Д.Ган-Эрдэнэ: Хог хаягдлыг дахин боловсруулаад экспортод гаргахад жилдээ 100 орчим сая ам.долларын экспорт хийх боломжтой

Нийгэм, Эдийн засаг

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооны Дэд тэргүүн, “Мог пластик” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ган-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Хог хаягдлыг дахин бо­ловсруулна гэдэг иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой асуудал. Энэ асуудлыг дээр доргүй цөөн биш жил ярьцгааж байгаа. Тэгвэл өнөөдөр Монголд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр хэр олон байна? Хог хаягдлаа дахин боловсруулах ажлын явц, үр дүн нь ямархуу байдаг юм бол?

-Монголд 2019 оны тоо судалгаагаар хог хаягдал дахин боловсруулах 36 үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрт хог хаягдлын 17 нэр төрлийг  дахин боловсруулах хүчин чадалтайгаар төрөл зүйлээ ангилаад ажиллаж байна. Дахин боловсруулах үйлдвэрүүдэд маань нийтлэг нэг асуудал  тулгараад байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр, хог хаягдлын хэмжээ их байгаа ч түүхий эд болох дахивар нөөц нь төдийлөн хүрэлцээтэй биш. Улсын хэмжээнд 3,3 сая тонн хог жилдээ үүсч байна. Үүнээс Улаанбаатар хотод 1,4 сая тонн хог үүсдэг. Хог хаягдлын бүтцийн судалгааг харахад дахин боловсруулах боломжтой хог хаягдал нь нийт хог хаягдлынхаа 80 орчим хувийг эзэлж байгаа мөртлөө боловсруулж байгаа хэмжээ нь бага байгаад байдаг.  Үйлдвэрүүд нь хүчин чадлынхаа 30-50 хувьтай л ажиллаж байна. Тэгэхээр үүсч байгаа хог, дахин боловсруулах үйлдвэр хоёрыг  хооронд нь холбож байгаа дэд бүтэц гэдэг асуудал шийдэгдээгүй учраас өнөөдрийн ийм асуудал үүсчихээд байгаа юм.  Жишээ нь, хөрөнгөө оруулаад, үйлдвэр байгуулсан хувийн хэвшлийнхэн нь идэвх чармайлт гаргаад, хог хаягдлаа татан, төвлөрүүлэх  ажлаа бараг дангаараа хийгээд явж байна. Манайхаас бусад улсуудын жишгийг аваад үзвэл, төр нь тодорхой зохион байгуулалт, бүүр бодлогоор хог хаягдлыг дахин боловсруулах ажилд оролцож, тэр дотроо дэд бүтцийн асуудлыг нь дэмжиж, хариуцан ажилладаг.

-Манайд хог хаягдлыг дахин боловсруулах ажилд төрийн оролцоо бодлого дутаж байгаа юм байна. Тэгвэл энэ ажлын явцыг сайжруулахын тулд төрийн зүгээс яг яаж анхаарч, юу хийх ёстой вэ, Таны бодлоор...

 -Ер нь бол төрийн зохион байгуулалт, хотын болон салбар тодорхойлох яамны бодлого нь  холбогдох хуулиудаар дамжин хэрэгждэг байх. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэд бүтцээр хангахад зарцуулах, гуравдугаарт, хог, хаягдлыг дахин боловсруулж байгаа үйлдвэрүүдийг урамшуулал татаас хэлбэрээр дэмжих гэх мэт асуудлуудад анхаарч ажиллабал илүү үр дүнд хүрнэ. Бусад улсуудад хог хаягдлын нь төрөл зүйлээс хамаараад төр нь нэг тонн тутамд  200-400 ам долларын татаас олгодог. Татаас болон бусад   хуулийн дэмжлэгүүд хэнд хэрэгтэй, ямар учиртай юм бэ гэхээр дахин боловсруулах хог хаягдлын менежментийн үйл ажиллагаа, хувийн хэвшлүүдийн урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгч байдаг. Яагаад, тэднийг урт хугацаанд тогтвортой ажиллуулах гээд байна вэ гэвэл хог хаягдал гэдэг нь өөрөө буцаад нийгмийн эрүүл мэндийн болон орчны бохирдлын мөн байгаль экологи, эдийн засгийн хувьд том асуудал болж байдаг.  Монголд хаягдаж байгаа хог хаягдлыг дахин боловсруулах боломжтойг  нь боловсруулаад экспортод гаргахад жилдээ 100 орчим сая ам долларын экспорт хийх бүрэн боломжтой. Одоо бол 10 орчим хувийг л ашиглаж байна.

-Монголд байгаа хог хаягдлын үйлдвэрүүд нь хүчин чадлынхаа 30-50 хувийг л ашиглаж байгаа нь дэд бүтэцтэйгээ холбоотой гэсэн үг үү?

