П.Сайнзориг: Казиногийн тухай хуулийн төсөлд долоо хоног бүр татварт ашиг орлогын 40 хувийг авъя гэж тусгасан

Улс төр

М.ДАВАА

   Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгч ярилцлаа. Тэрбээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль болон “Тавантолгой” ХК-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Учир нь тэрбээр Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш гурван сар болох гэж байна. Оны сүүлчээр томилогдсон учир жилийн тайлан гаргах, 2023 оны бизнес төлөвлөгөөг нь батлуулах зэргээр Компанийн хуульд заасны дагуу ажилласан билээ.

-Монголд казино байгуулах тухай асуудал урд нь яригдаж байгаад бүтэлгүйтсэн. Одоо дахиад казино байгуулах, хууль батлах асуудал яригдах боллоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг дуустал Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Тэгэхээр Монголыг зорин ирж байгаа хүмүүст юу үзүүлэх, хэрхэн үйлчлэх, ямар үйлчилгээ авч болох вэ гэдгээс эхлээд олон зүйлийг бодох зайлшгүй шаардлага гарч байна гэсэн үг. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас багц хуулийн төсөл өргөн барьсан. Аялал жуулчлалын тухай хууль, Казиногийн тухай хууль, Бооцоот морин уралдааны тухай хууль, Тааварт тоглоомын тухай хуулиудыг цогц байдлаар өргөн барьсан. Иймд Хөшигтийн хөндийн дагуул хотыг дэмжих, аялал жуулчлалын бүс нутаг бий болгох зорилгоор казиногийн зөвшөөрөл олгох асуудлыг хуулийн төсөлд тусгасан.

Казиногийн зөвшөөрлийг 300 сая ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийх буюу хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтаар олгоно гэж байгаа. Казино байгуулагдаад үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд дараагийн зүйл нь татварын асуудал юм. Казино хөгжүүлсэн Малайз улс, БНХАУ-ын Засаг захиргааны тусгай нэгж Макао-д туршигддаг татварын схемийг бид Казиногийн тухай хуулийн төсөлд судалж оруулсан. Өөрөөр хэлбэл долоо хоног бүр казиногийн татвараар ашиг орлогын 40 хувийг авъя гэсэн асуудал. Тэгээд өөр бусад байдлаар бол татварын асуудалд оролцохгүй. Одоогоор бол зүгээр ажлын хэсэг гарчихсан судалгаануудтай танилцаж байгаа. Бас тодорхой хуулийн төслүүдтэй танилцаад явж байгаа ажлын хэсэг дээр яг энийг ингэж өөрчилнө гэсэн тодорхой санал хараахан гараагүй байна.

-ААН-ийн дампуурлын асуудал яригдаж эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр ААН-үүд татварын асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Дампуурлын тухай хуулийг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа юм. Засгийн газраас Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Энэ хуулийн маань амин сүнс нь ерөнхийдөө өрийн сүлжээг бий болгохгүй байх бизнесүүд гэж харж байгаа. Өнөөдөр бизнесийн ёс зүйтэй ажиллах асуудал бий. Үүнд бизнес нь төлөвшиж амжаагүй байхад ашиг орлогоо хувийн хэрэглээндээ зарцуулчихдаг, мөн тухайн ААН маш олон зүйлээс шалтгаалж эрсдэлд ордог тал бий. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бий болгохгүйн үүднээс зохицуулалт хийх шаардлага бий.

ААН-ийн менежментийг нь сайжруулах асуудлыг хуулиар зохицуулаад өгвөл аль ч бизнесийн дампуурлаас гарах гарц нь, тоглоомын дүрэм нь ойлгомжтой болно. Эдгээрээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдад элдэв маргаан гарахгүй, бүх зүйл ойлгомжтой болно гэж үзэж байгаа. Ийм учраас Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зорьж байна.

-Та “Тавантолгой” ХК-д очоод ямар ямар ажил амжуулаад байна вэ?

-Тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийсэн. Төрийн хэмнэлтийн хууль зөрчигдөж, дэд захирлуудтай ажиллаж байсан. Нэгэнт хууль гарсан учир өөрчлөлт оруулсан. Тодорхой шийдвэрийг судалж гаргах шаардлагатай гэж үзэж, Судалгаа төлөвлөлтийн хэлтсийг байгуулсан.

-Засгийн газраас одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон орон нутгийн жижиг Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байна. Таны хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн БЭТ-өөс ямар нэг ялгаа, онцлог байна уу? 

