Б.ОЧИРВААНЬ: ХҮН ДУРСАМЖААРАА АМЬДАРДАГ ГЭЖ АРГАГҮЙ ҮНЭН ҮГ ЮМ

Нийгэм, Эдийн засаг

   Жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аяллаа амжилттай дуусгаж олон хүнд өөрийгөө ялахыг, бас зорилгынхоо төлөө тууштай байхыг үзүүлж үлгэрлэсэн мундаг залуу Б.Очирваанийг танихгүй, мэдэхгүй хүн цөөхөн билээ. Тэгвэл тэрбээр цахим хуудсандаа бас нэгэн сонирхолтой зүйл нийтэлжээ.

Тэрбээр “Хүн дурсамжаараа амьдардаг гэж аргагүй үнэн үг юм.

Өнгөрсөн жил дугуйтай аялсан замаараа явахад бүх л дурсамж сэргэв. Замд явж байхдаа юу мэдэрсэн, хаана хаана зогсож, хоноглож, хаана хэнтэй уулзсан, аль хэсэгт тэнхээгүй болтлоо ядарсан гээд үнэхээр А, Б-гүй санах үнэхээр сайхан байлаа. Давсан өндөр даваануудаа харахад шүд зуугаад, хамаг хөлсөө дуслуулаад, орой дээр нь гараад хэцүү өрсөлдөгчөө ялсан юм шиг үнэхээр их баярлаж байсан өөрийгөө яг хажуугаас нь харах шиг боллоо. Машины цонхоор урдах замаа харахад замын хажуугаар явж байсан өөрийгөө дагаж яваа мэт. Дэндүү гайхалтай эх орныхоо үзэсгэлэнтэй байгалийн өнгийг харахад сэтгэл баясаж, мэлмий нээгдэх шиг аргагүй сайхан Монгол юм. Эх орондоо дэндүү урт, дэндүү тэвчээр шаардсан байгаль, цаг агаарын нөхцөлд явсан болохоор бүх дурсамж минь миний биеийн эд эс бүхэнд уусан шингэж. Дуусашгүй их дурсамжийн минь нэгэн гайхалтай хэсэг нүдний урд хөвөрсөөр нэг мэдэхэд Алтай хотод ирлээ.

Ингээд явсан чинь нэг мөсөн Турк хүртэл яваад аравдугаар сарын 24нд Фенербахчегийн эсрэг Манутдын тоглолтыг үзээд ирмээр ч юм шиг” гэжээ.