-Монгол Улсын хог хаягдлын талаас илүү хувь нь орон нутагт үүсч байгаа юм. Энэ  орон нутагт үүсээд байгаа хог хаягдлын 70-80 хувь нь дахин боловсруулах боломжтой.  Орон нутагт төвлөрсөн хог хаягдлууд Улаанбаатарт түүхий эд хэлбэрээр ирж чадахгүй байгаа шалтгаан нь энэ дахивар хаягдлын үнэ нь бага байгаа болохоор тээврийн зардлаа дийлдэггүй, овор хэмжээ ихтэй байдаг. Яг энэ асуудлыг шийдэхээр орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ-наас сүүлийн хоёр жилд төсөл хэрэгжүүлээд  21 аймгийг шахаж нягтлах, пресслэх төхөөрөмжөөр хангалаа. Энэ асуудлын нэгдсэн менежментийн асуудлыг “Мог пластик” гэдэг хог хаягдлын менежментийн компани хариуцаад хийж  байна. Энэ шахаж нягтруулах төхөөрөмж өгснөөр хог хаягдлын овор хэмжээг тав дахин бууруулж өгдөг. Тэгэхээр энэ утгаараа тээврийн зардал тав дахин буураад, орон нутагт энэ төрлийн аж ахуй хэрэглэж байгаа хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тодорхой хувиар ашигтай ажиллах эдийн засгийн суурь нөхцөл бүрддэг. Үйлдвэрүүдийн хувьд энэ онд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр доголдож, нийт үйлдвэрүүдийн 50 орчим хувь нь өнөөдөр зогсолтын байдалтай байна. Яагаад гэхээр ихэнх дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг дотооддоо  боловсруулахаас гадна экспортод гаргадаг. Түүний гол худалдан авагч нь БНХАУ байсан. Гэтэл энэ хил гаалийн зохицуулалт, Хятадын хөрөнгө оруулагчид  орж, гарах асуудал гээд үйлдвэрүүдийн маань үйл ажиллагаа нь зогсоод байна.

-Цар тахалтай хол­боо­той­гоор үйлдвэрүүд хаалгаа барьсан энэ үед тухайн аж ахуйн нэгжид төрийн дэмж­лэг туслалцаа гэж байна уу?  

-ЖДҮ эрхлэгч болон нийгмийн даатгал төлөгчид гээд нийтлэг авч байгаа арга хэмжээнүүдэд зарим нэг нь хамрагдаад явж байгаа. Яг түүнээс биш тусгайлан хогон дээр ажиллаж байгаа, энэ салбарт байгаа үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тусгайлсан дэмжлэг байхгүй, бусад ААН-үүдтэй л адилаар авч үзэж байгаа. 

Хүний биед орсон бичил биет хуванцрууд ямар нэгэн хорт хавдрын эх үүсвэр болдог

-Хог хаягдлаас мөнгө босгож болдог гэх ойлголт монгол хүний суурь ухамсарт суугаагүй асуудлын нэг болов уу. Тэгэхээр хог хаягдлыг төрөлжүүлэх, ангилан хаях асуудал нь иргэнээс эхэлнэ, тийм үү?

-Хог хаягдлын асуудлыг иргэд маань зөвхөн хог гэж хараад байдаг. Энэ нь буцаад нийгмийн эрүүл мэндийн суурь нөхцөл болоод байгааг олж хардаггүй. Хүн эрүүл байх гурван үндсэн суурь нөхцөл байгаа шүү дээ. Нэгдүгээрт, амьдралын зөв хэв маяг хоёрдугаарт, эрүүл чанартай, аюулгүй хоол хүнс гуравдугаарт, орчны бохирдлын асуудал байна. Эдгээр асуудлын эхний хоёрыг нь хувь хүн өөрөө шийдчихэж байгаа юм. Харин гурав дахь буюу орчны бохирдлын асуудал хувь хүнээс эс хамаараад байгаа нь харамсмаар.

-Энэ асуудал зөвхөн иргэн хүнтэй холбоотой гэж үү? Орчны бохирдол их олон зүйлээс хамаардаг бөгөөд харин ч төрийн оролцоо, үүрэг энд хамгийн их хамааралтай гэж харагддаг. Яагаад гэвэл иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй?

