“АЧИТ ИХТ” ХХК ҮҮСМЭЛ ОРДООС БАЯЛАГ БҮТЭЭЖ ҮР ШИМИЙГ НЬ ТҮГЭЭСЭЭР

Нийгэм, Эдийн засаг

Уул уурхайн долоо хоног нэгдсэн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаа гол сэдвүүдийн нэг “Үүсмэл орд ашиглалт онол практикийн хуралдаан” өчигдөр боллоо. Катодын зэс боловсруулах үйлдвэрлэлээр улсаа төлөөлөн дэлхийд танигдах зорилго өвөртөлсөн “Ачит Ихт” ХХК “Олборлолтоос боловсруулалтад, боловсруулалтаас бүтээгдэхүүнд” уриан дор зохион байгууллаа. Үндэсний үйлдвэрлэгч, уул уурхайн салбарын томоохон төлөөллийн нэг тус компани орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүдрийн холимог овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Английн Лондоны металлын биржийн “А” зэрэглэлийн 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм.

Энэ оны байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр ДНБ-ий 0.6 хувийг бүрдүүлж, эдийн засагт хувь нэмрээ оруулсан гэдгийг дурдахгүй өнгөрөөж үл болно. Түүнчлэн манай улсын экспортод гаргаж буй боловсруулсан түүхий эд буюу катодын зэсийн 80 гаруй хувийг “Ачит Ихт” ХХК үйлдвэрлэсэн байдаг.

Монгол Улс экспортод гаргаж байгаа эрдэс баялгийнхаа 48.2 хувийг түүхийгээр нь, 50.7 хувийг баяжмал хэлбэрээр, 1.1 хувийг боловсруулан гаргадаг юм. Түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийн талаар өчигдөр салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ. 

“Ачит Ихт” ХХК 2006 оноос Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансаас хасагдсан, ядуу агуулгатай хүдрийн холимог овоолгыг гадаадын болон үндэсний томоохон компаниудтай хамтран судалгаа, туршилт хийсний үр дүнд хөрөнгө оруулалтын зээлээр бүтээн байгуулалтаа хийж, 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруул байсан билээ.

Уг компанийн гидрометаллургийн үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт 88 мянган тонн катодын зэс үйлдвэрлэж , энэ сарын байдлаар улсын төсөвт 247 тэрбум, НДШ-д 12 тэрбум, орон нутгийн төсөвт 8.3 тэрбум, бусад татвар хураамжид 7.3 тэрбум төгрөг төлсөн нь нийт 258 тэрбум төгрөг болж байна . Ашигт малтмалын хуулийн дагуу “Үүсмэл орд”-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсноор АМНАТ-д 22.3 тэрбум, гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрт ашиглалтын төлбөрт 17.4 тэрбум нийт 39.7 тэрбум төгрөгийг роялтид төлжээ. Мөн орон нутагт 220 гаруй ундсэн ажлын байр бий болгон, ундэсний 1500 ханган нийлүүлэгчээс 46.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, гэрээт 60 орчим ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ингээд дээрх хуралдаанд оролцогчдын байр суурийг хүргэе.

П.Цагаан: Монгол Улс зэсийн экспортоор дэлхийн топ 20 орны тоонд багтдаг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал П.Цагаан хэлэхдээ “Монгол Улс түүхий эдийнхээ нэг хувьд хүрэхгүй хувийг боловсруулж экспортолдог. Нийт арваад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож, баяжуулж гаргаж байна. Боловсруулж экспортолж буй хоёр компани л бий. Үүнээс боловсруулах үйлдвэр яагаад чухал вэ гэдгийг харж болно. Нэгдүгээрт, нэмүү өртөг технологийн арга барил, ажлын байр, чадвартай ажиллах хүчин бий болно. Боловсруулсан бүтээгдэхүүн нэг зах зээлээс хамааралтай биш, олон зах зээлд гаргана. Зах зээлийн үнийн савлагаанаас бага хамаарна.

Монгол Улс зэсийн экспортоор дэлхийн топ 20 орны тоонд багтдаг. Гэтэл боловсруулах түвшинд сураггүй. Жишээлбэл, 25 хувийн агуулгатай нэг тонн зэсийн баяжмалыг экспортлоход дунджаар 2000 ам.доллараар зарна. Харин дотоодын цэвэр цэс үйлдвэрлээд гаргавал 8000 ам.доллараар зарах боломжтой. Хэрвээ зэсийг нунтаглаад гаргавал 10000 ам.доллараар зарна. Тэгэхээр боловсруулалтын түвшин ахих тусам Монгол Улсад үүсэх нэмүү өртөг, ажлын байр, технологи дагаж хөгжинө. Энгийнээр тайлбарлавал, бид малаа амьдаар гаргах бус нядлаад бэлтгээд гаргахтай адилхан. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ үүний ард хүндрэл бэрхшээл бий.  

