Хамрыг өндөрсгөх гээд хараагүй болгосон эмгэнэлт явдлын түүх

Нийгэм, Эдийн засаг

Өнгөрөгч 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр “Инфинити” гоо сайхны эмнэлэгт иргэн Э гоо сайхны үйлчилгээ аваад хараагүй болсон тухай таагүй мэдээ гарсаар бараг жил гаруй хугацаа өнгөрчээ. Хохирогч хорвоог харахгүй болох гэж бус харин ч улам сайхан болох гэж тэднийхийг зорьсон хэрэг. Гэвч сайхан болгох гэж урин залж, өчнөөн сурталчилгаа явуулсан эмнэлэгт очоод хараагүй болсон тул хуулийн байгууллагад хандаж, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, иргэн Э хэрхэн хохирсон бэ?

“Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын зургадугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдлийг нэг бүрчлэн дурьдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй. Мөн Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүй, хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх, Канниула буюу мохоо зүүгээр дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйн улмаас судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс артерийн хоёр судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна”...

Энэ хэргийн талаар хохирогч Э: “… 2019 оны зургадугаар сарын 18-ны өглөө есөн цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инфинити” гэх эмнэлгийн 77186666 гэх дугаарт залгаж хөмсөг шивдэг Март гэх эмчийг ажиллаж байгаа эсэхийг асуухад ажиллаж байгаа гэсэн бөгөөд 15:00 цагт цаг авсан. Тэгээд 15:00 цагт тус эмнэлэг дээр очиход “Март гэх эмч байхгүй, өнөөдөр амардаг өдөр. Та түр хүлээгээд сууж бай” гэж хэлээд захиралтайгаа “Энд өмнө нь үйлчлүүлж байсан Э гэх хүн ирчихсэн байна, Давхар эрүүний өөх хайлуулах эмчилгээнд ирсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл захирал нь “О гэх эмчтэй орж уулз” гэж хэлсэн байсан. Тэгээд би О эмчтэй орж уулзаад эрүүндээ тос түрхүүлээд байж байтал О нь надад “Та эрүүний өөх хайлуулж байхаар, хамраа өндөрлүүлэх юм бол гоё юм байна” гэж хэлэхээр нь би “хэдэн төгрөг вэ” гэж асуухад “450.000 төгрөг” гэж хэлсэн. Түүнд би ямар нэг хариу хэлээгүй байхад миний эрүүнд тариа хийж, улмаар хамар руу бас тарьсан. Миний хамарны доод хэсэг болон дээд хэсэгт хоёр удаа хатгасан. Хоёр удаа хатгасны улмаас миний хамраас их цус гарч байсан тэр үед О нь “Судас дайрчихсан юм байхдаа, яагаад ингэж их цус гараад байгаа юм бол” гэж хэлсэн. Тэгээд миний хамранд утас гүйлгээд тэр эмэгтэй надад “Танд их хэмжээний филлер орох юм байна, шовойгоод гоё болгох юм байна” гэж хэлээд утас гүйлгэсэн нүх рүүгээ тариа шахсан.

Тариа шахаад хэдхэн секундын дараа миний нүдэнд оч манараад явсан. Нүдээ нээж үзэхэд миний зүүн нүд юм харахгүй байсан тул би “миний нүд юм харахгүй байна” гэж орилсон. Би орилоход миний хэл ам нэг л сонин болоод толгой руу хатгуулж өвдөж байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан, ухаан ороод харахад эмнэлэгийн машинд суусан байсан… 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгдо эмнэлэгийн эрчимт эмчилгээнд орсон, миний биед тариа хийлгэснээс болоод тархинд цус харвасан, мөн зүүн нүдний дор гадны биет байна гэсэн дүгнэлт гарсан…

Намайг эмнэлэгт хэвтэж байхад “Инфинити” эмнэлэгийн ажилтан гэх хүн надад “хамар өндөрлөх тариа хийлгэж утас гүйлгэхэд хурууны өндөгнөөс цус авахад ялгардаг цустай ижил хэмжээний цус гардаг судас дайрсан тохиолдолд л их хэмжээний цус гардаг.

