"Сонгох эрх гэдэг ямар гайхамшигтай болохыг мэдрэх цаг болсон"

Улс төр

"Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ-аас “Шударга сонгууль зохион байгуулахад сонгогчийн боловсрол яагаад чухал вэ” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Тус төрийн тус байгууллага нь сонгогчийн боловсрол, эрхийг хамгаалах, улс төрд зөв хүн гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой гэдгийг мэдээллийн эхэнд онцлов. “Зөв сонголт бидний ирээдүй” ТББ-ын тэргүүн С.Гантөр 

"Сүүлийн 30 жилд Монголын төрийн гаргасан хамгийн том алдаа нь сонгогчийн боловсролд анхаараагүй үлдээсэн явдал.

 

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 9.5-д Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, түүнд эрхээ хэрэгжүүлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо сонгогчийн боловсрол эрхэнд анхаарлаа хандуулж, тодорхой үе шаттай арга хэмжээ авахыг ийнхүү хуульчилсан. Гэвч энэ талаар хийсэн ажлууд дутмаг байдаг нь харамсалтай.

Сонгогчид бид сонголтоо зөв, хариуцлагатай хийх цаг ирсэн байна. Сонгогчийн боловсрол чухал, залуусын оролцоо маш чухал гэдэгтэй иргэд санал нэг гэдэгт итгэж байна. Сонгогчдын буруу сонголтын хор уршгаар ямар их буруу шийдвэрүүд гарч, эмгэнэлтэй нөхцөл байдал үүсэж буйг бид нүдээрээ харж байна. Энэ байдлаа халж, 2020 оны сонгуульд иргэд маань хариуцлагатай оролцох хэрэгтэй.

УИХ-ын сонгуулийн талаар ингээд ярихаар сонгууль болгож хараад байдаг. Бидний зүгээс хэн нэгэн, ямар нэгэн сонгуульд өрсөлдөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мөн манай байгууллагын бас нэг чиг үүрэг нь сонгууль хүртэлх хугацаанд тухайн тойргийн нэр дэвшигчид нам эвсэл хууль бус үйлдэл гаргахад хяналт тавих явдал. 

Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монголчууудын 30 хувь нь ядуу гэх ангилалд багтаж байна. Нийслэлийн гэр хороололд хэл мах хүрэхгүй мөнгөөр сонгуулийн саналыг худалдаж авах гэж оролдох жишээтэй. Иймэрхүү зүйлд манай сонгогчид хууртан саналаа өгчихөөд, худал ярьсан хүнээ хараадаг байдлыг битгий давтаасай гэдгийг манай төрийн бус байгууллага уриалж байна” гэв.

"Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ-ын гишүүн Т.Нямлхагва

 “Нам эвслийн дуу хоолой болдог олон төрийн бус байгууллага гарч ирдэг. Бид хараат бус байдлаар шударга үнэний дуу хоолой болох зорилготой. Иймд хэн, ямар нам эвсэл хууль зөрчиж ажиллаж байгаад анхаарлаа хандуулна. Мөн залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгох эрх гэдэг ямар гайхамшигтай болохыг мэдрэх цаг болсон. Мөн төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төр нөлөөлөх гэж оролдохгүй л байвал их баярлана” гэв.