Боловсруулах үйлдвэрт эрчим хүчний найдвартай хангамж, төмөр зам, дэд бүтэц хэрэгтэй. Энэ төрлийн үйлдвэр урт хугацаанд ажиллаж байж эцсийн үр дүн нь гардаг. Тиймээс өртөг хямд зээлийн эх үүсвэр байх шаардлагатай. Төр засаг, хувийн хэвшил хамтарч ажиллах нь чухал. Эдгээр сорилтуудыг давахын тулд ямар боломж байгааг олж харах ёстой.

Манай зах зээл ойрхон байна. Шинэ уурхайнууд ойрын ирээдүйд байгуулагдах гэж байна. Ирэх 2024-2030 он гэхэд Монголд дахиад уул уурхайн салбарын тэсрэлт болох хандлагатай байгаа. Манай улс жилд 500-600 тонн зэс экспортолж байна. Дэлхийн хамгийн том зэс боловсруулах үйлдвэр жилд 600 тонныг боловсруулж буй. Тэгэхээр бид зэс олборлогч группийнхээ доор нэгдээд Монголд зэс хайлуулах үйлдвэр барих хэрэгтэй. Бидэнд хийх ажил олон байгаа.

Ямар ч уурхайд заавал хаягдал гардаг. Овоолго шороо эсвэл цөөрөм бий. Овоолго, цөөрөм дотор үнэт металлыг агуулсан ямар нэгэн хэсэг байгаа. Тэр нь эдийн засгийн хувьд үр ашигтай юу, технологийн хувьд авч болохгүй юу гэдэг нь л асуудал. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаад уурхайн хаягдлыг боловсруулж, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрвэл ашиглаж болно гэх үүсмэл ордын зөвшөөрөл олгодог хууль эрхзүйн зохицуулалттай болсон” хэмээв.

П.Очирбат: Жилд боловсруулж буй зэсийн гурав орчим хувийг гидрометаллургийн аргаар гарган авч байна

“Ачит Ихт” ХХК-ийн Инженернингийн багийн ахлах П.Очирбат “Үүсмэл ордын ашиглалт ба туршилт судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Дэлхийд жилд 22 сая гаруй тонн зэс үйлдвэрлэж байна. Үүний 80 орчим хувийг флотац аргаар, 20 орчим хувийг гидрометаллургийн буюу үүсмэл ордыг боловсруулах технологийн аргаар боловсруулж байна. Харин Монгол Улсын хувьд жилд боловсруулж буй зэсийн гурав орчим хувийг л гидрометаллургийн аргаар гаргаж авч байгаа. Үүнээс дүгнэхэд бид зэсийн ордыг гидрометаллургийн аргаар боловсруулан дэлхийн дунджид хүрэх боломж байгаа. Баяжмалын 70 гаруй хувь нь шороо байдаг. Үлдсэн 20 гаруй хувь нь зэсийн эрдэс байна. “Ачит Ихт” ХХК эцсийн бүтээгдэхүүн буюу цэвэр зэс гаргаж байна. Тухайлбал, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэн экспортолдог” гэв.

Б.Дэлгэрсайхан: Хайгуулын ажил хийгдэхгүйгээр уул уурхайн хөгжлийг ярих боломжгүй

