддог.
  • Харин эрэгтэй сэтгүүлчдийн хувьд хүчний байгууллага болон өөрөөс нь хүчээр илүү хүмүүсээр айлгаж, дарамтлах явдал байдаг. 

Өөрөөр хэлбэл, таван эмэгтэй сэтгүүлчийн нэгд өөрийнх нь эх сурвалж оройн цагаар хоолонд урих, хувийн чат үлдээх, утсаар ярих, болзоонд урих, сексийн санал тавих зэрэг бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд гаргаж байсныг нь тогтоосон байна.

Ийм дарамтад өртөж байсан сэтгүүлч дунджаар дөрвөн удаа ийм байдалд орсон гэдэг нь их түгшүүртэй мэдээлэл. Мөн таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байсан" гэв.