Ходоод хоосон байж ойр зуурын ховоос хэтрэхгүй л суугаад байх уу

Улс төр

“Жижиг тугалын бэлчээр, жирэмсэн эхийн шээх газраас холдоогүй” гэж хол ойр явж юм үзээгүй хүний тухай хэлсэн монгол ардын нэг зүйр цэцэн үг байдаг.

Үүн  лүгээ өнөөгийн бид бол чухам л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй өчүүхэн ард түмэн болж таараад байна.Ойр зуурын явган хэрүүл, хэн нэгнийг муучлах болохоор уухайн тас өлгөж аваад л  олон нийтийн сүлжээгээр олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  бол сэтгүүлчид талцаад л үзэж тарна. Тухайн үйл явдалд оролцох нь бүү хэл, нүдээр үзээгүй хүмүүс хүртэл барин тавин шүүмжлэн цэцэрхэх. Баримт нотолгоотой, сайн мууг ялгаж салгасан бодитой бичвэр, тайлбар бичсэн нэгнийг “бөгс долоогч, хувь ашиг хүртэгч” хэмээн цоллож хамтатган газар доор оруулах.

“Эр эндэж, эрэг нэг нурдаг” гэгчээр хаа нэгтэй хэн нэг хүн алдаж эндэж, хэрэг төвөг тарьж болох. Тухайн нэг хүний тэр үйлдэл нь нэг хүнд, эсвэл хэсэг бүлэг хүнд хор нөлөө үзүүлсэн байж болох л доо.

Хамгийн сүүлийн жишээ Монгол-оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонгийн тухай асуудал. Нийгмээрээ л шүүн, ойр дэргэд байсан бол бараг л линчийн шүүхээр оруулах нь ээ.  Олонхийн чиг хандлага бол ердөө л энэ хүнийг зайлуулж, сургуулиа салгаж авъя гэцгээж байна.

Гэтэл энэ олон хүн чухамдаа асуудлын гүн рүү огт орсонгүй гэвэл ташаа болохгүй л болов уу. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гэдэг поп нөхөр сайд болсныхоо дараа “сургуулийн газрыг зарсан захирлуудтай хатуу хариуцлага тооцно” гэж хэлж байсан нь хэвлэлийн шарласан хуудас, олон нийтийн сүлжээний санд хадгалаастай л байгаа. Дээр нь Ж.Соронзон захирал 22 сая төгрөгийн цалинтай л гэцгээнэ.

Үнэхээр ийм бол манай поп эрхэм сайд энэ бүхнийг огт мэдээгүй, дуулаагүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж зүгээр л ажлаас нь чөлөөлөөд өнгөрч байгаа юм уу. Сургуулийнх нь биеийн тамирын талбайн дэргэд боссон орон сууцны олон давхар барилга энэ сургуулийн газраас гадна байгаа бол юу гэхэв. Хэдэн багш нар нь 500-600 мянган төгрөгийн цалингаар өр зээлийн дунд амьдарч байхад энэ захирал 22 сая төгрөгийн цалин авч байсан гэдэг нь хэн нэгний гүтгэлэг үү...Сургууль үнэхээр монголын боловсролын системд хамаардаг  юм бол өнөө төрөөс баталсан цалингийн сүлжээ мөрдөгдөх ёстой юм биш үү. Эсвэл сургуулиудын захирлууд өөрсдийнхөө цалинг өөрсдөө тогтоодог болсон юм уу. Энэ бүхнийг нягталж шалгаж,  тэр хүн буруугүй бол үнэнийг энэ олон нийтэд мэдээлэх ёстой биш үү.

Энэчлэн олон нийтийн сүлжээ, элдэв сайтын мэдээлэл, хэрүүл маргаан нь асуудлын зөвхөн өнгөн талыг шүргээд өнгөрсөөр байх уу.

Энэ бол ганц л жишээ. Та биднийг энд нэг бөх, нэг захирал, хэн нэг дуучижэ, таксины жолоочийн тухай шуугьж, өөр зуураа маргалдаж байхын зуур та бидний сонгосон, /магадгүй булхай луйвраар өөрсдийгөө сонгож томилсон/ энэ эрх баригчид, УИХ-ын гишүүд чинь үүнээс бүр аймаар аргаар та биднийг мөлжөөд, залилаад, улс орон газар нутгийг минь тоноод байхад бид ёстой л жижиг тугалын бэлчээрээс холдолгүй аар саархан зүйлээр хөөцөлдсөөр суух уу.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрд эргүүлээд авлаа, одоо манай барилгачид санаа зовох хэрэггүй л гээд байсан юу болов. Одоо тонн цемент 600 мянган төгрөг болж хэдэн барилгачид минь амаараа шороо үмхэхдээ тулаад байна. Цаана нь эднийхээ барьсан барилгыг худалдан авдаг, өнөөдөр орон сууц худалдаад авах бүү хэл хоногийн талхаа яая гэж байгаа та бид яах болж байна. Саявтар манай ахмадуудын гол хэрэглээ болсон хөнгөлөлтөөр олгодог эмийн үнэ огцом нэмэгдчихээд хөгшцүүл буурал үсээ үгтээхэд хүрээд байгаа. Инфляцийг нэг оронтой тоонд барина, ам.долларын ханшийг  1000 төгрөг болгоно гэсэн эрх баригчдын амлалт салхинд хийсч инфляц 16 хувь, нэг ам.доллар 3235 төгрөг болчхоод байхад бид таг чимээгүй. Харин ч бүр улс орон сэргэн мандаж, амьдрал цэцэглэж байна, манай ерөнхийлөгч, ерөнхий сайд ёстой мундаг хэмээн уухайлаад л суугаад байдаг.

Өнөө олон түмний гол индэр олон нийтийн сүлжээнд нь энэ талаар хэн нэгэн жишээ татан бичиж бухимдлаа илэрхийлбэл “Чи муу ардчилагч,чамаас, та нараас болж байгаа юм, одоо л өнөө маргаашнаас л манай хайрт удирдагчид наадахыг чинь засч залруулаад гар газар, хөл хөсөр болгоод өгнө” хэмээн загнах. Энэ  бүхнийг  илчээд эсэргүүцэж талбай дээр хэдэн хүн, ганц нэг нь гараад жагсвал галзуу солиотой, мэдрэл муутайгаар нь дуудах, цагдаа нар бариад хөл гарыг нь гинжлээд явбал “хохь нь” хэмээн тавлах.

“Тэмцэлгүй ард түмэн мөхдөг” гэсэн нэг үг байдаг гэдэг. Энэ улс орны толгойд гарсан эрх баригчид та бидний халаасыг цөлмөөд, одоо улс орон газар нутгаа  зарах дээрээ тулаад, харин бид өөрсдөө өнөө маргаашаа яая гэж байгаа атлаа тээр тэндэх нэг бөх дуучин, багш,таксины жолоочийн тухай шүүн хэлэлцээд л ходоод хоосон суугаад байгааг чинь ёстой “жижиг тугалын бэлчээрээс цааш холдоогүй” гэхээс яахав. Угаасаа ялихгүй зүйлийг ихээр анхаарч шуугьдаг та бидний энэ араншинг, улс орон ард түмнийхээ эсрэг ажилладаг энэ эрх баригчид, энэ авлигачид далимдуулан худал шуугиан дэгдээн өөрсдийнхөө бузар булай ажил, явуулгаас холдуулаад ч байгаа юм бил үү.