… Би зөвхөн эрүүндээ филлер хайлуулах тариа хийлгэх гэж очсон. Урьд нь би тэр эмнэлэгт арьс чангалах эмчилгээг хоёр удаа хийлгэж байсан. Энэ үед эмнэлгийн захирал Цэрэнноров “эрүүний чинь филлер хайлахгүй бол дахиад ирээрэй, манайх үнэгүй дахиж аппаратанд оруулна” гэсэн. Ингээд 3 дахь удаа очсон нь ийм зүйл болсон. О эмч “та наад эрүү гэж байхаар хамраа өндөрлөчихөөч, ёстой гоё болно, жижигхэн царай чинь тодроод гоё болно, хөөрхөн ч нүдтэй юм байна” гэсэн. Би үнийг нь асуугаад “хэр хугацаа орох юм бэ, би буцаад ажилдаа явна шүү дээ хавдах уу хөхрөх үү” гэж асуусан. Гэтэл О нь “асуудалгүй, хавдахгүй харин жоохон хөхөрч магадгүй” гэсэн. Тэгээд би за ч гээгүй байж байтал эрүүнд 4-5 удаа тарьснаа шууд хамар луу час хийтэл хатгасан. Намайг зөвшөөрөөгүй байхад тарьсан. Мөн эрсдэл тайлбарлаагүй, гарын үсэг зуруулаагүй, тарьлаа гэж анхааруулж хэлээгүй…” гэдгийг хэлсэн юм.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгасан. Шалгалтын явцад Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны долдугаар сарын 18-ны өдрийн 8525 дугаартай: “… С.Э-ийн биед зүүн нүдний хараагүйтэл, тархины зүүн дух, зулай, дагз баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын угалзанд шарх, дух, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.21, 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт гарсан байна.

