МХЕГ Засгийн газрын харъяа байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавих агентлаг болно

Улс төр

Засгийн газрын ээлжит  хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.

Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага нь ёс зүйтэй, өндөр хариуцлагатай, бүтээмж өндөр төрийн албыг бүрдүүлэх, төрийн хууль биелүүлэх ажилд хяналт тавьж, Засгийн газрыг удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхий сайдад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллана. Засгийн газрын харъяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, бодлогын хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод, шуурхай байдлыг сайжруулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын дотоод хяналтыг хэрэгжүүлэх, Засгийн газрын харъяа байгууллагуудад  хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэгтэй агентлаг болох юм. МХЕГ  одоогоор 26 хяналт, нэг шалгалт, нэг  лабораторийн үйл ажиллагааг хариуцдаг. Эдгээрээс 40 орчим хувийг мэргэжлийн холбоод, ТББ-уудаар гүйцэтгүүлэх боломжтой судалгаа гарсан байна. Харин хүнс, эрүүл мэнд зэрэг иргэний амь нас, эрүүл мэндтэй холбоотой салбарын хяналт шалтгалтыг 9-11 яаманд шилжүүлэх боломжтой” гэв.  Дээрх өөрчлөлтийг 14 хоногийн дотор Засгийн газрын хуралд танилцуулах бөгөөд дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн барих аж.