- Санал нийлж байна. Орчны бохирдлын асуудал нь нийгмээс, тодорхой бодлого шийдвэрээс хамаарч байгаа. .Жишээ нь, хуванцар хог гхаягдал гэлтгүй нефтийн үйлдвэрийн  хог хаягдлаас үүссэн полимер, хуванцар, резин хог хаягдлууд 200-400 жил байгальд шингэх хугацаатай. Энэ нь 200 жилийн хугацаанд ч гэсэн гэнэт шингээд алга болохгүй, цаг, минут, өдөр, хоногоор яваандаа задарч хүний нүдэнд үл  харагдах 0,0001 мм-ийн диаметртэй бичил биетүүд болоод агаар орчинд тархаж байдаг. Түүнийг мал, амьтад өвс, ногоогоороо дамжуулаад идэж байдаг. Бас газрын хөрсөөр дамжаад гүний усанд шингэж, агаарт дэгдэж хүмүүсийн амьсгалаар орж байна.   АНУ-ын Аризонагийн их сургуулийн хамгийн сүүлийн судалгааны дүнгээр бол хүний биед байгаа хуванцар, бичил биетийг тоолоод судалгааны шинжлэх ухааны аргачлал бий болгосон. Хүн жилдээ 50,000 ширхэг микро бичил хуванцрыг хоол хүнс болон агаар орчноосоо дамжуулан авч байна гэсэн судалгаа гарсан. Хүний биед орсон бичил биет хуванцрууд ямар нэгэн хорт хавдрын эх үүсвэр болоод байна. Манай монголчууд хог хаягдалтай холбоотой, орчны бохирдолтой холбоотой асуудал амьдралд нь хэрхэн тусч байна вэ гэдгийг мэдэхгүйтэй холбоотой асар их үнэт зүйлээ алдаад байна.

-Хоол хүнс, агаар орчны бохирдол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Монгол­чууд яг ямар буруу хэрэг­лээ­нээс татгалзаж, эрүүл мэндээ, байгаль орчноо хамгаалах ёстой вэ?

-Өрх айлын хэмжээнд бид хоёр асуудлыг дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, шанаганы хувьсгал хийе. Сүүлийн жилүүдэд хуванцар шанаганы хэрэглээ эрс ихэссэн. Хуванцар шанагаар гэр хорооллын болон ил гал дээр хоол хийдэг айлууд хамгийн халуун хоол цайгаа тогооноосоо авч хэрэглэдэг энэ нь өөрөө 180-200 градуст хайлах температуртай  материалаар хийгдсэн байдаг. Гэтэл тогооны маань ёроол 300-400 градусын халуун- тайгаар хоол, цай буцалдаг. Ингэж хайлах температураас өндөр  нөхцөлд байнга хоол, цайгаа хутгаж байгаа учир нүдэнд үл үзэгдэх хайлсан хуванцрууд хоол хүнсээр дамжиж хүмүүсийн биед орж байдаг. Хуванцар шанага ашиглаж байвал хамгийн хайртай хүмүүстээ хоол ундтай нь цуг хор  өгч байгаагаас ялгаагүй. Хуванцар шанага болон хуин сав хэрэглээд 10 хоногийн дараанаас хүний бие өвчлөхгүй ч 5-10 жилийн дараа хүний эрүүл мэндийн асуудалд үзүүлсэн сөрөг нөлөө нь илэрч, хамгийн гол нь хорт хавдрын суурь болоод байгааг анхаарах ёстой.Сүүлийн жилүүдэд хорт хавдар нэмэгдээд байгаа гээд харуусаад яриад байна. Гэтэл энэ аюулт өвчин юунаас үүдэлтэй байгаагийн уг үндэс суурийг сайн ухаж ойлгохгүй байгаагаас хэрэглээнийхээ онцлог, соёлд дадаж сурч чадахгүй байна. Энэ асуудлыг яагаад ярьж байна вэ гэвэл миний хувьд сүүлийн зургаан жил хог хаягдлын чиглэлээр ажиллалаа. 

-Хэрэглээний соёл, буруу хэрэглээнээс үүдэлтэй ийм ноцтой асуудлыг мэдэж, мэдэрсэн хүний хувьд Таны зүгээс танай компани яг юу хийж байна. Хуванцар шанага, сав суулга хортой тэр тусмаа бүүр хорт хавдар үүсгэдэг гэдгийг иргэдэд ойлгуулах нь хамгийн эхний асуудал? Эрүүл байх, хоггүй байхад иргэн бүрийн оролцоо чухал. Та ч иргэн шүү дээ.

-Яг энэ хуванцар хог хаягдлын асуудлыг судалгааны ажлаас нь эхлүүлж, олон улсын байгууллагуудтай хамтарсан гадаад,  дотоодын судалгаа, материал тайлангуудыг уншиж, танилцах явцад хог хаягдал, орчны бохирдол буцаад  хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж  байгааг олж мэдэх тусмаа яримаар, хэлмээр байгаа юм. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд хог хаягдлын менежментийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна .Монгол улсынхаа 21 аймгийг хоёр дахиа тойрч байна, зөвхөн хог хаягдлын асуудлаар. Төрийн байгууллагынханд  сургалт зөвлөгөө, бага ч болов төсвөөр хог хаягдлын менежмент яаж хийх вэ?  Энэ ажлыг яаж эрэмбэ дараатай зөв эхлүүлэх вэ? гэсэн чиглэлээр сургалтууд  хийж байна. 

