Ардчилсан намын төлөөлөгчид ХБНГУ-д ажиллаж байна

Улс төр

Ардчилсан нам гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхэд онцгой  анхааран ажиллаж байна. Үүний хүрээнд, Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнд Ардчилсан намын төлөөлөгчид оролцсон бол энэ удаад ХБНГУ-д ажиллаж байна.

 Ардчилсан намын төлөөлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 12-нд ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн Ази Номхон далайн хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын дарга Др.Карстан Грабов, Конрад Аденауэрын сангийн олон улсын намын хамтын ажиллагааны зөвлөх Марсель Шепп, БНХАУ-ын Бээжин хот дахь “Конрад Аденауэр” сангийн Суурин төлөөлөгч Иоханн Фурманн нартай уулзалт хийлээ.

Монгол Улсад “Конрад-Аденауэр” сан  нь 1993 оноос эхлэн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байна. Сангийн зорилго нь нь Ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцад туслан дэмжих  зорилготой. Иймд Ардчилсан намын хувьд “Конрад Аденауэр” сантай нягт хамтран ажилласаар ирсэн байна. Ардчилсан намын төлөөлөгчид ХБНГУ-д хүрэлцэн ирсэнд “Конрад-Аденауэр” сангийн зүгээс талархлаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагаа улам үр дүнтэй үргэлжлүүлэхээ онцлон хэлж байв.

Уулзалтын эхэнд, “Конрад Аденауэр” сангийн Ази Номхон далайн хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын дарга Др.Карстан Грабов хэлэхдээ, “Монгол Улс бол дэлхийн томоохон хоёр гүрний дунд оршдог, Ардчиллыг хөгжүүлэхээр тэмцэж буй улс гэж хардаг. “Конрад Аденауэр” сангийн хувьд Монголын Ардчиллыг дэмжсээр ирсэн. Цаашдаа ч дэмжих болно. Монголын Ардчилалд дотоод болон гадаад хүчин зүйлийн дайралтууд байгаа.  “Конрад Аденауэр” сангийн хувьд, Монголд “Конрад Аденауэр” сангийн оффис дээр хэн байхаас үл хамааран бид үргэлж Ардчиллыг дэмжин тэтгэхийн тулд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана. Намыг гаднаас сульдуулахаас гадна дотроос нь сульдуулах вирус байж болохгүй. Хүний биеийг вирус өвчлүүлдэг шиг нам доторх вирус Ардчиллыг хүчгүй болгоно хэмээн зүйрлэн хэлье. Тиймээс Ардчиллыг хамгаалахын тулд Та бүхэн цуцашгүй, цаг үргэлж хүчин чармайлт гаргах ёстой гэлээ.

Мөн Ардчилсан намын дэд дарга Д.Бадарсан уулзалтын үеэр хэлэхдээ, “Монголын Ардчилсан намын төлөөллийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, Ардчилсан нам монголын улс төр дэхь нөхцөл байдал, Ардчилсан намын өмнө тулгарсан бэрхшээл, цаашид хийх ажлууд, төлөвлөгөөний талаар танилцуулав. Мөн Ардчилсан намын өмнө тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд  намын төлөөллүүд нэг ширээний ард сууж зөвшилцөх, ойлголцох нэгтгэх ажлуудыг эхэлсэн байгаа. Бид энэхүү сорилтыг амжилттай даван туулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэлээ.

Ийнхүү уулзалтын үеэр хоёр талууд цаашид хамтран ажиллах ажлын төлөвлөгөө болон хамтран хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдээ дүгнэн ярилцав.

“Конрад Аденауэр” сан нь ХБНГУ-ын анхны Канцлерын нэрээр нэрлэгдсэн сан юм. Конрад Аденауэрийг Канцлер байх үед тавигдсан Герман Улсын дотоод бүтэц, зохион байгуулалт болон гадаад бодлогын чиг хандлага нь өнөөдөр ч хадгалагдан уламжилсаар иржээ. Дэлхийн улс орнуудад “Конрад-Аденауэр” сан нь улс төрийн намуудтай (гол төлөв Ардчилсан намтай) хамтран ажиллаж залуу боловсон хүчинг бэлтгэх, орон нутгийн намын байгууллагын бүтцийн өөрчлөлтийг дэмжих гэсэн ажлуудыг хийж ирсэн байна.