Говь-Алтайнхан “Хан Тайшир-100” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Нийгэм, Эдийн засаг

М.Даваадулам            

Говь-Алтай аймаг 2023 онд тохиох 100 жилийн ойгоо угтан нэлээд олон төрлийн үр бүтээлтэй ажил зохион байгуулж байгаагийн нэг нь одоогийн Говь-Алтай аймаг буюу Хан-Тайшир уулын аймгийн түүхэн замнал, хөгжил дэвшил, түүх соёлыг судлах, тус сэдвээр судалгаа хийсэн эрдэмтдийн сүүлийн үеийн бүтээл туурвил, санал дүгнэлтийг хэлэлцэх Эрдэм шинжилгээний хурал  юм.    Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд   Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор З.Лонжид, Нийгмийн ухааны дэд профeссор, түүхийн ухааны доктор Г.Пүрэвдорж, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профeссор Л.Тэрбиш, Түүхийн ухааны дэд профeссор, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар, Үндэсний төв архивын лавлагааны төвийн эрхлэгч С.Шижирбаатар, түүхийн ухааны доктор Д.Баярсайхан,  түүхийн ухааны доктор Б.Мягмаржав, түүхийн ухааны доктор Н.Баярцэцэг, түүхийн ухааны доктор Да.Эрдэнэбат, түүхийн ухааны доктор С.Энхжин, түүхийн ухааны докторант Н.Наранжаргал нар оролцож илтгэл тавьж, лeкц уншсан  юм.

Уг арга хэмжээг нээж Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үг хэлсэн бөгөөд тэрбээр “Аливаа улс үндэстэн түүхээсээ суралцаж, сайныг нь авч, саарыг нь мууг нь гээж цаашдынхаа хбгжил дэвшлийг тодорхойлдог. Ний нуугүй хэлэхэд 1990 оноос өмнөх 70 жилийг  ЗХУ, түүнээс урагш 150 гаруй  жилийн түүхийг  Манжууд бичсэн.Засагт Хан аймаг цаашлаад Хантайшир уулын аймаг ямар хэмжээнд судлагдсан, үүний үргэлжлэл нь Алтайчууд мөн үү, биш үү гэдгийг бүгдээрээ хэлэлцэж нэгэн ойлголттой болох хэрэгтэй байх. Өнөөдөр түүхийн талаар монголын урдаа барьдаг,  хамаг л том түүхийг бичиж байгаа эрдэмтдийг урьсан байгаа. Энэ түүхчид маань хойшид бидний баримтлах бодлого, түүхчид ямар бодолтой байгаа зэргээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийнэ. Тиймээс та бүхэн хэлэлцүүлэг, илтгэлээ сайн сонсож, идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Өнөөдөр бид түүхээрээ омогшиж, бахархахаас гадна түүхээсээ сургамж авах цаг үед ирсэн байна”гэдгийг онцолсон юм.

Эрдэм шинжилгээний хурлын  гол зорилго нь "Засагт хан судлал"-ыг хөгжүүлэх, түүхэн баримт сэлтийг судалгааны эргэлтэд оруулах, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ-100 түүхийн эмхтгэл хэвлүүлэхэд орших юм байна.