-Яг тэр хуванцар шанага, сав суулганы хэрэглээг хэрхэн таслан зогсоож болох вэ?

-Гэр хорооллын болон хөдөө орон нутагт амьдарч байгаа айлууд маань цэвэр усны нөөцийн савыг дандаа хуванцар сав ашигладаг. Энэ сав нь ихэвчлэн химийн бодисны сав суулга байдаг. Энэ саванд ямар ч хүнсний бүтээгдэхүүн агуулах ёсгүй. Ялангуяа ундны усаа цэнхэр шар канистрнуудаарзөөдөг энэ бол болохгүй шууд устгалд орох ёстой.  Иргэд маань эцсийн сөрөг үр дагаврыг мэдэхгүйгээсээ болоод ундны усаа байнга хуванцар саванд хадгалдаг, зөөдөг. Энэ асуудал түрүүчийн ярьсанчлан сарын дараа нөлөө үзүүлэхгүй боловч нөгөө л 5-10 жилийн дараа өвчний,  хавдрын суурь болж байдаг. Улсаас барьж байгаа бодлого, нийтлэг хандлага юу вэ гэхээр ямар нэгэн нийгмийн эрүүл мэндийн, орчны бохирдлын асуудал үүсэхээр үүссэн асуудлын зөвхөн галыг нь унтраах үр дүнтэй нь тэмцээд байгаа юм. Зүй нь  уг асуудлын үндэс нь юу байна вэ гэдгээ тогтоож аваад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг эрэмбэ дараатай тоо судалгаа хийж, уг үндэстэй нь тэмцмээр байна. 

-Хог хаягдлыг дахин боловсруулах холбоо байгуулагдаад бас цөөн биш жилийг ардаа хийлээ. Энэ холбоо маань төр болоод төрийн байгууллагуудтай хэр ойр дотно буюу хэрхэн хамтран ажиллаж байна?

Хог хаягдлын холбоо үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байна. Холбоо маань 20 мянга орчим гишүүн дэмжигчтэй, хог хаягдлын салбартаа нүүр тулж  хамтран ажилладаг   100 орчим гишүүн байгууллагатай. Бид төрийн болон ТББ–ууд хувийн хэвшлийнхэнтэй хэнтэй нь ч хамтарч ажиллахад бэлэн байдаг. Бидэнд тооцоо судалгаа, гарц шийдлүүд байна. “Мог пластик” компани сүүлийн гурван жил хог хаягдлын менежентийн чиглэлээр дагнан  ажилласан.

-Хог хаягдлыг дахин боловсруулах эрх зүйн орчин манайд хэр сайн бүрдсэн бэ?

-2017 оны тавдугаар сард Хог хаягдлын хуулийг шинэчлэн найруулсан. Ингэснээр хог хаягдлыг дахин боловсруух ажилд ахиц дэвшлүүд гарсан. Нарийвчлан зохицуулах шаардлагатай зүйл бүлгүүдээр нь хувааж өгсөн. Тухайлбал, нэгдүгээрт, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ууд журмаа гаргаж батлах ёстой. Нийслэлийн журмууд 2019 оноос гараад эхэлсэн.  Хоёрдугаарт, хог хаягдлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг төрийн зүгээс эдийн засгийн урамшуулал, татаас олгох асуудал дээр шийдлийг боловсруулсан. Эко төлбөрийн тухай хуулийн төсөл бэлэн болоод, БОАЖЯ дээр байгаа. Одоо энэ хуулийг   яаралтай батлуулах нь нэн тулгамдсан асуудал. Энэ хуулиар юу шийдэх вэ гэвэл Монгол Улсад үйл ажиллгаа явуулж, худалдаа эрхэлж байгаа, импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирж борлуулж байгаа компаниудын бүтээгдэхүүний тодорхой  нэр төрөл дээр тухайн бүтээгдэхүүнээс үүссэн хог хаягдлыг боловсруулах зардал , хог хаягдлын менежментийг сайжруулах тэр зардлын сан үүсгэх хуулийн зохицуулалт хийгдсэн. Жишээ нь, би 10 000 ширхэг аккумлятор оруулж ирээд дотоодын зах зээл дээр борлууллаа гэхэд буцаагаад тэрнээс үүсэх хог хаягдал, боловсруулах зардалд  нь багахан хэмжээний эко төлбөр ногдуулаад тэр сангаасаа хог хаягдлыг дахин боловсруулах менежментийг хийж байгаа компаниудад санхүүгийн урамшуулал, дэмжлэг олгох, ингэснээр  улсын төсвийн оролцоогүйгээр ажиллах нөхцөл бүрдэх юм. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 

Я.МОНГОЛ

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)