-Хэдийгээр шүүмжлэлтэй асуудлууд байгаа боловч ТУЗ-өөр нь асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэдэг. ТУЗ-ийг орон нутгаас томилогдсон гишүүд болон 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл бүрдүүлж байна. ТУЗ-өөр бизнес төлөвлөгөөнөөс гадна өмнөх жилийн санхүүгийн тайланг хэлэлцүүллээ. Бүх ажлыг Тендерийн тухай хуулийн дагуу явуулах шаардлагатай. Тавантолгой ХК-д өмнө нь энэ зохицуулалт алдагдсан байсан. Тиймээс одоогийн байдлаар зөвхөн уулын ажил буюу хөрс хуулалтын ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл, борлуулах нүүрсээ ангилан овоолго хийж байна. Худалдан авах ажиллагааны газраас манай байгууллагын тээврийн тендерийг өнөөдөр /2023.03.06/ зарлана. Тэгэхээр цахим биржээр нүүрсээ борлуулах бэлтгэл бүрэн хангагдах юм. Цахим бирж буюу үнэ хаялцуулан борлуулахад уурхайн амны үнэ болох 100 ам.доллараас 173.3 ам.долларт хүргэн өсгөж зарсан. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьд нүүрсний үнийг 73 хувиар өсгөөд байна.

-Хувьцаа эзэмшигчдэдээ өндөр дүнтэй ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд ямар хэмжээний ашигтай ажилласан бэ?

-Тавантолгой компани өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 289 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. БЭТ томилогдсоноос хойш 21 хоногт жилийн борлуулалтын орлогын 16 орчим хувийг хийсэн. Өнгөрсөн жил тээвэрлэлтийн асуудал нааштай байсан учир компани ашигтай ажилласан.

-Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалтай холбоотой ямар нэг зөрчил илэрч байна уу?

-Компани ямар нэг програм хангамж дээр санхүүгийн бичилт хагас жилийн турш хийгээгүй. Мөн санхүүгийн анхан шатны баримтууд бараг байхгүйтэй адилхан, иймэрхүү нөхцөл байдалтай байсан. Холбогдох архив, бичиг баримтын бүрдэл хагас дутуу. Зарим хүмүүс нь “Уулын албанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хомс учир ажил хүлээлцэхэд бүх бичиг баримт алга болсон” л гэж байгаа юм. Маркшейдер болон нүүрсний хэмжилтийн бичиг баримтууд байхгүй гэх мэт хардлага үүсэх хүчин зүйлүүд байна. Тодорхой нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн компаниудтай худалдаа арилжаа хийдэг байсан. Санхүүгийн тайланд маш их хэмжээний засварууд, андуурсан гүйлгээ, илүү төлөлт, буцаан олголт гэх мэт зүйлүүд нь хардлага дагуулж байгаа юм. Анх ажил хүлээн авч байхад “Манайх 180 тэрбумын ашигтай гардаг” гэсэн мэдээллийг ерөнхий нягтлан өгч байв. Бид санхүүгийн шинэ баг гарган тооцоо хийхэд нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан. Он гарч татвар төлбөрүүдээ төлсөн боловч түүхэндээ хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ТУЗ-өөс гаргалаа. Монголын Хөрөнгийн биржид нээлттэй байгаа хувьцаат компаниудаас хамгийн өндөр дүнтэй буюу нэгж хувьцаанд 2743 төгрөгийн ногдол тараах шийдвэр гаргасан. 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр намайг БЭТөөр томилогдох үед Хөрөнгийн биржид нэгж хувьцаа 8200 төгрөгийн үнэтэй байсан. Хувьцаа оргил үедээ 16200 төгрөгт хүрсэн.

-Ер нь жижиг Тавантолгой хэр зэрэг потенциалтай компани вэ?

-Жижиг Тавантолгой буюу орон нутгийн Тавантолгой компанийг шилэн байдлаар ажиллуулбал маш их хэмжээний өгөөж өгч, Өмнөговьчууд төдийгүй говийн бүс нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах бүрэн боломжтой нь харагдсан. Засаглал алдагдсан байсан. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани бүх зүйл нь ном ёсоороо мэт харагдах боловч орон нутгийн 51 хувийг төлөөлж байгаа хүмүүс нь дан улстөрчид байна. Улстөрчид ТУЗ-д орохоор улс төрийн шийдвэр гаргана гэсэн үг. Тиймээс цаашид энэ компанийн орон нутгийг төлөөлж байгаа хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, бизнесийн суурьтай, хариуцлага хүлээн ажиллах чадвартай хүнийг томилох шаардлагатай гэж үзэж байна.

-Ирэх оны орлогын төлөвлөлтийг ямар байдлаар хийсэн бэ?

-Компани тээвэрлэлтээ эхлүүлж, нүүрсээ хилийн үнээр зарж эхэлбэл 2022 оны санхүүгийн үзүүлэлтээ хадгалахыг үгүйсгэхгүй. Энэ долоо хоногоос нүүрсний арилжаа хийгээд эхлэхэд ерөнхий багцаа харагдах болов уу.