“МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САН ҮҮСГЭХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг
Монгол улсын хэмжээнд газрын мониторингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, газрын чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөллүүд нэг дор цугларч, “МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САН ҮҮСГЭХ” салбар дундын уулзалт, хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Дорнод Монголын хуурай тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хамтран зохион байгуулж байна.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт холбогдох чиг үүргийн Яамдууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Шинжлэх Ухааны Академийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, төслүүд зэрэг 80 гаруй холбогдох албан хаагч, судлаач танхимаар, орон нутгийн 30 гаруй байгууллагууд цахимаар оролцож байна.
Xэлэлцүүлгээр мониторингийн цэгүүдийн үйл ажиллагааг уялдуулан, өргөн хэрэглээнд ашиглахад салбар тус бүрт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар санал солилцох, мониторингийн цэгүүдээр дамжуулан цуглуулдаг мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг ашиглан, цөлжилт, газрын доройтлыг тогтоон, нөхөн сэргээлтийг оновчтой төлөвлөх боломжийг бүрдүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах арга замыг шийдвэрлэх талаар талууд харилцан санал солилцож байна.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдоос Салбар бүрийн газрын мониторингийн үйл ажиллагааг нэгдсэн дундын мэдээллийн сангаас ойлгомжтой, хурдан шуурхай мэдээлэл солилцох, оновчтой хариу арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэхэд хялбар байх зорилгоор тодорхой “ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ”-үүдийг боловсруулан, гаргах юм.