“ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЖИШИГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНХИМ БАЙГУУЛНА

Нийгэм, Эдийн засаг

 

Орхон  аймаг 2022-2023 оны хичээлийн жилд орон нутгийн санхүүжилтээр  “Эрүүл хүүхэд” төслийг аймгийн ЗДТГ, БШУГ хамтран хэрэгжүүлж байна.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсролыг тэгш хүртээмжтэй, цогц хэлбэрээр олгох, эрүүл амьдралын дадлыг төлөвшүүлэх нь энэхүү төслийн зорилго юм.

    Мөн цаашлаад  эрсдэлтэй хүчин зүйлийг хувь хүн, гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын идэвх оролцоо, нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан төслийн үр дүнд бууруулахыг зорьж байгаа аж

Төслийн хүрээнд эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалтыг   энэ сарын 19,20-нд зохион байгуулсан байна.

 ОРОН НУТГИЙН САНХҮҮЖИЛТ 100 САЯ ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:

  • Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг кабинет байгуулж нээлттэй орчин бүрдүүлэх,
  • Эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх багшийг чадавхжуулах сургалтад үе шаттай хамтруулах, 
  • Эрүүл мэндийн хөтөч, үе тэнгийн сургагч багшаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхний амьдрах ур чадвар болон манлайллын чадварт нөлөөлөх үлгэрлэн дэмжих хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Орхон аймгийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 24 сургуульд 25 багш 19573 сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгон ажиллаж байна.  2021 оны статистик  үзүүлэлтээс харахад сурагчдын дунд хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчин нийт өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна гэх дүгнэлт гарсан байна.  
Мөн “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгаагаар сурагчдын 12.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 44.7 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 33.6 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 26.4 хувь нь түргэн хоол, цайны газраар тогтмол үйлчлүүлдэг, 56,5 хувь нь сургууль дээр хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс “Эрүүл хүүхэд” төслийг 2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлж сурагчдад эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь олгохыг зорьж байна.