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Өнөөдөр энэ уул уурхайн зөвлөгөөнд гурав дахь өдрөө сууж байна. Ер нь гадна дотнын хөрөнгө оруулагч нарыг төлөөлж ирсэн улсууд ихэнх гол асууж байгаа юм бол танай хууль эрх зүйн орчин хоцрогдсон байна. Ашигт малтмалын хуульдаа өөрчлөлт хийх үү, зарим нэг хуульд хуулийн хуучин заалтуудад нэлээн эмзэг хандаж байна, тухайлбал төр засаг цаашаа тогтвортой байх уу гэж асууж байна. Тийм учраас мэдээж Монголын төр 1996 оноос хойш нэлээн тогтвортой явж ирснийг бид тайлбарласан. Хоёрдугаарт уул уурхай, ашигт малтмалын энэ хуульд өөрчлөлт оруулахгүй, цаг үеэ дагасан ийм өөрчлөлт оруулахгүй бол гаднынханд одоо эмзэг туссан нэлээдгүй олон заалт байгаа. Дээрээс нь манай улс өөрөө бас хохирох ийм олон заалтууд бас байна, тухайлбал хоёрхон заалт ярья. Нэгдүгээрт сүүлд 2017 онд ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энд Байгаль орчны яамны Байгаль орчны газраас дүгнэлт гаргаад ашиглалтын лицензийг хүчингүй болгодог явдалд гаднынхан нэлээн эмзэг тусаж байна.шүүхээр шийдэгдэх, асуудал тийм учраас танайх ингээд шууд, бид нарын хөрөнгө оруулалтыг хоёр яамны шийдвэрээр хүчингүй болгох юм байна энийгээ та нар эргэж харах уу гэж асуусан. Ашиглахын тухай хуульд  эргэж харах ёстой заалтын нэг мөн гэж би хэллээ. Цаашдаа ч гэсэн энэ намар орж ирэх ашиг малтмалын хуульд өөрчлөлт оруулахад  энийг анхаарна гэдгийг бас хэлсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох хэрэгтэй, хайгуулын ажил хийгдэхгүйгээр уул уурхайн хөгжлийг ярих боломжгүй. Ер нь бол энэ хайгуулын лицензийг дэндүү хумьснаараа бид нэг талаар гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаа больчихсон юм байна. Хоёрдугаарт ер нь лиценз цөөхөн л байвал болно гэдэг ийм буруу мессеж, ард иргэдэд их тарсан. Гурав дахь хор уршиг бол ерөөсөө хайгуулаа  хийж байхгүй бол 1-2 жилийн дараа дахиад Оюутолгой шиг орд олох уу, үгүй юу гэдэг асуудал бол их том асуудал.Үндсэндээ байнгын хорооны хурал дээр манай уул уурхайн өмнөх сайд хэлж байсан. Хайгуулыг хийлгэхгүй байгаа явдал бол гэмт хэрэг шүү гэж энэ үнэн яагаад гэхлээр ирээдүйд бид нар хайгуулыг хийгээд яг газар доороо юутай байгаа юм бэ гэдгээ мэдэж байж хэдэн орд байгаа юм гэдгээ мэдэх хэрэгтэй. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны татварын гурван хувь орон нутагт үлдэнэ гэдэг хуулийн заалт байгаа. Энэ амьдрал дээр хэрэгжихгүйгээс болоод ард иргэд бухимдаад байгаа юм, ялангуяа уул уурхай ихтэй манай Дорноговь аймаг Монгол Улсад хамгийн олон лицензтэй, уул уурхай ихтэй аймаг. Тийм ч учраас бол Дорноговь аймгийг Монгол Улсын Засгийн газар хүнд аж үйлдвэрийн бүс нутаг болгож хөгжүүлнэ гээд албан ёсоор одоо зарлачихсан, бид ч тэрний төлөө маш олон үйлдвэр байгуулж байна. Дорноговь аймагт одоо үйлдвэр байгуулах боломж бололцоог бүрдүүлж өгсөн. Тэгэхээр энэ гурван хувийг нь хуульд заасны дагуу орон нутагт үлдээвэл ард иргэдийн сэтгэл ханамж болоод бухимдах явдал багасна гэж бодож байна. Бид дандаа ингээд байж болохгүй, энийг бол эдийн засгийн механизмаар шийдэх л асуудал, тийм учраас бол энэ заалтаа биелүүлэх ёстой” гэлээ.

Ч.Цогтбаатар: Дотооддоо катодын зэс үйлдвэрлэчихвэл дараагийн шатны үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийн бодлого тусгагдсан. Энд 4-5 чиглэлийн боловсруулах үйлдвэрийн асуудал яригдаж байна. Эхний  асуудал бол  бид нарын өнөөдрийн ярьж байгаа энэ зэстэй холбогдолтой, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн асуудлыг тусгасан. Үүн дотроо Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах, зэсийн баяжмалыг дахин боловсруулж катодын зэс  гаргах үйлдвэрийн асуудал тусгагдсан байгаа. Одоогоор туршилт судалгааны түвшинд явж байна, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Цаашид нарийвчлах юм зайлшгүй гарч байгаа, ихэнх нь боловсруулалтгүйгээр буюу хагас боловсруулагдан экспортлогдож байна. Энэ нь ямар сөрөг үр дагавар гарч байна гэхээр тээврийн зардал өссөн. Зэс гэхэд 20 гаруй хувийн агуулгатай зэсийн баяжмал гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр 20 гаруй хувь нь зэс дагалдах бусад зүйл нь шороо үндсэндээ 70 гаруй шороо гэсэн үг. Иймд дотооддоо катодын зэс үйлдвэрлэчихвэл дараагийн шатны үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Дэлхий  нийтэд зэсийн хэрэглээ өсөж байна зөвхөн катодын зэс гэхээсээ илүү зэс утас, цахилгаан тоног төхөөрөмжийн хэрэгсэл, барилгын материал мөн бүх зэс хоолой, турбанд ашиглаж байна” гэсэн юм.

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол чухал хэсэг, цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх учраас “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг жил бүр зохион байгуулах аж. Ингэснээр уул уурхайн салбар тогтвортой хөгжих, улс төр, хууль эрх зүйн орчин тогтвортой болж, иргэд олон нийтийн ойлголт мэдээлэл сайжирч, ул суурьтай хардаг болох гээд олон чухал үр дүн бий болох боломжтой юм.

Арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар өргөн дэлгэр хэлэлцэх аж.