ОРХОН АЙМАГ “ТАРЬСАН МОДОО ЭРГЭЕ” АЯН ЭХЛҮҮЛЭВ

Нийгэм, Эдийн засаг

Аймгийн Засаг даргын Тамгын газраас хаврын мод тарилтаар  мод тарьсан иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын  дунд “Тарьсан модоо эргэе” аяныг эхлүүллээ.
Орхон аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хаврын мод тарилтаар 11 байршилд 220 мянга гаруй мод тарьсан.  Тодруулбал, 6082 иргэн, 229 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 176203 ширхэг мод тарьжээ.  Тарьмал ойн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Чимээгүй хотын хамгаалалтын ойн зурвас, Цагаан чулуутын ам, А1001 авто зам дагуух ойн зурвас, Эрдэнэт хаалга  зэрэг газарт  11500 ширхэг навчит болон шилмүүст модыг тарьснаар   ойн талбайг 6 га талбайгаар нэмэгдүүлж 12.5 га талбайд хүргэсэн байна.

Иймд гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо өнгөрсөн хавар тарьсан модныхоо ургалтыг харахын зэрэгцээ  арчилж, усалхыг уриалж байна.  Намрын мод тарилт ирэх аравдугаар сарын 15-нд болно. Тэр болтол  гэр бүл, найз нөхдөөрөө мод тарьсан иргэд өөрийн завтай өдрөө цаг гарган тарьсан модоо эргээрэй. Байгууллага хамт олноороо мод тарьсан бол тухайн байгууллага дотоод зохион байгуулалтаар тарьсан модоо эргэхийг уриаллаа.

Өнгөрсөн хавар Засаг дарга С.Батжаргал  Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд “Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн” -г санаачлан байгуулсан.  Тус цэцэрлэгт хүрээлэнд хаврын мод тарилтаар хайлаас, шинэс, нарс, гацуур, өрөл, агч, монос, гүйлс, бүйлс, голтбор зэрэг 9153 тарьцыг иргэд гэр бүлээрээ суулгасан.

Тарьсан модны амьдралын хувийг тогтоох тооллого хийхэд 95-аас дээш хувийн ургалттай гэж гарчээ. Энэ нь  9153 ширхэг тарьцаас ердөө 101 ширхэг нь ургаагүй гэсэн үг юм.  Намрын тарилтаар  иргэн, аж ахуйн нэгжийн оролцоотой 50,000 ширхэг мод тарихаар төлөвлөжээ.