"ТОГЛОНГОО СУРАЛЦЪЯ" ТӨСӨЛ ОРХОН АЙМГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН БҮХ СУРГУУЛЬ ДЭЭР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

 Боловсролын ерөнхий газраас  цар тахалтай үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, нотолгоонд суурилсан сайн туршлага хуваалцаж, хамтран хөгжих зорилгоор  нийслэл, 21 аймгийн 142 сургууль дээр  "Тоглонгоо суралцъя” төслийг  энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд туршин хэрэгжүүлж байгаа билээ.

Орхон аймгийн  ерөнхий боловсролын II, VII, XIII, XV сургууль сонгогдож, үүнд шаардлагатай 12 сая төгрөгийн санхүүжилтийг Боловсролын ерөнхий газраас шийдвэрлэсэн.

 Аймгийн удирдлагууд уг төслийг төрийн өмчийн бүх сургууль дээр хэрэгжих нь зүйтэй гэж үзэж  орон нутгийн төсвөөс 48 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж, "Тоглонгоо суралцъя” төсөл  13 сургууль дээр хэрэгжиж эхлээд байгаа аж. Ингэснээр “Тоглонгоо суралцъя” төслийг төрийн өмчийн бүх сургууль дээрээ 100 хувь хэрэгжүүлж байгаа анхны аймаг болж байгаа юм. 

Төсөл хэрэгжиж байгаа 17 ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн 19 мянга гаруй сурагчдад төвшин тогтоох гарааны үнэлгээг хийжээ.

Өнөөдрийн байдлаар 3-5 дугаар ангийн 2500 орчим хүүхэд бүлгийн хичээлээс гадна нэмэлтээр монгол хэл, математикийн хичээлээр “Тоглонгоо суралцъя” дугуйланд хамрагдаж тоглонгоо суралцаж байна гэж мэдээллээ.