Энэ хэргийн талаар алдаа гаргасан эмч Ё.О: “…“2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр “Инфинити” арьс гоо заслын эмнэлэгт байрандаа байх үед Э гэдэг үйлчлүүлэгч ирсэн. Э нь манай гоо сайханч Мартыг асууж ирсэн. Март тэр өдөр амарч байсан. Манай ресепшн Батчимэг надад “Захирал сая ярилаа, энэ хүнийг эрүү хэсэгт нь аппаратанд дахиад оруулаад өгчих гэнэ ээ” гэсэн. Би Э-эй уулзсан. Би мэдээ алдуулах судас агшаах тос, эрүү болон хамар хэсэгт нь түрхсэн. Ингээд15-20 минутын дараа эхлээд эрүүнд филлер хайлуулах тариа хийсэн. Дараа нь хамарт нь дахиад мэдээ алдуулах тариа тарьсан. Уг тариаг хамрын үзүүр болон уг хэсэгт тарьж мэдээ алдуулсан. Дараа нь бүдүүн зүүгээр хамрын үзүүрт нүх гаргасан. Энэ үед хатгасан нүхээр цус гарсан. Тэгээд цусыг тогтоогоод дараа нь коллагентэй утас хийсэн. Дараа нь толинд харуулсан. Э “Хүүе ээ, ийм хурдан юм уу, хүн мэдчихгүй байгаа, би буцаад ажилдаа очих ёстой” гэж хэлж байсан. Би “бага зэрэг хавдах байх, гэхдээ хүн анзаарахаар хэмжээний өөрчлөлт байхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд хамарны уг руу филлер тарьж эхэлсэн. Тарьж эхлээд удаагүй байтал Э “нүд эвгүй болж байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би тарихаа зогсоосон. Зүүгээ сугалж аваад бэлэн хажууд байсан филлер хайлуулах тариагаа хамрын угт тарьсан. Э “нүд эвгүй болоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд багш Алтанзул руу залгасан. Алтанзул багш бол Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Арьс гоо заслын багш юм. Болсон явдлыг багшид хэлтэл багш “филлер хайлуулах тариа хий, үрэвсэл харшлын эсрэг тариа хий, судас тэлэгч эм өг” гэсэн. Өөрөөр хэлбэл “дексаметазон, виагра” хэрэглэх ёстойг зааж өгсөн. Ингээд дексаметазон тариа нь бэлэн байсан учраас тариаг өгзөгний булчинд хийсэн. Виагра эм байхгүй байсан учраас сувилагчийг эмийн сан руу авчруулахаар явуулсан. Тэгээд 103-т дуудлага өгч нэгдүгээр эмнэлэгт очсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн өдөр шинжилгээнүүд хийсэн боловч онош тогтоогдоогүй. Маргааш нь илүү нарийвчилсан шинжилгээнд орсон чинь “тархинд нь 2-3 газар жижиг хэмжээний цус харвалт үүссэн байсан” гэсэн онош тогтоогдсон. Эмчилгээний аюулгүй байдал стандарт, тэрэн дотороо коллагентэй утсыг хамарт хийх болон филлер тарилгаар хамар өндөрлөх эмчилгээг тус эмнэлгийн даргын баталсан арга, аргачлал, эмнэлэл зүйн зааврыг баримталж ажилласан. Мөн эмчилгээ хийх бүх үйлдлийн үед ямар эмчилгээ хийх гэж байгааг дэс дарааллаар тайлбарлаж, гарч болох эрсдэлүүдийг дурьдаж, эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар арга хэрэглэх ёстой гэдгийг хэлж тайлбарлаж байсан… Э-ийн хувьд өмнө нь эрүүндээ их хэмжээний филлер шахуулж байсан нь харахад мэдэгдэж байсан. Мөн барьж үзэхэд илүү мэдрдэгдэж байсан. Хамрандаа хийлгэж байсан эсэх нь харахад мэдэгдэхгүй байсан. Гэхдээ өөрөө надад хэлэхдээ “Солонгост байхдаа 10-аад удаа хамартаа, хацартаа эрүүндээ хийлгэж байсан. Эрүүнийх үлдээд хайлахгүй далийгаад байдаг учраас энийгээ янзалмаар байна, хамарных болохоор хайлсан” гэж хэлж байсан. Надад хэн ч туслаагүй. Гоо сайхны эмчилгээг ганцаараа хийдэг. Хүндрэл үүсч байх явцад дэргэд өөр хүн байгаагүй. Харин хүндрэл гарсны дараа нэг ажилтныгаа эмийн сан руу явуулсан. Тэгээд 103-т дуудлага өгч нэгдүгээр эмнэлэгт очсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн өдөр шинжилгээнүүд хийсэн боловч онош тогтоогдоогүй. Маргааш нь илүү нарийвчилсан шинжилгээнд орсон чинь тархинд нь 2-3 газар жижиг хэмжээний цус харвалт үүссэн байсан гэсэн онош тогтоогдсон. Эмчилгээний аюулгүй байдал стандарт, тэрэн дотороо коллагентэй утсыг хамарт хийх болон филлер тарилгаар хамар өндөрлөх эмчилгээг тус эмнэлгийн даргын баталсан арга, аргачлал, эмнэл зүйн зааврыг баримталж ажилласан. Мөн эмчилгээ хийх бүх үйлдлийн үед ямар эмчилгээ хийх гэж байгааг дэс дараалан тайлбарлаж, гарч болох эрсдэлүүдийг дурьдан, эрсдлээс сэргийлэхийн тулд ямар арга хэрэглэх ёстой гэдгийг хэлж тайлбарлаж байсан” гэж мэдүүлэг өгсөн байна.

Үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, гоо сайханд хохирол учруулсан хэрэгт эмч Ё.О-аас гадаад, дотоод эмчилгээний зардалд 29.000.000 төгрөг, зээлийн хүүнд 4.680.000 төгрөг, нийт 33.680.000 төгрөг, “ЭМ СИ ГРАНД” ХХК-ийн “ИНФИНИТИ” эмнэлгээс гадаад, дотоод эмчилгээний зардалд нийт 32.414.680 төгрөг сайн дураар нөхөн төлсөн байна. Гэсэн ч үйлчлүүлэгч цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд зардал 88 360 000 вон буюу 202.344.400 төгрөг шаардлагатай байгаа ажээ.

Энэ бүхнийг эргэн сануулахын учир нь эмчилгээ, зардалд хэдэн ч төгрөг гаргаж, гаргуулж болно оо. Хамгийн гол нь алдагдсан эрүүл мэнд эргээд олдох уу гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. Гоо сайхан, мэс ажилбар түүний эргэн тойронд гардаг сөрөг үр дагавруудыг хаана хаанаа тооцож байхгүй бол хорвоог харахгүй болтлоо хохирно гэдэг харамсалтай гэхэд ч багадах хохирол билээ. Сайхан руу тэмүүлэхэд учир байна. Сайхан болгоход бүүр ч илүү хариуцлага үүрэх учиртай.

С.Саруул

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)