Г.Наранчулуун: Отор нүүдлийн тухайд тухайн сум, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан тохиолдолд аль нэг яам, эсвэл нийгмийн сүлжээгээр зохицуулах боломжгүй

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунтай өвөлжилтийн байдал, отор нүүдэл, малын өвс,тэжээл, тусламж дэмжлэг зэрэг асуудлаар ярилцлаа.

-Өвөлжилт хүндэрсэн аймаг, сум хэр их байгаа вэ, огт бэлчээргүй зузаан цастай газар нутгийн тухайд болон МАА-н өвөлжилтийн нөхцөл байдлын талаар яривал?

-Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна. Өвөлжилт хүндрэх хамгийн их эрсдэлтэй 15 аймгийн 194 сум байгаагаас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг 8 аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжлээ. Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, ГовьАлтай, Баян-Өлгийн баруун, Увс,Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховдын өмнөд хэсгээр 1.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Багануурт 37.0 см, Увсын Давстад 23.0 см, Төв аймгийн Эрдэнэд 20.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 19.0 см, Завханы Баянтэс, Төв аймгийн Баянчандманьд 18.0 см, Хэнтийн Жаргалтхаан, Ховдын Булганд 17 см, бусад нутгаар 1-16.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Цас их сумдад зам гаргах ажил үргэлжлэн хийгдэж байна. Үүн дээр аймгууд шуурхай бүлгүүд ажиллуулж зам даваа нээх, малчны хотонд бэлчээр гаргах ажил тасралтгүй явагдаж байна.

-Отор хийж байгаа малчид, малын тоо, отрын нөхцөл байдлын талаар?

-Улсын хэмжээнд 21.0 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж байна. Өвөлжих хүндрэх эрсдэлтэй 11 аймгийн 160 сумын хэмжээнд 9.8 өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байна. Одоо отор нүүдэл үндсэндээ зогссон ч цас ихтэйн улмаас нүүлгэн шилжүүлэх ажил бага хэмжээгээр хийгдэж байна.

-Отроор яваа малчдаас тухайн сум орон нутгийн захиргаа татвар авдаг, мөн баг, нутгийн иргэд татвар нэхдэг зохисгүй явдал гардаг, аймаг сумд үүнийг зохицуулж байна уу, тухайн нутагт оторлохын тулд тусгайлсан шаардлага тавьдаг уу?

-Орон нутгууд тухайн жилийнхээ зуншлагын байдалд үнэлгээ хийж 8, 9 сараас эхлэн малчдаасаа судалгаа авч, бусад аймаг, сумдад нутаг үзэх, Засаг дарга нартай нь гэрээ хэлцэл хийж отор нүүдлийн зохицуулалтыг хийдэг. Гэрээ болон малын гарал үүслийн гэрчилгээ нь эрүүл бүсээс эрүүл бүс рүү орох эрхийг нь олгож байна гэсэн үг. Тиймээс отор нүүдэл хийхийн тулд шаардлагуудыг биелүүлэх ёстой. Тухайлбал, гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр малчид ямар нэгэн байдлаар өөрсдөө мэдэхгүй байж байгаад малын гоц халдварт өвчний голомт руу орох тохиолдолд бий. Эсвэл сэжигтэй бүс рүү орох ч тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бүгдээс урьдчилан сэргийлэх зорилгоор малын гарал үүслийн гэрчилгээг шаарддаг. Мөн очсон үед нь мал эмнэлгийн тархвар зүйн асуумжаар шалгахаас гадна малыг нь клиникийн үзлэгт хамруулдаг. Тухайн аймаг, бүсэд сүүлийн гурван жил малын гоц халдварт өвчин гарсан эсэх, малд нь одоогийн байдлаар ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тодруулдаг. Ер нь тодорхой шалгуурууд тавьж байж тухайн бүс нутаг руу оруулдаг гэдгийг малчид маань сайн анхаарч, биелүүлж чадваас аль аль талдаа хүндрэл, чирэгдэл үүсэхгүй. Энэ үйл ажиллагаанууд сүүлийн жилүүдэд харьцангуй тогтворжиж байгаа ч орон нутгийн удирдлагууддаа мэдэгдээгүй, мал эмнэлгийн гарал үүслийн бичиггүй хэнэггүй цөөн иргэд, малчид л бэлчээрийн маргаан үүсгэж буй харагддаг. Хэрвээ Засаг дарга нар хоорондоо гэрээ байгуулсан бол тэнд амьдрах малчдын нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ, мал эмнэлгийн үйлчилгээг тусгаж ямар нэг маргаангүй өвөлждөг. Ер нь тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг аль нэг яам, эсвэл нийгмийн сүлжээгээр зохицуулах боломжгүй. Харин малчдын хувьд өвөлжих малынхаа тоог цөөрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан өвс, тэжээлээ хангалттай бэлтгэн нутаг орондоо ая тухтай өвөлжиж, хаваржих нь хамгийн сайн шийдвэр юм.

-Малчдад олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг үзүүлэх тохиолдол цөөнгүй харагддаг. Ер нь яг ямар тусламж дэмжлэг үзүүлдэг вэ, өнгөрөгч оны тухайд ямар тусламж үзүүлэв?

-Тиймээ, эрсдэлийн үнэлгээ болон тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэгийг жил бүр л олгодог. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн кластер гэж байдаг. Энэ кластерын хуралд хоёр удаа эрсдэлийн үнэлгээ болон нөхцөл байдлыг танилцуулсан. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Монголын улаан загалмайн нийгэмлэг 1000 өрх тус бүрд 100 ам.долларын мөнгөн тусламж үзүүлсэн бол Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 1770 өрхөд 300 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэх гэж байна. Цаашдаа олон улсын байгууллагууд руу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас болон Онцгой байдлын ерөнхий газраас хүсэлт уламжилсны үр дүнд тусламж үргэлжлээд явагдана. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамгийн хүнд байгаа 51 суманд ямар тусламж үзүүлэх талаар төслийн бичиг баримт боловсруулж байна. Энэ мэтчлэн тусламж, дэмжлэгүүдийг олгосоор л байна.

-Энэ хавар хэдий хэмжээний мал төллөхөөр байна. Малын хорогдол хэр байна вэ?

-Өнгөрсөн 2022 он бол хамгийн их төл буюу 24.8 сая төл бойжуулсан, хамгийн их мал буюу 71.1 сая мал тоолуулсан он жил боллоо. 2022 онд малын хорогдол ч хэвийн хэмжээнд байлаа. 2023 он гарсаар 35.7 мянган толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Энэ нь оны эхний нийт малын 0.05 хувийг эзэлж байна. ХХААХҮЯ-ны дэргэд Шуурхай штаб ажиллан долоо хоног бүр орон нутгаас мэдээ, мэдээлэл авч байна. Цаг хүндрэх нь тодорхой үед малчид хээлтүүлгийн үед нийлүүлэгт оруулахгүй байх, эсвэл хээлтүүлэгчийг цөөн хоногоор тавих зэргээр зохицуулдаг. Энэ жилийн зуншлага тааруу байсан баруун болон говийн аймгуудын малчид ч энэ арга хэмжээгээ авсан. Тиймээс 2023 онд авах төлийг урьдчилан хэлэх боломжгүй ч манай улсын мал сүрэг 15.0 саяас доошгүйгээр өсөх болов уу.

-Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед Засгийн газраас ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

• Засгийн газрын тогтоолоор нөхцөл байдал хүндэрч буй Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах анги, ГовьАлтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Завхан аймгийн Отгон зэрэг сумдын ЗДТГ, ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийт 13-г олголоо.

• Мөн улсын нөөцөөс Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймгуудад тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймгуудад 1,171.0 тн өвс, 8,024.0 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгоход 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.

• Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр үхрийн түүхий мах 8.0 мянган тн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5.0 мянган тн-ыг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор батлуулсан 2022 онд 16.1 мянган тн мах, 28503 толгой мал экспортлогдлоо. Харин 2023 он гарсаар 2.0 мянган тн мах, 7900 толгой мал экспортлогдоод байна.

• Мах бэлтгэгч 12 аж ахуйн нэгжүүдэд 53.3 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгооод байна.

• Мөн Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар МУЗН, Дэлхийн зөн-Монгол, НҮБ-ын ХХААБ-уудаас 2300 орчим өрхөд 300-500 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхлээд байна.

-Ярилцсанд баярлалаа.